Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд ...

2018-03-18 17:23:10

Өнөөдөр явагдаж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хамгийн сүүлийн  үеийн мэдээллийг хүргэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн энэ удаагийн сонгогчдын  саналыг нийт 97028  хэсэг  хороон  дээр   авахаар  зохион байгуулсан байна. 

Сонгуулийн хэсэг хороод  орон нутгийн цагаар  өглөөний  08:00 цагаас  оройн  20:00 цаг хүртэл  сонгогчдын саналыг  авах  ёстой.  Гэхдээ ОХУ-ын нутаг дэвсгэр нь  нийт  цагийн  11  бүсчлэлтэй.  Үүнээс шалтгаалаад  санал  авах үйл  явц  нийт  22  цагийн  туршид  үргэлжлэхээр  байгаа.

Мөн  цагийн зөрүүнээс шалтгаалаад  санал  хураалт  Москвагийн цагаар   өчигдөр 23:00  цагт  буюу Улаанбаатарын  цагаар  өнөөдөр үүрийн  04  цагт эхэлсэн. Хамгийн түрүүнд  Камчаткийн  хязгаар дахь  Оросын  сонгогчид саналаа  өгсөн бол  хамгийн сүүлд  буюу  Москвагийн цагаар  21  цагт  буюу  Улаанбаатарын цагаар  маргаашийн 02:00  цагт   санал хураалт дуусна  гэсэн үг юм.

Өнөөдөр санал  өгөх  сонгогчдын тооны  хувьд   ОХУ-ын  сонгуулийн төв хорооны мэдээгээр  110 сая 858 мянга 228.  Гэхдээ энэ бол   2018  оны  1 дүгээр сарын  1-ний  байдлаар  сонгогчдын нэрсийн  жагсаалтад  бүртгэгдсэн иргэдийн  тоо.   Нийт сонгогчдоос  1 сая 889 мянга 359  нь хилийн  чанадад амьдарч байгаа санал өгөх Оросын иргэд юм.  Хилийн чанадын  нийт 145  улсад  сонгогчдын санал  авах  401 хэсэг хороог эмхлэн байгуулаад  байна.  Энэ удаад  2014 онд  ОХУ-ын   бүрэлдэхүүнд  нэгдсэн Крым,  Севастопольд  Оросын  Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт анх  удаагаа  явагдаж байна. 

Сонгуулийн  эхний  урьдчилсан дүн  Сонгуулийн төв  хорооноос  маргааш  Москвагийн цагаар  10:00  цагт буюу  Улаанбаатарын  цагаар  18:00 цагт  албан  ёсоор  танилцуулна. Гэхдээ  урьдчилсан дүнгүүд Калининградын  санал хураалт дууссаны  дараагаас  муж  холбооны  субъектээрээ гарч эхэлнэ. ОХУ-ын  Сонгуулийн  төв хорооны  хуулиар  протоколуудыг  шалгаснаас  хойш  10  хоногийн  дотор  сонгуулийн эцсийн  дүнг гаргасан байх ёстой.  Тиймээс  энэ сарын 29 ны дотор  эцсийн албан  ёсны  дүнг  танилцуулна гэсэн үг.

Сонгогчдын саналыг гараар  болон  сонгуулийн хуудаснуудыг боловсруулах  машины  тусламжтайгаар гэсэн  2  аргаар  тоолдог.  Автоматжуулсан систем нь  саналын хуудсыг түргэн шуурхай,  үнэн  зөвөөр  тоолох боломжоор хангаж  өгдөг.  Мэдээллүүд нь  Сонгуулиуд гэсэн үндэсний хэмжээний  автоматжуулсан  системд  дамжуулагдсанаар  алслагдмал бүс нутаг,  хот суурингуудаас   саналын хуудаснууд  болон протоколуудыг хүргэхтэй холбоотой  асуудлаас зайлсхийх боломжийг олгодог  байна. Энэ  удаагийн сонгуульд  саналын хуудсыг  тоолох  13600  машиныг  ашиглах  бөгөөд үүгээр нийт  саналын гуравны нэгийг  тоолох  юм  байна. 

Үүний зэрэгцээ  энэ удаагийн сонгуулиар  бүртгэлтэй  газраа  биш  түр  оршин суугаа  эсвэл  аялал, амралтаар явж  байгаа газраа саналаа  өгөх боломжийг  анх удаагаа  Оросын  5,5 сая  иргэн  ашиглаж  байгаа юм байна.  өмнөх  сонгуулиудаар  урьдчилж  шилжүүлгийн  хуудас  авч  тухайн очсон газраа  саналаа  өгөх боломжтой байсан.  Харин энэ удаад  Төрийн  үйлчилгээ, нэг цэгийн үйлчилгээний  төвүүд,  сайтуудад   интернетээр  захиалга  өгч  бүртгүүлэх  боломжоор  хангаж  өгсөн  байна. Сонгогчид  саналаа  урьдчилж  өгөх  боломжтой.  Одоогоор ОХУ болон хилийн чанадад  нийт 180 мянган  сонгогч   буюу  нийт сонгогчдын  0,14 хувь нь  саналаа  урьдчилж  өгсөн  дүнтэй байна. 

Энэ удаагийн  ОХУ-ын  Ерөнхийлөгчийн сонгуульд 8 нэр дэвшигч  өрсөлдөж  байна.   Тэдний  1 нь  бие  даагч,  7 нь улс  төрийн  намаас нэр  дэвшин өрсөлдөж байна.  Ингээд нэр  дэвшигчдийг товч  танилцуулъя.

1. БАБУРИН Сергей Николаевич

Оросын Шинжлэх Ухааны  Академийн  нийгэм, улс төрийн судалгааны  хүрээлэнгийн  шинжлэх ухааны  ахлах  ажилтан. “Оросын бүх ард түмний холбоо” намын нэр дэвшигч бөгөөд ОХУ-ын  Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаагаа нэр дэвшин өрсөлдөж байна.

2. ГРУДИНИН Павел Николаевич

“Лениний  нэрэмжит хамтрал” ХХН-ийн дарга. ОХУ-ын  “Коммунист нам”-ын нэр дэвшигч. ОХУ-ын  Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаагаа нэр дэвшин өрсөлдөж байна.

3. ЖИРИНОВСКИЙ Владимир Вольфович

ОХУ-ын Холбооны  зөвлөлийн Төрийн Думын депутат. Либерал Ардчилсан Намын дээд зөвлөлийн тэргүүн,  намын дарга. Либерал Ардчилсан Намаас нэр  дэвшигч
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 5 удаа нэр дэвшин өрсөлдөж байсан.

1991 онд      7,81 хувийн саналаар 3-рт
1996 онд      5,7 хувийн саналаар   5-рт
2000 онд     2,7 хувийн саналаар   5-рт
2008 онд      9,35 хувийн саналаар 3-рт
2012 онд   6,22 хувийн саналаар 4-рт  бичигдэж байсан

4. ПУТИН ВЛАДИМИР Владимирович

ОХУ-ын Ерөнхийлөгч. Бие даан  энэ удаагийн сонгуульд  өрсөлдөж  байгаа. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд  3 удаа нэр өрсөлдөж байсан.

2000 онд 52,94 хувь
2004 онд 71,31 хувь
2012 онд 63,6 хувийн саналаар  ялалт байгуулж байсан.

5. СОБЧАК Ксения Анатольевна

“Телеканал дождь” ХХН-ийн мэдээллийн албаны  хөтлөгч. “Иргэний санаачлага” Бүх Оросын улс төрийн намын нэр дэвшигч. ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд анх удаагаа нэр дэвшин өрсөлдөж байна.

6. СУРАЙКИН Максим Александрович

 “Коммунист нам, Оросын коммунистууд” намын Төв  хорооны дарга. Коммунист нам, Оросын коммунистууд” намын нэр дэвшигч. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаагаа нэр дэвшин өрсөлдөж байна.

7. ТИТОВ Борис Юрьевич

ОХУ-ын  Ерөнхийлөгчийн  бизнес эрхлэгчдийн  эрхийг хамгаалах асуудал эрхэлсэн  бүрэн  эрхт төлөөлөгч.  “Өсөлтийн нам”-ын нэр дэвшигч. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаагаа нэр дэвшин өрсөлдөж байна.

8. ЯВЛИНСКИЙ Григорий Алексеевич

 “Яблоко” намын холбооны улс төрийн  хорооны гишүүн. “Яблоко” намын нэр дэвшигч. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд  3 удаа нэр дэвшиж байсан

1996 онд 7,34 хувийн  саналаар  4-р байрт
2000 онд  5,8 хувийн саналаар 3-р байрт  тус тус орж байсан
2012 онд  нийт дэмжигчдийнх нь 25 хувийнх нь гарын  үсэг хүчингүй гэж үзэн  Сонгуулийн Төв хороо  бүртгэхээс татгалзаж байсан.

Нэр дэвшигчдийг  саналын  хуудсанд  сонгуулийн  төв  хорооноос дараах  байдлаар  дараалуулан  бичсэнээр  танилцууллаа.   Сонгогчдын  50-иас дээш  хувийн  санал  авсан нэр дэвшигч  ялагч болох  ёстой.  Хэрэв нэр дэвшигчдээс хэн нь  50 -иас дээш хувийн санал  аваагүй бол  2  дахь  шатны  санал хураалтыг  зохион байгуулж  өрсөлдөөн  хамгийн  их санал авсан 2 нэр дэвшигчийн  хооронд болно.

6 удаагийн сонгуулийн түүхэнд 2  дахь  шатны  санал  хураалт  болж  байсан  тохиолдол ганц  л  гарсан нь  1996 оны  сонгууль юм.  Тэр  үед    Оросын  Ерөнхийлөгчийн  2 дахь  шатны   сонгуулийн санал хураалт нэр дэвшигч  Борис Ельцин,Геннадий Зюганов  нарын хооронд болж байсан юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нийт  40 орчим хүн нэр дэвшихээ  илэрхийлж байсан  ч  нэг  хэсэг нь нэрээ  татсан,  зарим нь  албан  ёсоор  бүртгүүлээгүй,  нөгөө  хэсэг нь  сонгуулийн төв  хороо  бүртгэхээс татгалзсан зэргээс  болж  өрсөлдөөн  ийнхүү  8 нэр дэвшигчийн хооронд  болж байна. 

















Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойронд ...  
Үзсэн: 3261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй