Шууд Chart

“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ уламжлал ёсоор ирэх тавдугаар сарын 01-06-ны хооронд болно

2018-04-26 13:57:09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ ирэх тавдугаар сарын 01-06-ны хооронд улсын хэмжээнд болно.

“Үндэсний бичиг үсэг - Тусгаар тогтнол” уриан дор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Үндэсний номын сангаас Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, МУИС-ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, “Бичиг соёл” боловсролын төв, Төрийн түүхийн музей, аймаг орон нутгийн номын сангууд зэрэг боловсрол, соёлын байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Уг баярын хүрээнд Монгол хэл, соёлын судалгааны асуудлаарх эрдэм шинжилгээний хурлууд, Монголчуудын бичиг үсгийн түүх, соёл, уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнгүүд, уншигч, эрдэмтэдийн уулзалт, хэлэлцүүлэг болон үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах төрөл бүрийн арга хэмжээг аймаг, нийслэлийн номын сан, их дээд сургууль, ЕБС зэрэг боловсрол, соёлын байгууллага хамтран өргөнөөр зохион байгуулах юм.

Монгол бичгээ хойч үедээ өвлүүлэх, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор үндэсний бичиг соёлын уралдаан, Монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах  уралдаан, сургалтуудыг орон даяар явуулж байна.

Эх хэл бичиг, түүх соёлоо үндэсний хэмжээнд сурталчлах энэхүү арга хэмжээний нээлт тавдугаар сарын 4-нд Үндэсний номын санд болно.

Ерөнхий зохион байгуулагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар,  Үндэсний номын сан ажиллаж байна.

Хамтран зохион байгуулагчаар Хүүхдийн төв номын сан Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Төрийн түүхийн музей, МУИС-ийн  ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим , “Бичиг соёл, боловсролын” төв, Аймаг, нийслэлийн соёл, урлагийн байгууллага.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Үндэсний бичиг үсгийн баяр-2018” арга хэмжээ уламжлал ёсоор ирэх тавдугаар сарын 01-06-ны хооронд болно  
Үзсэн: 1475 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй