Шууд Chart

Германд энэ онд хэт халуунаас үүдэлтэй нас баралт 12,500-д хүрчээ

2026-08-14 09:18:47

Германд энэ оны хавар, зуны улиралд халуунтай холбоотой нас баралт 12,500 орчимд хүрсэн гэж тус улсын Роберт Кохын хүрээлэн (RKI) тооцоолжээ. Наймдугаар сарын 13-нд шинэчилсэн мэдээлэлд дөрөвдүгээр сарын 6-наас наймдугаар сарын 2 хүртэлх хугацааг хамруулсан байна.

Энэ нь Роберт Кохын хүрээлэн 2016 оноос халуунтай холбоотой нас баралтыг одоогийн аргачлалаар тооцож эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа талаар Германы хэвлэлүүд мэдээлжээ.

Энэ жилийн үзүүлэлт огцом нэмэгдэхэд зургадугаар сарын сүүлчээр Германыг хамарсан хүчтэй халалт голлон нөлөөлсөн байна. Тухайн үед улсын олон бүс нутагт агаарын температур 40 хэмд дөхөж, зарим газарт энэ түвшинд хүрчээ.

Роберт Кохын хүрээлэнгийн долдугаар сарын 9-нд нийтэлсэн 2026 оны 26 дугаар долоо хоногийн албан ёсны тайланд дөрөвдүгээр сарын 6-наас зургадугаар сарын 28 хүртэл Германд халуунтай холбоотой 5120 нас баралт тооцоолсон байдаг. Тухайн үеийн мэдээлэл бүрэн бус байсан бөгөөд хүрээлэн нас баралтын бүртгэл шинэчлэгдэхийн хэрээр сүүлийн долоо хоногуудын үзүүлэлтийг нөхөн тооцдог байна.

Халуунтай холбоотой нас баралтын тоог гаргахдаа Роберт Кохын хүрээлэн Германы Холбооны статистикийн газрын (Destatis) нас баралтын мэдээллийг Германы Цаг уурын албаны (DWD) цаг уурын 52 станцын температурын хэмжилттэй уялдуулан статистикийн загвараар тооцдог.

Хэт халалт нь ялангуяа өндөр настай болон зүрх судас, амьсгалын зам зэрэг архаг өвчтэй хүмүүст илүү өндөр эрсдэл учруулдаг. Өндөр температурын үед биеийн дулаанаа зохицуулах чадвар буурах, шингэн алдах, суурь өвчин хүндрэх зэрэг нь нас баралтыг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог.

Роберт Кохын хүрээлэнгийн тооцоо урьдчилсан шинжтэй бөгөөд Холбооны статистикийн газрын нас баралтын бүртгэл бүрэн шинэчлэгдэхийн хэрээр өмнөх долоо хоногуудын үзүүлэлтэд өөрчлөлт орох боломжтой. Тиймээс тус хүрээлэн халуунтай холбоотой нас баралтын мэдээллийг зуны улиралд тогтмол шинэчилдэг байна.

2026 оны үзүүлэлт ийнхүү наймдугаар сарын эхэн гэхэд 12,500 орчимд хүрсэн нь хэт халалт хүн амын эрүүл мэндэд ямар хэмжээний эрсдэл учруулж байгааг харуулж байна.


Албан ёсны эх сурвалжууд: Роберт Кохын хүрээлэн- халуунтай холбоотой нас баралтын албан ёсны тайлангийн сан, Германы Холбооны статистикийн газар (Destatis), Германы Цаг уурын алба (DWD).


Германд энэ онд хэт халуунаас үүдэлтэй нас баралт 12,500-д хүрчээ  
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй