Жил бүрийн гуравдугаар сарын 31-ний өдрийг дэлхий даяар Дэлхийн мэдээлэл нөөцлөх өдөр (World Backup Day) болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг 2011 онд санаачилсан бөгөөд дөрөвдүгээр сарын 1-ний хошигнолын өдрөөс өмнө мэдээллээ алдах эрсдэлийг сануулах зорилготойгоор тэмдэглэх болсон байна.
Дижитал технологийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр зураг, бичиг баримт, байгууллагын мэдээлэл, архив, судалгааны материал зэрэг чухал өгөгдөл цахим хэлбэрт шилжиж байна. Гэвч мэдээлэл алдагдах эрсдэл өндөр хэвээр байгааг олон улсын судалгаанууд харуулдаг.
Судалгаанаас үзвэл
- Хүмүүсийн 21 хувь нь хэзээ ч мэдээллээ нөөцөлж байгаагүй
- Дэлхий даяар минут тутамд 113 гар утас алдагдаж эсвэл хулгайд өртдөг
- Мэдээлэл алдагдах тохиолдлын 29 хувь нь санамсаргүй алдаа
- Хэрэглэгчдийн компьютерийн 10–20 хувь нь жил бүр вирус, хорт халдлагад өртдөг байна.
Мөн сүүлийн жилүүдэд кибер халдлага эрчимжиж, 2024 онд дэлхий даяар 5600 гаруй ransomware халдлага бүртгэгдсэн нь мэдээлэл алдагдах эрсдэл нэмэгдэж байгааг харуулж байна.
Байгууллагуудын хувьд мэдээлэл алдах нь илүү ноцтой үр дагавартай байдаг. Судалгаагаар
- Томоохон мэдээлэл алдагдсан байгууллагын 94 хувь нь бүрэн сэргэж чаддаггүй
- 51 хувь нь хоёр жилийн дотор үйл ажиллагаагаа зогсоодог
- Жижиг байгууллагын 70 хувь нь нэг жилийн дотор хаагддаг гэсэн дүн гарсан байна.
Мөн 2026 оны судалгаагаар
- Байгууллагын 67.7 хувь нь сүүлийн жилд ноцтой мэдээлэл алдагдалд өртсөн
- 40 орчим хувь нь кибер халдлагын улмаас чухал өгөгдлөө алдсан гэсэн тоо баримт гарчээ.
Иймээс мэргэжилтнүүд дараах энгийн аргыг зөвлөдөг байна.
- Чухал мэдээллийг тогтмол нөөцлөх
- Олон төхөөрөмжид хадгалах
- Үүлэн хадгалалт ашиглах
- Гадаад хадгалах төхөөрөмж ашиглах
Мөн “3-2-1” зарчмыг ашиглахыг зөвлөдөг. Үүнд
- 3 хувь мэдээлэлтэй байх
- 2 өөр төхөөрөмжид хадгалах
- 1-ийг нь өөр байршилд хадгалах арга багтдаг.
Дэлхийн мэдээлэл нөөцлөх өдрийн гол зорилго нь иргэд болон байгууллагуудыг мэдээллээ хамгаалах дадалтай болгох, цахим эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд оршиж байна.
Өнөөдөр мэдээллээ нөөцлөх нь зөвхөн техник технологийн асуудал биш, харин хувь хүн, байгууллагын аюулгүй байдлыг хамгаалах чухал алхам болж байна.
| ӨНӨӨДӨР: Дэлхийн мэдээлэл нөөцлөх өдөр | ||
| Үзсэн: 100 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.