Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр болно

2018-05-07 13:27:39

ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр Москвагийн цагаар 12  буюу Улаанбаатарын цагаар 17 цагт эхлэх гэж байна. Тангараг  өргөх ёслол Кремлийн ордны Андреевийн танхимд болно. Нийт 5 мянган зочин урилгаар тус арга  хэмжээнд оролцох юм байна.

Энэ нь өмнө нь болж байсан Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон зочдын тооноос хоёр дахин их аж. ОХУ-ын Ерөнхийлөгчийн  тангараг өргөх  ёслолд  парламент, Засгийн газрын гишүүд, урлаг  соёлын  нэрт  зүтгэлтнүүд  урилгаар  оролцох  юм.  Мөн Ерөнхийлөгч Владимир Путины сонгуулийн кампанид идэвхтэй оролцсон сайн дурынхны төлөөллийг ч ёслолд урьжээ.

Хэвлэл мэдээллийнхэн, тэр дундаа Оросын хэвлэлүүд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол энэ удаад харьцангуй энгийн даруу болно гэж  мэдээлж байна.  Тодруулбал, өнөөдөр  Ерөнхийлөгчийн  цуваа  Москвагийн гудамжаар  явахгүй, тусгай хүлээн авалт ч хийхгүй юм байна.  Гадны  зочид төлөөлөгчдийн тухайд энэ удаагийн тангараг өргөх ёслолд Италийн экс Ерөнхий сайд, "Итали урагшаа нам"-ын тэргүүн Сильвио  Берлускони,  мөн  Германы  канцлер  асан  Герхард  Шройдер нар урилгаар оролцох нь  баттай гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Мөн Калифорн мужийн захирагч асан, Холливудын нэрт жүжигчин Арнольд Шварцнеггер оролцоно гэсэн мэдээ байна. Харин Казакстан,  Белоруссын Ерөнхийлөгч болох Нурсультан Назарбаев, Александр Лукащенко нар Оросын төрийн дээд  арга хэмжээнд оролцохыг албан ёсоор баталсан байна.

Түүнчлэн Молдавын удирдагч Игорь  Додон, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нар Москва хотноо хүрэлцэн очоод буй аж. Ер нь бол Оросын төрийн тэргүүний тангараг өргөх ёслолд гадаадын улс орнуудын удирдагчдыг уриад байдаггүйг энэ үеэр хэвлэлүүд бас сануулж байна.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх өнөөдрийн ёслол бол Владимир Владимирович Путины хувьд дөрөв дэх нь. Мөн тэрбээр өнөөдөр Ерөнхийлөгчийн  тангараг өргөснөөр зургаан жилийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд  Оросын төрийн барьж эхэлнэ. Оросын Ерөнхийлөгчийн шинэ бүрэн эрхийн хугацаа 2024 оны тавдугаар сард дуусгавар болох юм. Ингэснээр төрийн  тэргүүний  албыг хашсан хугацаагаараа  Путин  Ерөнхийлөгч  дээд амжилт  тогтоох  болно. Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-ын  Ерөнхийлөгчийн  ээлжит  сонгууль  болж  Ерөнхийлөгч  Владимир Путин  эхний шатандаа 77 хувийн санал авч ялалт байгуулсан.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараагаар Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог. Энэ удаад  сайд нарын танхимд  эрс өөрчлөлт хийхээр  төлөвлөж  байгааг мэдээлж байна.

 



Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр болно   
Үзсэн: 1795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй