Шууд Chart

"Төл таван-Эрдэнэ" тав дахь жилдээ...

2018-04-06 16:46:43

... Таван бүлээн зүс
Таван уяхан эгшиг
Тэгш таван хүслийн
Амьд таван эрдэнэ ... гэсэн ийм нэгэн уянгалаг дуу эх орон даяар эгшиглэхэд хэн бүхний сэтгэлд, малчны хотонд урин хавар ирдэг. Төлийн дуу цангинаж, цасны чийгэнд шинэ ногоо цухуйж, саяхан төллөсөн мал нялх төлдөө сүжрэн хотондоо эргэлдэнэ. Хөх бууц үнэртсэн малчны хот, чийг үнэртсэн бор талын энгэр, ээвэр газрыг эмжээрлэн хөх яргуй юу, юугүй хөрс түлхэн өндийх нь. Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг “Дулааны энгэр" хэмээх ээл дулаахан бууцанд малаа төллүүж байгаа Улсын аварга малчин Намжилын хотноос “Төл таван-Эрдэнэ“ нэвтрүүлэг дуутай, хууртай эхэлсэн юм.

ХХААХҮЯ-аас МҮОНРТ-тэй тав дахь жилдээ хамтран явуулж байгаа “Төл таван-Эрдэнэ" нэвтрүүлгийн ерөнхий продюсероор МҮОНРТ-ийн Дэд захирал Ганхуягийн Гэрэл, гүйцэтгэх продюсероор Дагвадоржийн Наранцэцэг, сэтгүүлчээр ХХАА-н тэргүүний ажилтан Пэрэнлэйн Алтанцэцэг, сэтгүүлч Өлзийхутагийн Цогт-Эрдэнэ, найруулагчаар Доржхандын Дуламсүрэн, Чулуунцэндийн Манлайбаатар, Сэлэнгэсүрэнгийн Алтансүх, зураглаачаар Даянгийн Ганхуяг, Баярсайханы Баясгалан, Очирбатын Төмөрхуяг, нэвтрүүлэгчээр Нордовын Баярмаа, жолоочоор Амаасэрээтэрийн Өлзий-Очир, Наваандоржийн Болдбаатар нарын мэргэжлийн баг ажиллах юм.

Улсын аварга малчны болзлыг нохой жилийн эхэнд хангасан малчин Намжилынх малаа таван төрөл дээр нь тэгш сайн өсгөдөг айл юм. Дөрвөн хүүхэд нь дөрвүүлээ малчин болж, малын буянаар элбэг сайхан амьдарч байна. Төв аймгийн Алтанбулаг сум өвөлдөө цас ихтэй, хатуухан орсон ч Улсын аварга Намжилын хотонд хонь нь хургалж, ингэ нь ботголоод төлийн дуу цангинан, идээ цагааны түрүүч гарч эхэлжээ. Зуд зулагтай гэдэг. Дээр нь дэлэнт малын буян хэмжээлшгүй их юм даа. “Төл таван-Эрдэнэ” нэвтрүүлгийн уран бүтээлчид 21 аймгийн 60 гаруй сумаас нэвтрүүлгээ бэлтгэн үзэгч танд хүргэнэ.



















Нийтэлсэн: П.Алтанцэцэг

"Төл таван-Эрдэнэ" тав дахь жилдээ...   
Үзсэн: 3076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [203.91.116.xxx] 2018-04-07 12:29
Дээр нь бас малчин айлын ганц зураг оруулахгүй өөрсдийгөө рекламдаад таалагдахгүй бн Сэтгүүлч хүн ийм бх дэмий Сэтгүүл зүй ийм байх ёсгүй
Зочин [203.91.116.xxx] 2018-04-07 12:27
НЭВТРҮҮЛГИЙН ЧИНЬ НЭР БУРУУ ЮМ БИШ ҮҮ. "Төл-Таван эрдэнэ" гэх юм биш үү. Таван-Эрдэнэ гэвэл хүний нэр байж болно.

Бидэнтэй нэгдээрэй