Шууд Chart

Монгол сургуулиуд ОУ-ын “Эко сургууль”-ийн ногоон тугыг хүлээн авлаа

2017-10-11 14:55:47

Дунд сургуулийг “Эко сургууль” болгон баталгаажуулж, сурагч багш ажилчдын хандлагыг өөрчилснөөр  иргэдийг зөв дадалд уриалах эхлэл бий болно гэж Олон улсад үздэг байна. Тэгвэл манай улсад одоогоор 45 ерөнхий боловсролын сургууль “Эко сургууль” болоод байна.

Энэ сарын 8, 9-ны өдрүүдэд “Эко сургууль” хөтөлбөрийн үндэсний III чуулган  Олон Улсын хүүхдийн “Найрамдал”  цогцолборт болж, эко сургууль, цэцэрлэгийн  300 гаруй багш, сурагч, удирдах ажилтнууд, мөн БОАЖЯ, аймаг, нийслэлийн боловсролын газар, Дэлхийн байгаль орчны боловсролын сан, Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэг  зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо. Энэ чуулган Тогтвортой хөгжлийн боловсролыг Монгол Улсын боловсролын тогтолцоонд нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа хамт олны манлайлал, оролцоог дэмжин урамшуулж, тэдний дуу хоолойг олон нийт, төр захиргааны холбогдох байгууллагад уламжлан ахиц дэвшил цар хүрээг нэмэгдүүлэх зорилготой болдог.

Чуулганы үеэр  “Хүрэл гэрэгэ”, “Мөнгөн гэрэгэ” болон Олон Улсын Эко шошго “Ногоон туг” гардуулах ёслол боллоо. Энэ тухай чуулганыг зохион байгуулагч  Дэлхийн байгаль орчны боловсрол сангийн гишүүн “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв”-ийн гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг танилцуулахдаа, “Манай улсад анх удаа “Ногоон туг” шошгоор 3 сургууль шалгарч байна. Эдгээр сургууль бүх гишүүдийнхээ оролцоотойгоор орчин, сургалтын үйл ажиллагаа, эдийн засагт хэмнэлттэй байдлаараа, мөн хандлагаа өөрчилж чадсанаараа  ОУЭко гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх эхлэлээ тавьлаа” гэж  онцолсон юм.  

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр дунд сургууль, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 3 дугаар  сургууль,  Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын улсын тэргүүний бүрэн дунд сургууль ийнхүү анх удаа “Эко сургууль” хөтөлбөрийн  “Ногоо туг”-ын эзэн боллоо. Олон Улсын “Эко сургууль” хөтөлбөрт нэгдсэн  сургууль 7 сэдвээр  ажил  хийсэн байх шалгууртай. Үүгээр ногоон туг, хүрэл, мөнгөн гэрэгэ батламж олгодог байна. Гэхдээ эдгээр болзлыг хангалаа гээд насан туршдаа тухайн байгууллага эко болчихлоо гэсэн үг биш.  Хоёр жил тутамд үнэлгээгээ баталгаажуулах, сайжруулах ажлыг хийж , үнэлүүлж байх ёстой юм байна. 
Одоогоор манай улсад 45 дунд сургууль “Эко сургууль”  ОУ-ын хөтөлбөрийн “хүрэл гэрэгэ”-тэй болж байна. Үүнээс 21 нь “мөнгөн гэрэгэ”, 3 нь “ногоон туг” эко шошго авч амжилтаа ахиулаад байгаа аж.

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын улсын тэргүүний бүрэн дунд сургуулийн багш н.Туул:   Анх бүртгүүлж, батламж гэрчилгээгээ авснаас хойш эко байх алхмуудыг  тасралтгүй 6- жил хийж ирсэн.  Энэ хугацаанд хоггүй, эрчим хүч, эдийн засгийн хэмнэлттэй, ногоон байгууламжтай байх гээд олон ажил хийж, хэрэгжүүлж байна.  Сургуульдаа хогоо ангилдаг сав, цэг байгуулсан. Чөлөөт цагаараа  зөв, сайхан  амардаг орчин, дадлага ажлаа  хийдэг, туршдаг эко кабинет байгуулж,  дотуур байрыг цэцэгжүүлэх  ажил хийсэн”  Говь-Алтай аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн н.Мөнхжаргал, “Бид  хүн бүр нэг мод, цэцэг тарих  ажлыг жилд нэг удаа өрнүүлж хэвшлээ. Аймгийн бүх боловсролын байгууллагаа эко болгох зорилго тавиад байна.  Түүнчлэн “нэг сургалт-нэг ажил” гэсэн зорилт тавьж сургалт бүр дээр байгальд ээлтэй бүтээлч ажил хийж хэвшлээ” гэсэн юм.

Говь-Алтай аймгийн хувьд 16 сургууль, цэцэрлэг “Эко” болж олон улсад хүлээн зөвшөөрөгдөх батламжаа аваад байна.

С.Нарансолонго “Хурд” агентлаг
















Монгол сургуулиуд ОУ-ын “Эко сургууль”-ийн ногоон тугыг хүлээн авлаа  
Үзсэн: 5174 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Намжилмаа [103.242.47.xxx] 2017-10-19 15:19
Мундаг юмаа. Сургуулиудадаа баяр хүргэе

Бидэнтэй нэгдээрэй