
Энэ удаагийн редакцийн зочноор Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, “Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн тэргүүн Г.Буяндэлгэр, гүйцэтгэх захирал Б.Дарамбазар нарыг урьсан юм. Бид тэргүүн хамбатай монголын шашин төрийн өнгөрсөн, эдүгээ үе болон “Ганжуур”, “Данжуур” судрыг крилл үсэгт буулган ном болгож буй талаар ярилцлаа.
- Манай улсад гадны шашны урсгалууд хүч түрэн орж, иргэдийн тархийг угаасаар байна. Үүнийг дагаад манай лам хувраг, гандангийнхан ажлаа сайн хийхгүй байна гэх шүүмжлэл сонсогддог. Энэ талаар?
- Монгол хүн аливааг бусад руу түлхэх их уран авъяастай. Жишээ нь, христосын нэг нөхөр ирээд амар заяа үзүүлэхгүй шашнаа яриад л, юм өгөөд л байвал “за одоо авъя даа, энэ Гандангийн хамба ер нь юу хийдэг юм бэ” гэсэн хандлагатай. Үнэндээ бол энэ чинь яг өөр дээр нь тулсан ажил. Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөө бий. Тэгэхээр хяналтын байгууллагад хандах хэрэгтэй. Яагаад гэвэл тэр хүний эрх ашигт халдаж байна. Өөрийнхөө төлөө тэмцэл явуулахгүй, хэн нэгнийг буруутгаад л. Одоо яая гэхэв өгсөн юмыг нь авсан хойноо цуглаанд нь очоод яахав дажгүй юм байна гэнэ. Энэ бол өөрийнхөө эрх чөлөөг мэдрэхгүй, эх орондоо эзэн болж чадахгүй байгаагийн жишээ. Бид хуулиа мэдэж гэртээ, үр хүүхэддээ, эх орондоо эзэн нь байх ёстой. Шал хэрэггүй юман дээр эрхээ эдэлчихээд өөрт нь тулсан юман дээр эрхээ эдлэхгүй хүн рүү заагаад байдаг.
- Нөгөө талаас өнөө цагт төрийн бодлогоор шашин хүчирхэгжих шаардлагатай байна гэсэн санаа юу?
- Шашиндаа өөриймсөг хандах хэрэгтэй мэт санагддаг. Монголын хүн амын 87 хувь нь буддын шашинг шүтдэг. Шашнаа хурдан сэргээж чадвал нийгэм цэгцэрнэ. Хүмүүсийн сэтгэл, сүсэг бишрэл тэгширнэ. Лам хуврагууд нь сүсэгтэн олондоо сайн сайхныг л хүсдэг. Арван хар нүгэл, арван цагаан буян яриад ирэхээр хүн ард нь тайвширна. Иймэрхүү маягийн юмаа бид алдчихжээ гэж боддог юм. Бид түүхээ буцаж харахгүй хэрэгтэй. Бидний муу хэлээд байсан Богд чинь 1921 оны хувьсгалыг оройлон мандааж амь насаа хайрлахгүй явсан юм. Бид түүхээ л эргэж харахгүй бол залуу үе шашин соёлыг одоо л гайхамшиг болчихсон мэтээр ойлгож байна. Бид гадны нөлөөлөлд улам хавчигдаад өөрийн юмандаа хүнийрхүү хандаж, монгол улсдаа амьдарч монгол аав ээжээс төрсөн мөртлөө соёл заншлаасаа хөндийрч байх шиг сэтгэгдэл төрдөг дөө.
- Цаг үеэ дагаад алив юмс өөрчлөгдсөөр байна. Гэхдээ энэ бүхэн нийгмийн хөгжлийн шаардлагын улмаас үүсч байгаа учраас буруутгах аргагүй ч юм шиг?
- Бид бүхий л цаг үед хийдгээ хийгээд, хүн төрөлхтний түүхээс хоцроогүй, хамтдаа л явсаар ирсэн. XX зууны эхэн үеийн Азийн бүхий л орнуудыг нүдэндээ дүрслээд үз л дээ. Бид тэднээс тэр үед хоцорсон байсан гэж үү. Цөмөөрөө л ижилхэн байсан. Тариачин, ногоочин өнөөх сийрсэн хувцастай гээд л. Бидэнд энэ цаг үеэс илүү тэр цаг үед бахархах зүйлс элбэг байсан юм биш үү? Тухайлбал, дэлхийн түүхэнд онцгой мянганы хүнээр Чингис хаан маань тодорлоо. Бас нэг юмыг бид анхаарах ёстой. Сүүлийн үед маш олон ном зохиол орчуулж байна. XX зууны эхэн үед монголоор явж байсан жуулчдын авсан зургийг харахад өмссөн зүүсэн нь ямар гайхамшигтай юм бэ. Сувд энэ тэрийг чинь барзайтал нь зүүж, хүр хорхойн торгон дээл өмссөн байх жишээтэй. Нэг монгол эмэгтэйн өдөр тутмын гоёл 30-40 саяын үнэтэй байсан байна.
Тэгэхээр монгол хүн дэлхийн аль ч орны иргэдээс ахуй, соёлынхоо хувьд хоцрогдож байгаагүй гэх бүрэн үндэслэлтэй. Монголчууд баян тансаг, өмсдөг юмаа өмсөж байж, эдэлдэг юмаа эдлэж байжээ. Саяхан хүртэл ийм жишиг байсан шүү дээ. Миний эмээ гэхэд л “цагаан сар болоход хүрээнд бүгдээрээ сайхан торгоор шинэ дээл хийж өмсчихөөд хийддээ сунаад мөргөнө. Мөн ч их буян байж дээ. Дээлээ хайрлахгүй мөргөдөг” гэж ярьж байсан. Харин ч одоо бид нийтлэг нэг загварт орчихож. Коммунизмын үед даалимбаар дээл хийчихсэн, давчхан гэж жигтэйхэн юм. Гэр орон гэж улам багассаар улам жижиг болчихсон байх жишээтэй.
- Нэг үеэ бодоход бурханы шашин сайхан хөгжиж байна. Гэхдээ манай буддын шашны хөгжил, нийгэмд эзлэх орон зай л нэг сулбагар байгаад байх шиг?
- Бид нар чинь 1000 гаруй сүм хийдээ устгуулж, 123 мянган лам нарыг хар болгосон. Гайхамшигтай сайхан бүтэлүүдийг нь устгаад сум хийлгэх гээд явуулчихсан. Бүтээл номлолыг бүгдийг нь шатаачихсан юм шүү дээ хөөрхий.1937 он монголын ард түмний зүрх сэтгэлд ихээхэн цус асгаруулсан түүхтэй. Хувьсгалын бүхий л цаг үеүдэд буддын шашинг муухай харагдуулах үзэл санааны үрийг төрийн бодлогоор ард иргэддээ суулгасаар ирсэн. 1992 онд ардчилсан үндсэн хууль баталсан ч гэсэн ард түмний коммунизмаас авсан “тэр нэг юм” байгаад л байсан. Ардчилсан нийгэм хөгжил дэвшил ярьж байгаа хирнээ мөн чанар дээрээ хуучин юмаа ярьдаг. Хуулиа батлахдаа ч, шашиндаа хандаж байгаа хандлага нь ч гэсэн.
- Хэлмэгдэлтэд өртөж байсан бусад орнуудын шашин эдүгээ хэрхэн сэргэж байна?
- Би гадаадын нэгэн цагт хэлмэгдэлтэд өртөж байсан орнуудын шашиндаа хандах хандлагыг их хардаг. Чех, Унгар, Болгар улсын шашиндаа хандах хандлага нь их уянгалаг болж өөрчлөгдөн сэргэсэн. Хэлмэгдсэн сүм хийдийг нь буцааж өгөөд, дэмжээд, шашнаа будлианд оруулахүйгээр явдаг. Иргэд засаг төр нь ч лам нартаа их зөөлөн ханддаг. Польшийн коммунизмын үеийн кинонууд уран сайхан, жүжиглэлт талаасаа сайн учир үүнийг бодож үзээрэй гэсэн тайлбартай гардаг байсан. Тийм ч учраас ард түмэн нь хурдан өөрчлөгдсөн, гаднаас ирж байгаа шашнуудын орон зай нь багассан.
- Харин манайх?
- Харин манайд дотоод сэтгэлийн өөрчлөлт маш муу явагдсан учраас хуучин кино, жүжгээ тавиад, өнөөх хуучин сургалтаараа л сургасан. Энэ хүчтэй ар талтай шашнуудад дийлэгдвэл тэр биз гээд л хаячихсан юм.
- Яг энэ төрийн үзлээс болоод лам нарын үнэлэмж нийгэмд унасан гэх гээд байна уу?
- Лам нар чинь мод, хад, сандал биш учраас идэх, амьдрах хэрэгтэй. Гэтэл зохион байгуулалттайгаар энэ лам нар чинь мөнгө аваад байна гэх болсон. Аль ч шашин өглөгийн эздээсээ тодорхой хэмжээний сахил журам баримтлаад өргөсөн өглөгийг нь авдаг байсан юм. Ингээд бодлогоор өөр мөнгөтэй шашин ороод ирэхээр лам нар мөнгөний төлөө явахаас өөр аргагүй болоод эвгүй байдалд орсон. Ёстой л мөргөлтэй, сүсэгтэй бишрэлтэй ард түмэн болохоороо л өдий зэрэгтэй тогтож байгаа юм. Төр засгаас дэмждэг байвал зүгээр л юм.
- Буддын шашны олон ойлголтууд хоёр талтай мэт харагддаг. Тухайбал, Нүгэл, буян гэх ойлголт. Олон бурхан давхарлан ачаад явж байтал хамгийн дээд талынх нь унах гэж байна. Үүнийг тогтоохын тулд доод талын бурхан дээр гишгэхэд нүгэл болох уу?
- Нэг ийм үлгэр байдаг. Нэг хүн бурхан бүтээгээд гадаа тавьчихсан байж, гэтэл жигтэйхэн мөндөртэй бороо орж гэнэ. Тэр замын хажуугаар явсан сүсэгтэй хүн яана аа бурхан багш дээр бороо орчихлоо шүү дээ, яаж хамгаалах вэ гэж бодоод өмдөө тайлж бурхан багшийн дээрээс бүтээчихэж. Бороо зогссоны дараа бурхан багш дээр яагаад өмд тавьж байгаа юм бэ гээд нөгөө өмдийг нь хуулаад хаячихаж. Энэ хоёр бол хоёулаа цэвэр сэтгэлээр хандсан учраас буян хураасан. Буян бидний сэтгэлээс хамаардаг гэсэн үг.
- Бас нэгэн жишээ дурдья. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумынханы шүтдэг бурхныг хийж, жинхэнэ хувилбарыг авчихаж. Иргэдийн хурлын дарга нь авсныг мэдээд буцааж автал дахиад л алга болчихсон гэнэ. Үүнийг зарим нь зарах сонирхолтой байхад зарим нь үнэхээр шүтлэгтэй болохоор гэртээ аваачиж залах гээд авчихсан байж болох. Энэ нь нүгэл үйлдсэн болох уу?
-Үйлийг гурван янзаар шинжинэ. Бэлтгэл үе нь ямар байж вэ? Хийхийн өмнөх шунал, жишээ нь тэр хүн ганцхан өөрийнхөө төлөө авч байгаа бол буруудна. Тэгээд үйлдэл, үүний үр дүнд ямар юм болсон бэ? Мөн дотоод сэтгэхүйн үйлдлийг шинждэг. Дотоод сэтгэхүй, үйлдэл хоёр цагаан байвал буянд ордог. Дотоод сэтгэл нь цагаан, үйлдэл нь хар бол жаахан зовлонтой болно доо. Сэтгэл нь хар, үйлдэл нь цагаан байж болно. Хоёулаа хар, хоёулаа цагаан байж болно энэ мэтээр шинжиж болох юм. Тийм учраас эцсийн үр дүнд яасан бэ гэсэн асуултад хариулах юм.
-Ганданд мөргөх гэж очсон хүн будаа авч тагтаа хооллох ёстой мэт болсон. Энэ ер нь хаанаас гаралтай, ямар учир утгатай зүйл вэ?
- Бурхан шашинд эх болсон зургаан зүйлийг л хайрлах гэж ярьдаг. Яагаад гэвэл амьтад ч бас хүнтэй л адилхан амьд биет. Надад ямар нэг зүйл тохиолдоход би хамгийн түрүүн амиа хамгаална аа даа. Амьтад ч өөрийгөө, үр хүүхдээ хачин их өмөөрдөг. Шувуу ямар ч чадалгүй мөртлөө ганганаад л үрээ хайрлаж зогсдог. Хүн гэдэг амьтан бүгдийг энэрэн хайрлах сэтгэлээ хөгжүүлж хэрэгжүүлж чадвал жаргалтай сайхан нийгэм бий болох нь харагдаж байгаа юм. Тэгэхээр хүнд хоёр янзын мэдлэг гарцаагүй хэрэгтэй болно. Нэг нь орчин үеийн шинжлэх ухаан, мэдлэг чадвар, нөгөө нь хайр энэрэл нигүүлсэл.
Монгол улсын үндсэн хуулинд байгаа нэг хүний эрх чөлөө нөгөө хүний эрх чөлөөгөөр хязгаарлагдана. Нэг хүнд хашгичиж хараах эрх байхад нөгөөд нь тайван суугаад ажлаа хийх эрх чөлөө байна. Түүнтэй ижил жигүүртэн араатан амьтад бүгд тэр зохицлоор явдаг болов уу? Тэгж зохицож чадах юм бол сайхан нийгэм болно. Тагтаа ч гэсэн амьтан, хайр энэрэл чухал. Гэхдээ энэ нийгэм их хөдөлгөөнтэй болчихсон. Жишээ нь Америкт ямар ч гэмт хэрэгтэн сүм хийдэд очиход нуугдах газрыг нь өгдөг, тэглээ гээд яагаад бусармаг хэрэгтэнг нуусан бэ гэж асуудаггүй, байцаадаггүй юм. Хүн төрөлхтний ариун ёс юм, энэ чинь. Монгол одоохондоо ардчилалд сураагүй учраас шал ондоо, эсрэгээрээ байгаа шүү. Манай лам нарт тагтаагаа хороо гэж хэлээд нэмэргүй, бид энэрэн хайрлана. Хүн юм өгч байхад битгий энэ тагтаа өлсөж үхэг гэж хэлэхгүй. Зүгээр бид нийгэмд бусдын хайр хүндэтгэлээр амьдарч байгаа учраас тэр. Харин вирус энэ тэр нөлөөлдөг бол төр засгийн байгууллага, эмнэлгийнхэн нь мэдэг.
- Монголчууд шинэ оноо угтах гээд ид оволцож байна. Энэ баярын талаар ямар сэтгэгдэлтэй явдаг вэ?
- Монголчууд Европын энэ соёлыг оруулж ирэхдээ ерөөсөө “дед мороз”-ыг аваагүй. Урт цагаан сахалтай, монгол малгай өмсчихсөн, хөөрөгнийхөө уутыг зүүчихсэн, сүм хийдийн үүдэнд байдаг урт наст зургаан амьтад дагуулсан монгол өвгөнөөс жишээ аваад хийчихсэн юм. Гэтэл чөлөөтэй сайхан нийгэмд орж ирээд Санта клаус гэж нэг аальгүй өвгөнийг бий болгосон. Тэр нь магадгүй, нэг шашны бэлгэдэл ч байж болно. Тэгээд тэр Клаус нь айлд очоод хулгай ч хийж байх шиг, тэгж өөрчилж болохгүй ээ. Шинэ жил бүхэл дэлхий даяараа нэг жилийнхээ хөдөлмөрийг дүгнэдэг л баяр юм.
Жишээлбэл, би Солонгосын шинэ жилийг сонирхсон. Тэнд 31-ний орой очиход төв талбай дээр нь юу ч байхгүй байсан. Энэтхэг, Хятадад очсон ч ялгаагүй. Манайхан болохоор энд тэндгүй л таанц эргээд л. Тэгэхээр үүнийг ажил хөдөлмөрийн баяр болгож, бага залуу насандаа хөгжиж байсан сайхан үеэ дурсаад шинэ оны ажлаа төлөвлөөд, цагаан сахалтай өвгөн гарч ирээд бэлэг өгвөл сайхан л байна. Энэ хоёр баяраа бид хийсэн шиг хийх хэрэгтэй, хүндэлсэн шиг хүндлэх хэрэгтэй, ёс энэ Азийн цээжинд монгол гэдэг улс байгаа гэдгийг илэрхийлдэг баяр юм.
- Манай ард түмэн Алтан ганжуур хэмээн сүсэглэдэг. Ингээд крилл үсэгт буулгаж ном болгохоор дуртай үедээ авч унших уу, эсвэл бурхан тахилдаа залчих уу гэх мэт зөрчил үүсч болно. Энэ талаар?
- Цаг үе өөрчлөгдөхийн хирээр хүмүүсийн сүслэн бишрэх сэтгэлгээ ч өөрчлөгдөж байна. Ерөнхийдөө сүсэг бишрэл гэдгийг бидний өнгөрсөн үе их муучилсан учраас сүсэг гэдэг үгийг хэлэхээр монгол хүн жаахан арзайхад хүрчихсэн юм. Түүнээс биш зөв юманд сүсэглэн бишрэх хэрэгтэй. Эргэлзээнд гурван хэлбэр бий. Эхлээд тийм л болов уу гээд жаахан хэтрүүлсэн маягтай. Дараа нь үг утгандаа ойртсон эргэлзээ гараад тэгш талбисан хэлбэртэй болж ирдэг. Ер нь сүсэг бишрэл гэдэг тус тусдаа ойлголт. Ачийг нь санаад сүсэг төрж байгаа бол бишрэл юм. Нэг сайхан ном уншуулаад сэтгэл санаа сайхан болж энэ чинь хэрэгтэй юм байна шүү гэх сэтгэл төрөх нь бүх шашинд бий. Харин нөгөө талаас эрдмийг нь үзэж энэ гарцаагүй гэдгийг ойлгох. Тэгээд логик утгаар нь сүсэглэж байгаа бол сүсэг мөн. Зүгээр нэг модон дээр очиж дөрвөн өрөө байшинтай болгож өгөөч гэж гуйх нь мухар сүсэг. Монголчуууд номыг биширдэг, номыг эрхэмлэх мундаг ухаан тогтсон ард түмэн. Лам гурван эрдэнэ минь гэж өвөө, эмээ нар маань залбирдаг байсан. Тэгэхээр бурхан, ном, хуварга гэсэн гурван эрдэнийг дээдлэх бишрэх нь өөр шашнуудаас ондоо зүйл юмаа. Бид зовлонгоос гэтэлгэх ухааныг зааж өгдөг багшийг шүтнэ. Ном гэдэг бол бурхан багшийн их айлдвар үгээр дамжихыг хэлнэ. Хувраг бурхны айлдсан номлолыг дээд зэргээр мэдээд өөрийнхөө үйл амьдралд хэрэглэсэн болохоор бурханыг олсон гэж үздэг. Тийм учраас ном бол аврал юм. Номон дотор бурхан багшийн чуулган хурааж, гурван төрлийн буянг түгээдэг.
-“Ганжуур”, “Данжуур” номын худалдаанд гарах уу?
-Маш цөөн хувиар хэвлэгдэж байгаа. Үнэ цэнэтэй бүтээл тул ихээр хэвлэж үнэ цэнэгүй болгоод яахав гэж үзсэн. Ном маань номын сан, эрдэмтэн судлаач, сүсэг бишрэлтэй номондоо эзэн болж чадах хүнд зарж байна. Хувь хүмүүс авах бол хэн хэн нь хариуцлага хүлээгээд залж болох юм. Номын худалдаанд бол зарагдахгүй.
-Сүм хийдүүд төвд хэлээр уншлагаа уншдаг. Монгол хэлээрээ уншиж болдоггүй юм уу? Ер нь цаашид төв Гандан хийдээс ямар төлөвлөгөө гаргаж байна вэ?
-Яваандаа монголоор уншина гэсэн зорилго тавьсан. Эхний ээлжинд тайлбар номнуудыг гаргах гээд бичиж хэвлэж байгаа зүйлс нэлээд олон бий. Одоо Энэтхэгт 300, Монголын шашны сургуулиудад нэлээдгүй хүүхэд сурч байна. Тэд маань сайн боловсроод ирэхийн цагт энэ ажил сайхан бүтнэ. 1937 оны үед ном зохиолоо орчуулаад сайхан уншдаг, дуун ухааны мэдлэг сайтай эрдэмтэд байжээ. Тэр үед бараг 70 хувь нь монголоор уншдаг байсан юм билээ. Сүүлдээ монгол уншлагын давтамж нь зохицохгүй гэсээр 1970 онд биднийг авахад төвдөөр түлхүү цээжлүүлж эхэлсэн.
“Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн гүйцэтгэх захирал Б.Дарамбазар: “Ганжуур”, “Данжуур”–ыг крилл үсгэнд буулгахад эдүгээчлэх гэдэг асуудал үүссэн
-Ганжуур, Данжуур судрыг крилл үсэгт буулган, ном болгож хэвлүүлэх буянтай сайхан ажлыг та бүхэн хийж байна. Ажлынхаа явцаас танилцуулна уу?
- Цаг хугацааны хувьд бурхан багшийг 3000 жилийн өмнөх бодь гал гэж үздэг. Бурхан багш олон амьтны тусын тулд сургааль номлолоо айлдсан нь “Ганжуур” их хөлгөний 108 боть, “Данжуур” буюу бурхан багшийн сургаалийн тайлбар ботиор бидэнд үлдсэн. “Ганжуур”, “Данжуур” нь дорно дахины их соёл бөгөөд бурханы шашинтан хүн бүр судалдаг оройн дээд бүтээл юм. “Ганжуур”, “Данжуур” судалгаа, орчуулга VIII зуунаас эхэлсэн гэх баримт байдаг. Харин албан ёсоор Төвд хэлнээс орчуулж цэгцэлсэн нь XIII зуунаас их хаад зарлиг гаргаснаас үүдэлтэй. Дараа нь XIV зуунаас Лигдэн худагт хаан зарлиг гаргаж орчуулсан байдаг. 1642-1649 онд Ганжуур, Данжуур нь Монгол бичиг дээр буусан түүхтэй.
1921-1937 оны үед цагийн байдлаас болж судлаж, суралцах нь хаягдсан. Ингээд 1990 оноос хойш нээлттэй болсон. Манай бурханы шашинтан ард түмэн төвдийн ихэнх ном, судруудыг орчуулсан байдаг. Ардчилсан нийгэмд бид цаг үе бүрдээ алдаршиж оройн дээд, сор болсон лам нарын бүтээлийг сорчлон орчуулах ажлыг эрчимтэй өрнүүлж 400 номыг крилл үсгэн дээр буулгах ажлыг хэрэгжүүлсэн. Үүнээсээ улбаалан Ганжуурыг орчуулах ажлыг эрчимжүүлэх ёстой гэж үзэн Монгол лам нарын нэгдсэн байгууллага бий болж, Гандантэгчинлэн хийд, Дашчойлин хийд, Шашны их сургуулиуд, МУБИС, МУИС-ийн эрдэмтэн багш нарын зөвлөгөө дэмжлэгээр эмхэтгэн явж байна.
“Ганжуур” 108 боть ч хэвлэлийн хуудас нь хэтэрхий зузаан болох гээд байгаа учраас ботиудыг хувааж 113-115 ном болж хэвлэгдэнэ. Өнөөдрийн байдлаар “Ганжуур”, “Данжуур” нийлээд 135 боть нь бэлэн болсноос 65 нь хэвлэгдэж, 50 нь хэвлэлтийн шатандаа явж байна.
- Үг сонголтын хувьд ямархуу зарчмаар явж байна вэ?
- “Ганжуур”, “Данжуур”–ыг крилл үсгэнд буулгахад эдүгээчлэх буюу орчин цагт ойлгомжтойгоор бичих асуудал үүссэн. Гэхдээ биднийг удирдаж буй лам хувраг, багш нар МУБИС-ийн эрдэмтэд “Ганжуур” “Данжуур” дээр эдүгээчлэх асуудал байж болохгүй гэсэн. Энэ бол зөв. Учир нь 1600-1700 оны үед монгол нутгийн сор болсон эрдэмтэн мэргэд 200 орчим хүний баг бүрэн хэмжээгээр ажиллаж, монгол хэлний ай сав, гайхамшигт сонгодог аялгуу бүгдийг босоо бичгэн дээрээ буулгасан. Монгол хэлний тодорхойлж болох бүхий л гайхамшиг нь энд багтсан. Үүнийг хүн ардад хүргэж байна гээд өөрчлөх юм бол монгол хэл бичгэндээ аюул гай тарих магадлал өндөртэй.
Яагаад гэвэл орчин үеийн залуучуудын үг хэллэг, яриа, бичиг үсгийн соёл маш цөөн үгэнд эргэлдэж байна. Тэгэхээр орчин үедээ тааруулан тайлбарлана гэвэл үгийн баялгаа гээнэ. Харин энэ сонгодог сайхан орчуулгын бид юм судлаж монгол хэл баяжигдах ёстой юм. Ер нь монгол гэлтгүй бурханы шашны сургааль номлол бол маш сонгодог хэлбэрээр түгсэн байдаг. Хүний оюун ухааны шандас, чин батыг шалгаж байдаг сургааль номлол учраас үүнийг мөн адил онцгой гайхамшигтай үг хэлбэрээр буулгах ёстой гэж үзэж байна.
-Тэгэхээр анхны сонгодог байдлаараа ард түмэндээ хүрэх нь ээ?
- Бид нугууд нүгүүд, лугаа лүгээ эсвэл бол ба гэх мэт сул үгэн дээр засвар биш хураангуйлал хийж байгаа. Ингэхээр үгийн баялаг гээгдэх биш дагавар нөхцөл нэмэгдэх. Энэ нь хялбарчлагдаж байгаа учраас орчин үеийн хэллэгнээс ялгаа байхгүй. Бид өөрсдөө л монгол хэл бичгээ орхигдуулсан учраас хэн ч ойлгохгүй бичиг гэж үздэг. Үнэндээ бол бид монгол хэл бичигтээ ойртохын тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй.
Хэрвээ эдүгээчлэх юм бол монгол хэл бичгээсээ төдий чинээ холдох учиртай юм. Тийм учраас Ганжуур, Данжуурыг сонгодог хэлбэрээр нь хадгалахыг маш их хичээж байна. Ном гэдэг зүгээр л хэдэн хүмүүсийн яриа төдийгөөр ойлгодог зүйл биш юм. Тэвчээр сайтар, хичээл зүтгэл оюуны чин анхаарал судалгаа хэрэгтэй.
“Цогт цагийн хүрдэн” соёлын төвийн тэргүүн Г.Буяндэлгэр: Хэн ч харсан дээдийн дээд ном гэдгийг ойлгуулахыг хичээсэн...
-Номоо хаана хэвлүүлж байна. Төр засгаас дэмжлэг хэр байдаг юм бол?
-“Мөнхийн үсэг” ХХК хэвлэж байгаа. Одоохондоо төр засгаас дэмжсэн юм алга. Ард түмнийхээ дэмжлэгээр л ажил бүтэж явна. Түүхэн улбааг нь харахад Ганжуур Данжуурыг хөрвүүлэх ажилд нийтдээ 41 мянга гаруй жандагийн мөнгө зарцуулснаас ихэнхийг нь ард түмэн, үлдсэн нь улсын сангаас гарсан байдаг. Энэ бол ард түмний ном буянд хандах сэтгэл юм. Монгол хүн бүр Алтан ганжуур гэж мөргөж сүсэглэдэг учраас крилл бичигт буулгана гэхээр их баяртайгаар сайхан хүлээж авдаг. 2010 оноос хойш ард түмний дэмжлэгээр явж байна.
-Хэвлэлийн компанийг хэрхэн сонгов?
-Хэвлэлт дээр маш олон зүйлийг анхаарсан. Хэн ч харсан дээдийн дээд ном гэдгийг ойлгуулахыг их хичээсэн. Үндсэн эхийн утга санааг мэдүүлэхийн тулд мөрийн эхэнд соёмбоор тэмдэглэсэн. Энэ нь монгол Ганжуур эндээс эхэлж байна гэсэн үг бөгөөд эх судартайгаа яг тулна. За тэгээд их сайхан цаасан дээр хэвлэх ёстой байсан. “Мөнхийн үсэг” сайн хэвлэдэг учраас энд хэвлүүлэх болсон.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Чойжамц: Лам нар мод, хад, сандал биш... | ||
Үзсэн: 8893 | Mongolian National Broadcaster |