Шууд Chart

Үерийн аман дээр буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлсний дараагаар далан барих ажлыг эхлүүлнэ

2025-08-22 16:11:34

Өчигдөр үргэлжлэн орсон борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо Нарангын голд үер бууж 20 айл өрх усанд автсан. Дүүргийн онцгой комиссын шуурхай штаб, холбогдох албан хаагчид газар дээр нь ажиллаж яаралтай хариу арга хэмжээг авч ажилласан.

35 дугаар хороо Нарангийн голын дунд буудлаас эцсийн буудал хүртэлх 1.5 км замд нийт 66 айл өрх үерийн аман дээр буусан бөгөөд өмнө нь дүүргийн газар зохион байгуулалтын алба, онцгой байдлын хэлтсээс дээрх айл өрхүүдэд 2 удаа үерийн амнаас нүүж, аюулгүй байдлаа хангах тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн удаатай.

Үүнээс гадна дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ-аас дээрх 1.5 км замд нийт 35 машин шороо асгаж шороон далан босгосноос гадна 50 автомашин шороо асгаж газрыг түрж тэгшлэх ажлыг гүйцэтгэсэн.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 35 дугаар хороонд ажиллаж гэр нь усанд авсан айл өрхтэй уулзлаа. Нийт 66 айл өрхөөс 33 айл өрх газраа чөлөөлж нүүхээр газрын албатай зөвшилцлөө. 35 дугаар хорооноос урссан ус доош 2 дугаар хороо руу давж урссанаас болж хэд хэдэн айл өрх усанд автсан. Иймээс 2 дугаар хорооны зарим айл өрхийг мөн нүүлгэн шилжүүлэхээр боллоо.

Дээрх байршилд зун, намрын улиралд бороо орж үер буудгаас гадна өвлийн улиралд халиа дошин үүсдэг. Иймээс бид урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулсаар ирсэн. Цаашид үерийн аман дээр буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлсний дараагаар далан барих ажлыг эхлүүлнэ.

Иргэд та бүхэн ч бас энэ ажилд дэмжлэг үзүүлж үерийн аман дээр буухгүй байх, дүүргийн онцгой байдлын хэлтэс болон бусад мэргэжлийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж биелүүлж байх хэрэгтэй.


Үерийн аман дээр буусан айл өрхийг нүүлгэн шилжүүлсний дараагаар далан барих ажлыг эхлүүлнэ  
Үзсэн: 153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй