Шууд Chart

Л.МӨНХТӨР: Газар тариаланчдын хувьд нэр хүндтэй шагнал юм

2013-11-29 16:35:45

МҮОНР-ийн “Ургацын Далай” нэвтрүүлэг энэ жил 49 дэх жилийн ойтойоо золгож байна. Тус нэвтрүүлэг нь өөрийн гэсэн нэрэмжит шагналтай бөгөөд энэ жилийн шагналын эзэд саяхан тодорчээ.

Энэ талаар “Ургацын Далай” нэвтрүүлгийг бэлтгэн явуулдаг МЗЭ-ийн болон Ч.Лодойдамбын нэрэмжит шагналтан, “Алтан өд” шагналт, Хэл бичгийн ухааны доктор, РТ-ийн тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч Л.Мөнхтөртэй цөөн хором хөөрөлдлөө.

 
Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн (МҮОНР) брэнд нэвтрүүлгүүдийн нэг болох “Ургацын Далай” нэвтрүүлгийн 49 дэх жилийн ой энэ жил тохиож байна. Тиймдээ ч энэ жилийн “Ургацын Далай” нэвтрүүлгийн нэрэмжит шагналын талаар ярилцмаар байна?
 
МҮОНР-гийн буурал нэвтрүүлгүүдийн нэг болох “Ургацын Далай” нэвтрүүлэг өөрийн гэсэн нэрэмжит шагналыг газар тариалан эрхлэгчиддээ олгоод нилээдгүй олон жил болж байна. Анх 1987 оноос эхлэн гурван жил дарааллаж гардуулсан. 1990 он гарч зах зээлийн нийгэм эхэлсэн үед хэсэг завсарлаад 2010 оноос дахин сэргэж, энэ жил дөрөв дэх удаагаа гардуулж байна. “Ургацын далай” нэвтрүүлэг маань өөрийгөө тойрсон зохион байгуулалт үйл ажиллагаа ихтэй, өөрийн гэсэн дуутай, брэндтэй нэр хүндтэй нэвтрүүлэг юм. Тэгэхээр энэ нэвтрүүлгийн нэрэмжит шагналыг авна гэдэг бол манай газар тариалан эрхлэгчдэд нэр хүндтэй явдал байдаг.
Манай нэвтрүүлгийн нэрэмжит шагналыг сүүлийн 3 жилд нийт 14 хүн 5 номинацад  авсан байдаг. Энэ жил ч мөн уламжлал ёсоороо 5 номинациар шилдгийн шилдэгүүдээ шалгаруулаад байна.
 
Энэ жил “Ургацын далай” нэвтрүүлэгт улсын хэмжээний хичнээн тариалан эрхлэгчид оролцов, дэвшүүлсэн 5 номинациудын эздийг хэрхэн шалгаруулж тодруулав?
 
Бид жил бүр “Ургацын Далай” нэвтрүүлгээрээ дамжуулж шагналын болзол, хугацаа зэргээ танилцуулдаг. Энэ жил нийт 4 аймгийн 10 гаруй сумаас 20 шахам тариаланч материалаа ирүүлсэн. Манай нэвтрүүлгийг Монголын Тариаланчдын Холбоо (МТХ) ивээн тэтгэж, хамтарч ажилладаг учраас тус холбооны мэргэжлийн багийн бүрэлдэхүүнтэйгээр шалгаруулж тодруулсан байгаа.
 
Ингэхэд энэ жилийн хувьд “Ургацын далай” нэвтрүүлэг нийт хичнээн  нэвтрүүлэг бэлтгэж сонсогчиддоо хүргэсэн бэ?
 
Манай нэвтрүүлгийн явуулын редакц газар тариалангийн бүс нутаг болох 7 аймгийн 40 орчим сумаар явж нийтдээ 22 дугаар бэлтгэж радио долгионоор цацсан байгаа.
 
Тодорсон шилдэг тариаланчдаа хэзээ нийтэд танилцуулж, шагналыг гардуулах вэ?
 
Ирэх долоо хоногт буюу 12 дугаар сарын 03-нд МҮОНР болон МТХ хамтарч МҮОНР-ийн Их студид шагнал гардуулах ёслолыг албан ёсоор зохион байгуулана. Энэ өдөр Балжиннямтай сайн өдөр байгаа болохоор бид бас их бэлгэшээж байгаа.
 
Тус нэвтрүүлгийг эрхлэж явуулдаг хүний хувьд энэ жилийн нийт ургацын байдлыг дүгнэвэл ямар байсан бэ?
 
Энэ жилийн ургац урьд жилүүдийнхтэй ерөнхийдөө адил түвшинд хүрсэн. Улаан буудай, төмс зэрэг нь иргэдийнхээ жилийн хүнсний хэрэгцээг хангасан. Харин хүнсний ногоо иргэдийн нийт хэрэгцээний 60 гаруй хувийг хангахаар хураагдсан мэдээтэй байна. Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийнхээс нэг онцлогтой байсан зүйл нь юу гэхээр цаг агаарын саатал их байсан, манай тариаланчид цөөн хэдэн хоногийн нартай өдөр маш шаргуу ажиллаж тариагаа хурааж авсан.
Тэгэхээр тарилан эрхлэгчид маань энэ жил ургацаа бүрэн гүйцэд хурааж авч чадав уу, хэдэн хувийн алдагдал хүлээсэн бэ?
 
Цаг агаарын байдлаас болоод 20-иод хувийн хоргодол үүссэн. Гэсэн хэдий ч дотоодынхоо хэрэгцээг хангахуйц хэмжээний цавуулаг сайтай урсамтгай биш улаан буудай хурааж авсан.
 
 
 
О.Энхмаа
 

Л.МӨНХТӨР: Газар тариаланчдын хувьд нэр хүндтэй шагнал юм  
Үзсэн: 2025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй