Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Манай цэргийн жавхаа” дууны хөшөө сүндэрлэлээ

2017-12-12 10:40:25
Error loading player: No playable sources found

Дуу гэдэг бүтээл олон жигүүртэй. Хөг аялгуу, яруу шүлэг айзам, уран бүтээлчдийн сэтгэлийн огтлолцол дээр дуу төрдөг. Хүний сэтгэлийг эзэмдэн, он цагийг элээх мөнхийн бүтээл төрнө гэдэг аугаа юм. Тэр дундаа хөшөө болж сүндэрлэх хувь тавилан тийм ч олон бүтээлд оногдоогүй биз ээ.

Өнгөрсөн бямба гарагт нэгэн жарны тэртээгээс ЦДБЭЧ-ын түүхийн салшгүй нэгэн хэсэг болсон удирдаач, хөгжмийн зохиолч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Шагжийн Гун-Аажавын 200 гаруй нийтийн дууны дээж, тус чуулгын уран бүтээлийн сангийн охь болсон “Манай цэргийн жавхаа” дууны хөшөөний нээлт боллоо.

Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын 85 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй олон арга хэмжээний нэг нь батлан хамгаалах, зэвсэгт хүчний урлаг соёлын аливаа арга хэмжээнд зайлшгүй дуулагддаг, зэвсэгт хүчний мөрдэстэн бүхний дуулах дуртай энэхүү дуунд хөшөө сүндэрлүүлсэн явдал юм.

Нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд болон Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын удирдлага, уран бүтээлчид, алдарт “Жаран хар” эрэгтэй найрал дуучдын төлөөлөл оролцлоо.

Эдүгээ наян насны босгоор алхаад гурван оныг үдэж буй буурал хөгжмийн зохиолчийн дуунд зориулсан хөшөө чуулгынх нь хашаанд сүндэрлэх болсон тухай сонсоод ихэд догдолсон тухайгаа өгүүлсэн юм. Уг хөшөөний зураг, эскизийг ЦДБЭЧ-ын бүжигчин Ц.Батбаярын хүү Ц.Жавхлан гаргасан бөгөөд хөгжмийн зохиолчийн үр хүүхдүүд бүтээн босгожээ.

“Манай цэргийн жавхаа” дуутай холбоотой олон үйл явдал байдаг. Тухайлбал, 1970 онд манай улсад айлчлан тоглосон Польш /БНПАУ/ Улсын Цэргийн ансамблийн бүрэлдэхүүн “Монгол түмэндээ өргөх дуу” хүндэтгэлийн тоглолтоо энэхүү дуугаар эхлүүлж байсан гэдэг. Мөн “Манай цэргийн жавхаа” дууны нэрэмжит цэрэг, эх орны сэдэвт дууны улсын уралдаан 15 дахь жилдээ өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байна.

1921 оны Ардын хувьсгалын шуурган галын дунд ардын партизан цэргүүдээс үүсэлтэй “Шивээ Хиагт”, “Магнаг үсэгтэй туг”, “Улаан туг” зэрэг дуунууд нь манай ард түмэн, шинэ цагийн соёл урлагийн анхны сүрлэг дуулал, Монголын орчин үеийн утга зохиолын эхлэл, шинэ соёл урлагийн анхдагч байгууллага Цэргийн төв клуб, театр, өдгөөгийн ЦДБЭЧ-ын урын сангийн ууган бүтээл байлаа.

Анхдагч болох дээрх бүтээлийн түүчээ болсон “Манай цэргийн жавхаа” дуу 1970 онд бүтээгдсэн бөгөөд тавь шахам жилийн хугацаанд болсон цэрэг эх орны сэдэвтэй бүхий л арга хэмжээний оргил хэсэг байсаар ирсэн гайхалтай бүтээл юм.

Ш.Гун-Аажав нь “Манай цэргийн жавхаа” дуунаас гадна “Хувьсгалын мөр”, “Эхийн тухай дуу”, “Халх голын дурсамж” зэрэг 200 гаруй дуу, алдарт “Цэрэг бүжгийн чуулбар”, “Хадлан дээр” зэрэг 50 гаруй бүжгийн хөгжим бичсэн Монголын урлагийн нэрт зүтгэлтэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Манай цэргийн жавхаа” дууны хөшөө сүндэрлэлээ  
Үзсэн: 2275 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй