
Олон улсын хорт хавдартай тэмцэх холбооноос санаачлан хорт хавдрын улмаас нас барж байгаа сая сая хүний амь насыг аварч, энэхүү аюулт өвчнөөс сэргийлэхэд хувь хүн, Засгийн газрын оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэхэд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор 2005 оноос эхлэн “Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэх болсон юм.
Дэлхий дээр жилд 8.2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байна. Тэдний тал хувь нь эрт буюу 30-69 насандаа хорвоог орхидог. Харин Монгол Улсад хорт хавдраар жилд 5800 гаруй хүн өвчилж, 4000 хүн нас бардаг гэсэн тоон үзүүлэлт байна. Хорт хавдраар өвчлөгсдийн 70 хувь нь хожуу үедээ эмнэлэгт хандсанаас амь нас нь хохирчээ.
Нийт тохиолдлын 61.5 хувийг элэг, ходоод, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна. Тэгэхээр энэ нь шалтгаан нь тодорхой, сэргийлэх боломжтой өвчнөөр өвдөж байна гэсэн үг.
Учир нь элэгний хорт хавдрын үндсэн шалтгаан нь цус, бэлгийн хавьтлаар дамжин халдварладаг элэгний В, С вирус, ходоодны хорт хавдрын үндсэн шалтгаан нь ходоодны хелихобактер, умайн хүзүүний хорт хавдрын үндсэн шалтгаан нь бэлгийн хавьтлаар дамжин халдварладаг хүний хөхөнцөр вирусын халдварууд юм.
Манай улс 2007 оноос энэ өдрийг тэмдэглэж, хорт хавдрын талаар хүмүүст мэдээлэл өгч, хавдрыг эрт эмчлүүлэхэд голчлон анхаарч ирсэн. Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, МҮОНРТ хамтран 2011 оноос “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг хэрэгжүүлсэн нь үр дүнтэй байгаа юм.
Аяны хүрээнд хорт хавдрын сэргийлэлт, эрт илрүүлэлтийн ач холбогдлын талаар олон нийтэд чиглэсэн сургалт явуулж ирсэн. Мөн зарим иргэнд хорт хавдрын нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэг олон төрлийн арга хэмжээ зохион байгуулжээ. Аяны үр дүнд эрсдэлт бүлгийн 91 мянган хүнд үзлэг хийж, аймгуудад хорт хавдрын 403 мэс засал, эмчилгээ хийсэн байна.
“Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна | ||
Үзсэн: 2024 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.