
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.
-Танай намын бүлэг УИХ-ын даргад шаардлага хүргүүллээ. Энэ шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд яах вэ?
-Засгийн газрын зарим гишүүдтэй хариуцлага тооцох шаардлагыг манай бүлгийн зарим гишүүн хурцаар тавьсаар ирсэн. Улсын эдийн засаг уруудаж, ард иргэдийн аж амьдрал өдөр ирэх тутам доройтож байхад сөрөг хүчин дуугүй хараад суух эрхгүй л дээ. Өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хурлаар гишүүдийн олонхи нь дэмжсэнээр зарим сайд нартай хариуцлага тооцох асуудлыг тавьсан. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд сайд нарыг огцруулах асуудлыг дэмжээгүй. УИХ-ын нэгдсэн чуулганаар ч олонхиороо түрээд сайд нарыг авч үлдэх нь бараг тодорхой болоод байна. Гэхдээ энэ нь УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд хариуцлага тооцох асуудлыг орхих үндэслэл болохгүй. Манай бүлэг тавьж байгаа шаардлагаа цаашид үргэлжүүлнэ гэсэн байр суурьтайгаар асуудалд хандаж байгаа.
-Хуулиа батлахгүйгээр гишүүдийн ирцийг хурууны хээгээр нь бүртгэх гэж оролдсоноос болоод танай бүлэг завсарлага авлаа. Та энэ үүссэн нөхцөл байдлын талаар ямар бодолтой байгаа вэ?
-УИХ хууль тогтоодог байгууллага. Гэтэл өөрөө хууль зөрчсөн үйлдэл хийж байхад сөрөг хүчин зүгээр хараад сууж таарахгүй л дээ. Тиймээс манай бүлэг УИХ-ын үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах, санал хураах тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагаа бүрдэх хүртэл хоёр хоногийн завсарлага авсан нь зүйн хэрэг.
-УИХ-ын даргад тавьсан шаардлага дотор таны С.Бямбацогт нарын гишүүд та нарын хамт санаачилсан хурууны хээгээр ирц бүртгэх, санал өгөх хуулийн төслийг хэлэлцэх байсан. Хууль батлагдлаа гэхэд тэр даруйд нь хэрэгжүүлэх техникийн боломж УИХ-ын Тамгын газарт байгаа болов уу. Энэ талаар судалж үзсэн үү. Яагаад ингэж асуув гэхээр зөвхөн хурууны хээгээр бүртгэх системтэй болоход л зарим техник тоног төхөөрөмж нь ажиллахгүй байх тохиолдол гарлаа шүү дээ?
-Хурууны хээгээр бүртгэх тоног төхөөрөмж буруу ажиллаж байхад хууль хэлэлцэж батлах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж болохгүй нь хэнд ч тодорхой асуудал. Манай бүлгийг завсарлага авсны дараа тэр өдөр нь үдээс хойш АН-ын бүлгийн дарга хурууны хээгээр бүртгэх тоног төхөөрөмжийг засч хэвийн ажиллагааг нь хангасан тухай МАН-ын бүлгийн даргад мэдээлж, үдээс хойш хуралдаан үргэлжлэх тухай хэлсэн байна лээ. Гэхдээ тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгаж, хэвийн болсон эсэхэд баталгаа өгөх субъект нь АН-ын бүлэг биш учраас МАН-ын бүлэг тоног төхөөрөмжийн асуудлаар Тагнуулын ерөнхий газарт хандаж хариу хүлээж байна. Чуулганы үеэр тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгаж УИХ-ын дарга хэд хэдэн удаа туршилтын санал хураалт явуулж эцэст нь эрэгтэй гишүүд “тийм”, эмэгтэй гишүүд “үгүй” гэсэн товч дарж санал хураахад 17 эмэгтэй татгалзсан санал өгсөн үр дүн дэлгэцэнд гарсан. УИХ 11 эмэгтэй гишүүнтэй. Ийм байхад УИХ-ын чуулганы үйл ажиллагаанд оролцоод санал хураалгаад сууж байж таарахгүй. Хамгийн гол нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж батлаагүй, өмнөх хууль нь хүчин төгөлдөр үйлчилж байхад хуулиас гадуур дэгээр ажиллаж болохгүй гэдгийг МАН-ын бүлгийн гишүүдээс гадна гишүүн С.Баярцогт, Ц.Даваасүрэн нар УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан гэж үзэж эрс эсэргүүцсэн.
-Одоогоос яг жилийн өмнө Ерөнхийлөгч Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслөө батлагдахын даваан дээр эргүүлэн татсан. Ерөнхийлөгч төслөө эргүүлэн татсан нь зөв шийдвэр байсан уу?
-Ерөнхийлөгч Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөлд мэдрэмжтэй хандаж цагийг нь олж эргүүлэн татсан гэж боддог. Хэвлэл мэдээллийн салбарын сэтгүүлч, уран бүтээлчидтэй уулзаж санаа бодлыг нь сонсох, бодит амьдралд нийцсэн, хэрэгжих боломжтой хууль гаргахын тулд тооцоо судалгаа гаргах, хэлэлцүүлэг хийх гээд бэлтгэл ажил сайн хангах шаардлага байгаа юм.
-Танд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл санаачлах бодол бий юү?
-Хэвлэл мэдээллийн салбарын үйл ажиллагаа хууль, эрх зүйн орчноосоо болоод доголдоод байгаа зүйл төдийлөн үгүй гэж хувь хүний хувьд үздэг. Хотын дарга Э.Бат-Үүл гишүүн байхдаа санаачлан батлуулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль 1998 оноос хэрэгжиж эхэлсэн. Дөрөвхөн зүйл заалттай энэ хууль хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хангалттай зохицуулж байна гэж дөрөв дэх засаглалынхан үздэг. Би тэдний нэг нь. Харин сэтгүүлчдийг бичсэн нийтэлснийх нь төлөө барьж хорьдог, торгож шийтгэдэг Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг засч залруулах шаардлага бий. Ерөнхийлөгч мөн энэ асуудлаар ажиллаж байгаад сэтгүүлчид талархалтай байдаг. Үүнд идэвхтэй хамтарч ажиллана. Телевизийн салбарын тухайд кабелийн сувгууд телевизүүдийн өдөр шөнөгүй ажиллаж бэлтгэсэн хөтөлбөрийг нь авч цацаж буй хэдий ч ямар ч мөнгө төлөхгүй эсрэгээрээ төлбөр нэхээд сууж байгаа гажууд тогтолцоо үйлчлээд байгаа. Үүнийг журмаар зохицуулж болмоор санагддаг ч урагшлахгүй байгаа учраас хуулиар зохицуулах шаардлага гарч ирэх нь. Бусдаар энэ салбарт хууль тогтоомжийн чиглэлд тулгамдаад байгаа асуудал одоогоор гайгүй байгаа гэж боддог. Ер нь бидэнд ямар хууль хэрэгтэй талаар хамтдаа сууж асуудлаа тодорхойлох шаардлага бол бодитой бий.
-У.Хүрэлсүх гишүүн өргөдлөө өгснөөр та УИХ-д орж ирсэн. У.Хүрэлсүх шийдвэр гаргахдаа өөрийнхөө оронд орж ирэх хүний талаар бодсон байна. Танд итгэсэн нь бас шийдвэр гаргахад нь нөлөөлсөн болов уу. Тухайн үед танд юу хэлж байсан бэ?
-У.Хүрэлсүх гишүүн надад суудлаа шилжүүлэх гээд чөлөөлөх хүсэлт тавьсан гэвэл хэтэрхий хэтийдсэн дүгнэлт болно. Төрийн ажил хувь хүмүүс хоорондоо шилжүүлдэг, найр тавьдаг алба бус. Хуулийн дагуу жагсаалтаар сонгогдсон гишүүн УИХ-аас чөлөөлөгдвөл дараагийн бичигдсэн гишүүн тангараг өргөнө. Тэр дагуу л гишүүн болсон хэрэг.
-Одоо та түүнтэй холбоотой байгаа юу. Та ер нь түүнээс "Ингээд улс төрийг бүрмөсөн орхиж байгаа юм уу гэж асууж үзсэн үү. Цаашдаа юу хийх вэ" гэж асууж байв уу?
-Даргатай байнгын холбоотой байдаггүй. Энд байхад нь дарга, цэргийн харилцаатай л ажиллаж байсан. У.Хүрэлсүх дарга тухайн үедээ чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлэхдээ гэр бүлийн хүнийхээ эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй болсноо хэлсэн. Том намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн мэдээж гишүүдтэйгээ уулзаж учир явдлаа ярина. Аль болох хурдан эргэж ирнэ гэдгээ ч хэлж байсан. Өвчин зовлон хүний бодсоноор болдоггүй болохоор тодорхой хугацаа хэлэхэд төвөгтэй шүү дээ. Энэ хүний орон зай намд үгүйлэгдэж байгаа нь харин бодит үнэн.
С.Шийлэгтөмөр
Эх сурвалж: “Үндэсний шуудан”
Д.Сарангэрэл: Хууль тогтоодог байгууллага нь хууль зөрчиж болохгүй | ||
Үзсэн: 1578 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.