Шууд Chart

Зөв зохистой хооллолтын боловсрол олгох тухай

2017-11-20 13:20:13

Монгол улсад эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр олон ажил хийгдэж байгаа ч ЕБС-ын хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн боловсрол олгох хичээл тусгагдаагүй нь учир дутагдалтай байна.

НЭМҮТ  ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгааг 2013 онд хийсэн. Уг судалгаагаар хоол хүнсний хэрэглээ, хооллолтын хэв маягийг авч үзвэл:

  -Судалгаанд хамрагдсан сурагчдын 10.6 хувь нь илүүдэл жинтэй, 1.5 хувь нь таргалалттай, 2.6 хувь нь тураалтай.

  -5 сурагч тутмын 1 нь жимс, хүнсний ногоог зохистой хооллох зөвлөмжийн дагуу өдөрт тав ба түүнээс олон удаа хэрэглэдэг.

-  Сурагчдын 31.3 хувь нь сүү, цагаан идээг өдөрт 2 ба түүнээс олон удаа хэрэглэдэг.

-  Хийжүүлсэн болон чихэрлэг ундааг сурагчдын 33.6 хувь нь өдөр бүр хэрэглэдэг.

-  Сурагчдын 26.4 хувь нь түргэн хоолны болон сургуулийн цайны газраар тогтмол үйлчлүүлдэг.

-44.7 хувь нь өглөөний цайгаа тогтмол ууж чаддаггүй гэсэн хариултыг өгсөн байна

Эрүүл ахуйн хувьд авч үзвэл:

  • Сурагчдын 90 гаруй хувь нь шүдээ өдөр бүр угаадаг дадалтай
  • 4 сурагч тутмын 1 нь хоол идэхийн өмнө болон ариун цэврийн өрөөнд орсны дараа гараа угааж хэвшээгүй.
  • 2 сурагчийн 1 нь сургууль дээрээ хоол цай уухаас өмнө гараа угаадаггүй

Дээрх судалгааны дүнд ЕБС-ийн сурагчдын 44.7% нь өглөөний цайгаа тогтмол уудаггүй нь зөв зохистой хооллолт болон өглөөний цайны ач холбогдлын талаар мэдлэг дутмаг байгаатай холбоотой юм. Хүүхэд нас болон өсвөр насанд эрүүл мэнд, биеийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг шим тэжээлийн бодисын хэрэгцээ ихэсдэг.

   Өглөөний цай нь хүүхдийн өсөлт хөгжилт, бодисын солилцоо, уураг тархины үйл ажиллагаа, анхаарал төвлөрөлтийг сайжруулж өгдөг. Харин удаан хугацаагаар өглөөний цайгаа уухгүй байснаар ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн аажмаар буурч, эцэстээ өтгөн хаталт үүсч, цөс зогсонгоших, өтгөрөх, цөсний чулуу үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Мөн анхаарал төвлөрөх нь багасах, ажлын бүтээмж буурах, дархлаа сулрах, жингийн илүүдэл, таргалалт, зүрх судасны өвчин, ходоод гэдэс, чихрийн шижин өвчинд өртөх зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг.

 Зөв зохистой хооллолтын  боловсролыгбага балчир цэцэрлэгийн наснаас эхлэн  бага, дунд, ахлах ангийн сурагчдад олгох нь хүүхдийн эрүүл мэндийн  боловсрол дээшлэн зөв хүнс сонгох, зөв хооллох дадалд хэвшил бий болдог.

  Зөв зохистой хооллолтын боловсролын зорилго нь хүүхдийн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлж аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхэд оршино.

  Энэхүү зөв зохистой хооллолтын боловсролыг олгохдоо сурагчдын мэдвэл зохих мэдлэгийн талаарх стандарт, үзүүлэн, багшийн гарын авлагыг хоол зүйчид, эмч багш нарын оролцоотойгоор боловсруулан гаргах нь илүү үр дүнтэй юм. Түүнчлэн эцэг эх, төрийн байгууллага, боловсролын байгууллага, аж ахуйн нэгж, компаниуд, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй.

Гадны улс орны хувьд эрүүл мэндийн боловсрол олгох хичээлийг ЕБС-ын   хичээлийн хөтөлбөртөө суурь хичээл болон нэмэлтээр сонгон суралцах хэлбэрээр тусгаж өгсөн байдаг байна. Жишээ нь: БНХАУ-д бага ангиас ахлах анги хүртэл хичээлийн хөтөлбөрт эрүүл мэндийн боловсролын тэр дундаа эрүүл зөв хооллолтын талаарх хичээлийг оруулж өгсөн байдаг байна. Япон улсад эрүүл мэндийн болон хоол хүнсний зөв хэрэглээний талаар хүүхдийг цэцэрлэгт байхаас нь хэвшүүлдэг.

 АНУ-д сурагчдад нөхөн үржихүйн эрүүл мэнд, архи согтууруулах ундаанаас урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэнд гэсэн багц байдлаар эрүүл мэндийн боловсролыг олгодог байна.

 Иймд гадны улс орны жишгийг даган зөв зохистой хооллолтын талаарх хичээлийг манай улс боловсролын хөтөлбөртөө оруулах шаардлага харагдаж байна.

НЭМҮТ-ийн Хоол судлалын албанаас жил бүр дараах 3 сургалтыг зохион байгуулдаг.  Үүнд:

1.    Анхдагч, хоёрдогч, гуравдагч шатлалын эмнэлэг, сувиллын газрын тогооч нарт эмчилгээ сувиллын хоолны тогоочийн мэргэшил дээшлүүлэх сургалт:

Сургалтын зорилго нь эмчилгээний хоолны талаарх мэдлэгийг дээшлүүлж, тухайн өвчинд тохирсон хоолны технологи ажиллагаа,технологийн карт хөтлөлт, илчлэг, шимт бодисын харьцааг зөв тооцоолж сургах,

2.    Улсын болон хувийн хэвшлийн цэцэрлэг, ясли, хүүхдийн сувилалын тогооч нарт цэцэрлэгийн тогоочийн мэргэшил дээшлүүлэх сургалт:Сургалтын зорилго нь хүүхдийн хоолны талаарх мэдлэгийг дээшлүүлж, хоолны технологи ажиллагаа болон илчлэг, шимт бодисын харьцааг зөв тооцоолж сургах, эрүүл ахуйн зөв дадал эзэмшүүлэх .

3.    “Эмнэлэг, сувилал, сургууль, цэцэрлэгийн няравын 5 хоногийн сургалт: Сургалтын зорилго нь хүнсний бүтээгдэхүүний шошго, хүнс сонголт, хүнсийг зөв тээвэрлэх,хадгалах, эрүүл ахуйн зөв дадал эзэмшүүлэх

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

 

Зөв зохистой хооллолтын боловсрол олгох тухай  
Үзсэн: 5085 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй