
Завхан аймгийн Идэр сумын харьяат, хими, биологийн багш Д.Цогзолмаа аавынхаа болон гэр бүлийнхээ хүний тухай “Улсын заан “Хулгар” Дэндэв”, “Соёлоор овоглосон “Соёл” Баяраа” нэртэй ном бүтээжээ.
Сайн хүний үр гэдгээ хойш үед таниулах зорилготойгоор дээрх ном бичигдсэн нь лавтай.
Иймд эхлээд бид түүний аавын талаар товч өгүүлье.
Монгол Улсын заан “Хулгар” В.Дэндэв нь Сайнноён хан аймгийн Хамба хутагтын шавь буюу одоогийн Завхан аймгийн Идэр суманд 1905 онд төржээ.
Бага залуудаа Хамбын хүрээнд шавилан сууснаас гадна Цэцэрлэг мандал уулын аймаг буюу Архангай аймгийн наадамд зургаа давж, аймгийн заан цол хүртсэн байна.
1923 оноос аймаг, сумын наадамд хүч үзэхдээ 20 гаруй удаа түрүүлж, үзүүрлэсэн хүчтэн аж. Үүнээс онцолбол Завхан аймгийн наадамд тав түрүүлж, гурван удаа үзүүрлэжээ.
Олон түмэндээ “Хулгар” хэмээн алдаршсан удамт бөх В.Дэндэв 19 настайдаа Бөхөн шар нурууны овооны тахилга наадамд түрүүлэн шонхор цол, годон цоохор отгоор шагнуулан бөхийн гараагаа эхэлснээс хойш улсын баяр наадамд ердөө гуравхан удаа ирж барилджээ. Аймгийнхаа баяр наадамд гурвантаа түрүүлээд байсан болохоор нь аймгийн засаг дарга Б.Батжаргал албан хүчээр 1934 оны улсын наадамд зодоглох үүрэг өгчээ.
Ийнхүү улсын баяр наадмын торгон ногоон дэвжээн дээр анх удаа дэвэн дэвсээр гарч барилдахдаа тавын даваанд “Босоо” Г.Самдан аваргыг, зургаад Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат, улсын заан “Хөндлөн” Д.Сандуйжавыг, удаах даваанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат, улсын арслан Ц.Банди нарыг өвдөг шороодуулж, улсын заан цол хүртжээ.
Дараа жил нь ч энэхүү цолоо баталсан бол 1936 онд начны давааг илээгээд нутаг буцсан түүхтэй.
Нутгийнханы хууч яриагаар В.Дэндэв зааны өвөг эцэг нь Богдын даншигт долоо давж байсан заан цолтой бөх байсан гэдэг.
Харин ээжийнх нь төрсөн дүү Лувсаншарав их хүчтэй хүн байсан бөгөөд хошуу наадамд олон удаа түрүүлж, үзүүрлэж байсан заан цолтой бөх байжээ. Тэгэхээр хоёр талаасаа бөхийн удамтай. Тэр ч бүү хэл заан цолны даллагатай гэж хэлж болохоор хүчтэн байв.
Мөн 1969 онд Монгол Улсын заан цол олгосон бол тэмээн хөсгөөр явж нутгийнхаа ард түмнийг хүнс, эд материалаар хангаж байсныг нь үнэлж, Х.Чойбалсангийн гарын үсэгтэй мөнгөн сүлд бүхий үнэмлэхийг 1946 онд олгожээ.
Домог мэт яриаг нь өгүүлэхэд: 100 кг орчим жинтэй хонины ноосыг хоёр метр хэртэй хашаан дээгүүр давуулан шидэж байсан, хашаагаа зад дайран гарсан морины мундаан дээрээс атгаж тогтоож байсан, омголон морь эзнийхээ гараас цулбуураа шувталж зугтах гэхэд зүүн хойд хөлнөөс нь атгаж тогтоож байсан, мөсний ангалд халтирч орсон тэмээг өргөж гаргасан, айлд халамцуу ирээд архи нэххэд нь өгөөгүй тул “Архи гардаггүй юм дүүжилж байхаар асгавал таарна” гээд хөхүүртэй айргийг нь тэврэн гарч, хотны хажууд тавьчихаад мордоод явсан зэрэг түүхтэй гэнэ билээ.
Харин одоо Д.Цогзолмаа гуай зээ хүү Б.Амин-Эрдэнийгээ өвөөгийнхөө халааг авах болов уу хэмээн горьдож сууна. А.Амин-Эрдэнэ өнгөрсөн жил Хэнтий аймагт болсон өсвөрийн 1024 бөхийн барилдаанд үзүүрлэсэн гэнэ билээ. Бөх сонирхогчид ч түүнийг андахаа байжээ. Энэхүү хүчит бөхийн үр хүүхэд бөхийн спортод сонирхолтой, хичээллэдэг залууст зориулж уг номыг бүтээсэн аж. Мөн буурал аавынхаа алдрыг мөнхлөх гэсэн нэгэн сайхан хэрэг болжээ.
Тэд уг номыг бүтээхдээ бөх судлаач Д.Санжаасүрэн, бөхийн засуул Б.Шүрхүү, хянан тохиолдуулж, эхийн ариусгасан зохиолч, сэтгүүлч А.Мягмаржав нартай зөвлөж бичсэн болохоор дээрх хүмүүс манай сайтаар дамжуулж талархлаа илэрхийлснийг уламжилья.
Харин одоо “Соёлоор овоглосон “Соёл” Баяраа” нэртэй номны талаар цухас дурдья.
Д.Цогзолмаа нь гэр бүлийнхээ хүнтэй 30 гаруй жил ханилжээ. З.Баяраа агсан нь Завхан аймгийн Сантмаргаз сумын Баяннуур багийн нутаг, Бор-Өндөр хэмээх газар 1936 онд төржээ.
Таван хүүхдийн аав болсон тэрээр 1947-1951 онд сумынхаа бага сургуулийг, 1951-1957 онд аймгийнхаа бүрэн дунд сургуулийг дүүргэжээ. 1957-1962 онд УБДС-ийн Монгол хэл, уран зохиол, соёл урлагийн ангийг төгссөн багш мэргэжилтэй хүмүүн байлаа. Аймаг, сумын багшаар ажилласнаас гадна Их-Уул сумын дунд сургуулийн хүмүүжлийн эрхлэгчийн албыг хүртэл хашиж байжээ.
Монгол хэл, уран зохиол, дуу хөгжим заах талд гаргууд байсан хэмээн хамт ажиллаж байсан нөхөд, шавь нар нь хэлдэг байв. Тэрээр үргэлж шинэ соргог арга барил эрэлхийлэн, ямар нэг зүйлийг сэдсэн, санаачилсан, туршсан, сорьсон, түүнийгээ ярьж зөвлөсөн, сэргэлэн хөдөлгөөнтэй хүмүүн байв.
“Улсын заан “Хулгар” Дэндэв”, “Соёлоор овоглосон “Соёл” Баяраа” номын эзэнтэй хөөрөлдөв | ||
Үзсэн: 4121 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.