Шууд Chart

Катерин Арнолд: Хуулиа сайжруулж, түлшний хоёр дахь хувилбарыг бодлогоор дэмжих нь чухал

2017-12-21 11:48:13

1952 онд Английн Лондон хотноо таван өдрийн дотор 4000 гаруй хүн агаарын бохирдол болон нүүрсний утаанаас болж амь эрсэджээ. Энэхүү гунигт үйл явдлыг түүхэнд “Аймшигт утаа” хэмээн тэмдэглэсэн бөгөөд Англичуудын хувьд энэ нь маш гунигтай түгшүүрийн дохио болсон гэдэг. Энэ талаар Англи улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, хадагтай Катерин Арнолдтой ярилцахаар “ММ Today хөтөлбөрт урьсан юм.

-Юуны өмнө манай нэвтрүүлэгт тавтай морил. Дээрх аймшигт утааны талаар та бидэнд дэлгэрэнгүй ярьж өгөөч. Англи Улсад энэхүү утааны асуудал хэр удаан үргэлжилсэн бэ?

-Их Британи улс бол үйлдвэржилтийн хувьсгал хийсэн хамгийн анхны орон. Бид үйлдвэржилтээ эрчим хүчээр ханган дэмжиж, эдийн засгаа хүчирхэгжүүлэхийн тулд 250 гаруй жил нүүрс түлсэн. XIX зууны Английн утга уран зохиолуудад үүний талаар маш олон дурдсан байдаг. Жишээ нь Чарльз Диккенсийн бүтээлүүдэд дүүрэн утаатай гудамж талбай, утаанд хучигдсан үйлдвэрүүдийг олонтаа дүрсэлсэн нь бий. Тэгэхээр энэхүү аймшигт явдал 1952 онд гэв гэнэт утаатай болоод шинээр урган гарч ирсэн асуудал байгаагүйг хэлэх хэрэгтэй.

-Тэгвэл яг хэзээнээс Их Британы засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулж эхэлсэн бэ. Нөгөөтэйгүүр 1952 оноос хойш ямар ямар арга хэмжээ авав ...

-Их Британий засгийн газар 1956 онд буюу дөрвөн жилийн дараа “Цэвэр агаар” хуулийн төслийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Хэрвээ бид түүх сөхөөд харвал нилээн олон чухал зүйл яг тэр үед зэрэг болсон байгаа юм. Эдгээр нь юу юу байв гэвэл та дурдсан шүү дээ. 1952 оны арванхоёрдугаар сард таван өдрийн дотор хорт утааны шууд нөлөөгөөр 4000 гаруй хүн нас барсан. Мөн тэр үед утаанд хордсоноосоо болоод дараа дараачийн жилүүдэд нас барсан иргэдийн тоо 12 мянга хүрсэн тоо баримт бий. Яг энэ явдлаас хойш анх удаа утаа хэрхэн ард иргэдийн эрүүл мэндэд нөлөөлж байгаа талаар маш чухал статистикийн судалгааг хийж баримтжуулж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн хэвлэл мэдээлэл энэхүү статистикийн мэдээллүүдэд тулгуурлан ард олонд утааны талаар мэдээллэж эхэлсэн. Ингэснээрээ засгийн газар, бизнесүүд болон бусад том тоглогчдийг ямар нэгэн зүйл хийхийг шаардсан нийгмийг хамарсан хөдөлгөөн өрнөж чадсан. Үр дүнд нь юу болов.  1952 оны үйл явдлаас өмнө “Нийтийн эрүүл мэнд” мэнд нэртэй 1936 онд батлагдсан хууль байсан ба засгийн газар энэ хууль нь утааны асуудлыг шийдэхэд хангалттай хэмээн үзэж байсан. “Нийтийн эрүүл мэнд” хууль нь дотроо утааны талаар гомдол гаргаж, утааны талаар асуудал дэвшүүлж болно гэх мэт зургаан заалттай байсан ч бодит байдал хангалттай торгууль шийтгэл хариуцлага тооцох тогтолцоог оруулж өгөөгүй хууль байлаа.  Утаа гаргагч агаар бохирдуулагчдаас авах торгуулийн хэмжээ нь маш бага. Түүнчлэн хэрэгжүүлэхэд учир дутагдалтай байсан юм. Маш энгийнээр хэлэхэд аймшигт утааг тойрсан ард түмний хөдөлгөөн иргэдийн эрүүл мэндэд хийсэн статистик тоо баримтууд, хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл, иргэдийн эсэргүүцлээр дамжин Их Британы парламентад өөрчлөлт шинэчлэл хийхийг шаардаж чадсан юм. Яагаад өмнө нь өөрчлөлт хийгдсэнгүй вэ гэвэл олон янзын шалтгаан байсан нь мэдээж. Гэхдээ миний бодлоор хамгийн гол шалтгаан нь засгийн газар хатуу чанга шийдэмгий хууль тогтоомж гаргахаас эмээж байсан. Ардчилсан улс оронд засгийн газар нь ард түмнийхээ санаа бодлыг тусган авч хамт явах нь чухал хүчин зүйл шүү дээ. Өмнө нь бол засгийн газар хатуу чанга хууль дүрэм баталчихвал ард түмний дургүйцэл эсэргүүцэлтэй тулгарна хэмээн айж байсан бол 1952 онд болсон үйл явдал нь ард түмний санаа бодлыг эргүүлж утааны эсрэг шийдэмгий тэмцэхэд түлхэц болж өгсөн.

-Заавал ийм зүйл болж байж шийдэмгий арга хэмжээ авч эхэлсэн гэсэн үг үү?

-Тодорхой гарз хохирол, судалгаанд үндэслэсэн хэвлэл мэдээлэл ард түмэнд асуудлын мөн чанарыг ухуулан сурталчилсан байдал. Дээрээс нь ард иргэдээс гарсан өөрчлөлтийн төлөөх хөдөлгөөн зэргээс үүдэн утааны эсрэг чанга хатуу хууль зүйн болон биелэлтийн орчин бүрдэж эхэлсэн гэсэн үг.  

-1952 оноос өмнө яг ямар арга барилаар ямар арга хэмжээ авагдаж байсан бэ?

-Яг хэрэгжиж байсан хууль гэвэл түрүүн хэлсэнчлэн 1936 оны “Нийтийн эрүүл мэнд” нэртэй хууль байсан. Үүн дотор нь утааны талаар гомдол гаргах, утааны голомт болсон эх үүсвэрүүдийн талаар гомдол гаргах гэх мэтчилэн цөөн хэдэн заалт байсан бөгөөд хамгийн гол нь хэрэгжүүлэхэд хэцүү, их хэмжээний утаа гаргагч нарт тавих шаарлага торгууль нь маш бага байсан. 1952 оны аймшигт утаанаас үүдэлтэй нийтийг хамарсан хөдөлгөөний дараа яг ямар өөрчлөлтүүд гарсан бэ гэдэг бас сонин. Засгийн газарт тулгарч байсан гол хүндрэлүүдийн нэг нь утаа хоёр салангид эх үүсвэртэй байлаа. Нэг нь бизнесүүд, эрчим хүчний станцууд, Лондонд байдаг томоохон үйлдвэрүүд гэх мэтчилэн бизнес эдийн засгийн ач холбогдолтой обьектууд, харин нөгөө талд нь ахуйн чанартай утаа гаргагчид байсан юм. 1950-д оны үед Лондонгийн дийлэнх орон сууцнууд нүүрс түлж гэрээ дулаацуулдаг байсан. Англи Улсын хувьд ард иргэд өөрсдийн гэр орондоо юу хийхээ засгийн газраар заалгаад байх дургүй. Тиймээс ардчилсан сонгуулиар сонгогдсон засгийн газраас тодорхой айл өрхөд чиглэсэн шийдвэр гаргавал уг шийдвэрийг сөргөөр хүлээж аваад зогсохгүй хэрэгжүүлэхэд хэцүү гэдэг нь тодорхой байсан. Дахин хэлэхэд 1952 оны гарз хохиролын дараа нийгэм тэр чигээрээ өөрчлөлт шинэчлэл хүссэн нь засгийн газарт шийдвэр гаргахад нь түлхэц болсон. Авсан арга хэмжээнүүдээс дурдвал нүүрсний утаа гаргадаг бизнесийг хязгаарласан бөгөөд  тэдний янданг өндөрсгөснөөр нүүрснээс гарч буй утаа нь агаар мандлын дээд хэсэгт тарах зохицуулалт хийсэн. Маш олон бизнесийг Лондон хотоос хүчээр нүүлгэн шилжүүлж, утаагүй хэсгүүдийг буй болгосон. Уг хэсгүүдэд утаа гаргагч том бизнес үйлдвэрүүдийг оруулахгүйгээр зогсохгүй тэр хэсэгт орон гэртэй тэнд амьдардаг бол утаа гаргах агаар бохирдуулах түлш хэрэглэхгүй байх хориог тавьж өгсөн. Ингэснээр ахуйн хэрэглээнд шууд хорио тавьж нөлөөлж эхэлж байгаа юм. Хүмүүс утаагүй түлш хэрэглэж болох байсан ч утаагүй түлш өртөг өндөртэй байсан. Нэмээд хэлэхэд “Нийтийн эрүүл мэнд” хууль утаатай холбоотой зургаан заалттай байсан бол 1956 оны Цэвэр агаар хууль утааны эсрэг утаатай холбоотой 40 гаруй зүйл заалттай болж шинэчлэгдснээр хууль зөрчигчидтэй хариуцлага тооцох илүү хүчтэй тогтолцоо буй болж бизнесүүдэд утаагүйгээр эрчим хүчний асуудлаа шийдэх шийдлийг тулгаж эхэлсэн. Цагдаа хүчний байгууллагууд ч ард иргэдийн утаатай холбоотой гомдол хүсэлтэнд шуурхай хариу өгч идэвхтэй ажиллах нөхцлийг бүрдүүлсэн байдаг. Би түрүүн дурдаад өнгөрсөн. Нүүрсийг орлох газ эсвэл утаагүй түлш рүү шилжих энэ үйл явц нь маш өндөр өртөгтэй байсан ба орон сууц гэр ахуйг өвлийн цагт дулаанаар хангах асуудал гарч ирж байгаа юм. Үүнд засгийн газраас нилээд олон мөнгөн тусламж, урамжууллын системүүдийг шийдсэн байдаг. Нэмээд хэлэхэд хоёр орхигдуулж болохгүй хүчин зүйл бий. Нэгдүгээрт Цэвэр агаар хуулийн төсөл хэрхэн ард иргэдэд хүрч буй болон эрүүл мэндэд ямар ач тустай байгаа талаар анх удаа үндэсний хэмжээний санал асуулга явуулсан. Ямарваа нэгэн төсөл арга хэмжээний хүрээнд үр дүн биелэлт нөлөөг үргэлж хянаж шалгаж байх нь чухал байдаг шүү дээ. Хоёрт, олон тооны шинэ санаа шинэ шийдэл инновацууд хийгдэж эхэлсэн. Яг энэ үедээ цахилгаан станц болон нийтийн дулааны шугам сүлжээ нь шинэ шийдэл инновац байлаа. Эдгээрээс базаад хэлэхэд 1956 оны Цэвэр агаар хууль нүүрс хэрэглэдэг тодорхой том хэмжээний агаар бохирдуулагч эх үүсвэрүүдийг хуульчилж хорио тавьсан ба нөгөө талаас шинэ шийдэл шинэ технологи хөгжих гараа нь болсон юм. Асуудлын эх үүсвэрийг хүчээр таслан зогсоож, шинэ шийдэл инновацийг урамшуулан дэмжих нь хамгийн гол хүчин зүйлс гэж бодож байна. Дахиад нэг зүйл нэмээд хэлье. Энэ бүхэн нэг шөнийн дотор шийдэгдчихээгүй. Аймшигт утаа 1952 онд болсон, Цэвэр агаар хууль 1956 онд батлагдсан үүнээс хойш бага багаар алхам алхмаар байдал сайжирсан. Зарим хүн 1950-иад онд эхэлсэн агаарын бохирдол 1980-иад он хүртэл шийдэгдээгүй ч гэж үзэх нь бий. Засгийн газар, хэвлэл мэдээлэл, ард иргэд, бизнесийн байгууллагууд энэ асуудлыг хөндөж анхаарлаа хандуулах нь зүйн хэрэг. Гэхдээ энэ бэрхшээл бол маш олон талын оролцоотой түвэгтэй асуудал юм шүү.

-Монголын улсын хувьд утааг бууруулах зорилгоор саяхнаас эхлэн цахилгааны шөнийн тарифаа тэглэлээ. Англи Улсын хувьд үүнтэй адил төстэй арга хэмжээ авч байсан туршлага бий юу?

-Аймшигт утаа болсноос хойш 70-аад жил өнгөрсөн байна. Шийдлүүдийн хувьд өнөөдрийнх 1950-иад оныхоос нилээн өөр байх болов уу. Тэр ялгааг сайн тооцож үзэх нь чухал. Нөгөө талаар Улаанбаатар Лондон хоёр цаг агаараасаа болоод утаа бүр ч хэцүү асуудал болж буй боловч энэ хоёр хотын маань уур амьсгал, газрын байршил тэс өөр.  Монголд өвөл -35 хэм хүрдэг ба хүйтний байдал нь ч бас нийтийн эрүүл мэндэд утаатай адил нөлөөлөхүйц хүчин зүйл. Тиймээс шууд харьцуулах боломжгүй. Цэвэр агаар хуулийн төслийн хувьд хүчтэй хууль тогтоомж, хүчтэй шийтгэл торгууль, хүчтэй хуулийн хэрэгжилт болон хяналтыг авчирсан ба үүнтэйгээ зэрэгцүүлээд асуудлаас гарах гарцыг хуулийн хүрээнд дэмжиж өгсөн. Англи орны хувьд дэмжлэг нь утаагүй түлшинд болон газ, тог цахилгааны хэрэглээнд төвлөрсөн гэхэд болно. Хууль хяналтаа сайжруулж чангаруулахын зэрэгцээ түлшний хоёрдахь хувилбарыг бодлогоор дэмжих нь чухал. Ялангуяа бизнесүүдтэй, ард иргэдийн амжиргаа, ахуйтай нягт холбоотой асуудалд.  

-Та өнгөрсөн гурван жил Монгол Улсад ажиллаж, амьдарч байна. Ямар арга хэмжээ авч байгааг, хүмүүс хэрхэн бухимдаж байгааг харж, мэдэрч байгаа. Иймд та саналаа хэлнэ үү ...

-Их сайхан асуулт байна. Бохирдол бол дэлхийн нийтийн асуудал. Ганцхан Улаанбаатар хот хордоод бохирдоод байгаа зүйл биш юм. Жил ирэх тутам дэлхийн бүхий л том хотын бохирдол ихэсч байна. Олон төрлийн бохирдол бий. Улаанбаатарын хувьд азот болон хүхрийн хийний ислээс үүдсэн бохирдол байгаа ч гол бохирдол нь нүүрсний утаа. Энэ нөхцөл байдлын хувьд 1950-иад оноос өдийг хүртэл тулгараад байгаа Английн нөхцөл байдалтай нилээд төстэй. Асуудалгүй газар хаана ч байхгүй. Маш түвэгтэй асуудал гэдэг нь ойлгомжтой. Цаг хугацаа, судалгаа, хэрэгтэй. Хамгийн чухал нь бизнесүүд, хэвлэл мэдээллүүд, олон нийтийг уриалдаг тэргүүлдэг бүлэгүүд, засгийн газар гэх түлхүүр тоглогчид бэлэн байгаа шийдэл байж болох сонголтуудыг маш сайн ойлгож судлах нь зүйтэй болов уу. Энэ тэртээ тэргүй их түвэгтэй асуудал. Мэдээж шийдэл зоригтой  үйлдэл хэрэгтэй. Гэвч үйлдэл хийхэд цаг авна. Тиймээс Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа ард иргэдээ бид дор бүрнээ авч чадах, хийж чадах зүйлээ хийх хэрэгтэй. Хувь хүний авч чадах хамгийн том, хамгийн ойрхон шийдвэр бол өөрийн болон эргэн тойрныхоо хүмүүсийн эрүүл мэндийг утааны хорноос хамгаалах. Үүний тулд утааны шүүлтүүртэй маск өмсөх хэрэгтэй. Жил ирэх тусам утаа ихэсч байгаа ч утааны маск зүүх хүмүүсийн тоо ихсэхгүй байгааг би анзаарсан. Английн Элчин Сайдын Яам, “Гоёл” ХХК, Монголын дизайнеруудын холбоо болон нилээд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллага энэ жил нэгэн төсөлд хамтран ажилласан. Уг төслийн хүрээнд Монголын уран бүтээлч дизайнеруудын загварыг Английн Кэмбриджийн өндөр технологийн хамгаалалттай утааны масктай хослуулан үйлдвэрлэсэн юм. Гол зорилго нь оролцсон байгууллагууд, хувь хүмүүсдээ биш хамгийн гол нь нийгэмд маск зүүгээд эрүүл мэндээ хамгаалангаа гоё харагдаж болох юм шүү гэсэн мессеж өгөхийг зорьсон юм. Би дахин дахин хэлье. Гараад өөртөө таарсан сайн маск худалдаж ав. Янз бүрийн үнэ өртөгтэй маск бий. Ингэснээр та өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж чадна. Том асуудал шийдэгдтэл олон сар, нилээн хэдэн жил ч шаардаглах нь дамжиггүй. Харин та бүхэн энэ шийдвэрийг яг өнөөдөр гаргаад хэрэгжүүлэх боломж бий.

-Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Таны ажилд улам их амжилт хүсэе.

Т.Бэлгүтэй


Катерин Арнолд: Хуулиа сайжруулж, түлшний хоёр дахь хувилбарыг бодлогоор дэмжих нь чухал  
Үзсэн: 1814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй