Шууд Chart

Дорноговь аймагт Олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ

2017-11-16 12:36:26

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2017 оны 11 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна. Энэ үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, “Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажиллах журам”-ыг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөл”-ийг 3 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

Тус зөвлөлийн гишүүнээр Сайншанд сумын 1 дүгээр багийн иргэн М.Баасанжав, 2 дугаар багийн иргэн Ш.Бат-Эрдэнэ, Э.Оюунбилэг нар сонгогдов. Тэд Дорноговь аймаг дахь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих, төсөв санхүүгийн болон нийтийн албан тушаалтнаас гарч буй шийдвэр, тэдгээрийн ил тод нээлттэй байдлыг хангах, албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгт олон нийтийн хяналтыг тавьж ажиллах чиг үүрэгтэй юм.

Эдгээр гишүүдтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд, Авлигатай тэмцэх газрын даргын 2017 оны А/53, А/44 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан “Авлигаас урьдчилан сэргийлэх Олон нийтийн дэд зөвлөлийн ажиллах журам”-ын дагуу аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Түмэнбаяр, Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир нар хамтран ажиллах гэрээ байгуулав.

Мөн тус зөвлөлийн гишүүдийн урамшууллыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 6 дугаар хуралдаанаар хэлэлцэж баталсан талаар Дорноговь аймгаас мэдээллээ.


Дорноговь аймагт Олон нийтийн дэд зөвлөл ажиллаж эхэллээ  
Үзсэн: 2168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй