Шууд Chart

Дональд Трамп, Ким Жон Ун нар маргааш уулзана

2018-06-11 14:14:27

Ким Жон Ун СИНГАПУРЫН ЕРӨНХИЙ САЙДАД ДЭЭД УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙГААД ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

АНУ, Умард Солонгосын удирдагчид анхны, түүхэн гэж тодорхойлж байгаа дээд хэмжээний уулзалтад оролцохоор өчигдөр Сингапурт хүрэлцэн ирээд байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр үдээс хойш Сингапурт хүрэлцэн ирсэн. Ким Жон Ун тэргүүтэй Умард Солонгосын төлөөлөгчид Хятадын "Эйр Чайна" агаарын тээврийн компанийн өндөр албан тушаалтнуудад зориулагдсан ВИП онгоцоор Сингапурт хүрэлцэн ирсэн юм.

Өчигдөр Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун нарын уулзалт хэлэлцээ болсон. Энэ үеэр Умардын удирдагч АНУ-ын Төрийн тэргүүнтэй хийх уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байгаад нь талархаж буйгаа илэрхийлсэн байна. Мөн энэ уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, Умард Солонгос болон бүс нутгийн хөгжлийн асуудлыг хөндөж ярилцсан байна. Мөн Умард  Солонгосын удирдагч Ким Жон Ун хүндэт зочдын дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээсэн байна. Тэрбээр Сингапурт хүрэлцэн ирсэндээ баяртай  байгаагаа илэрхийлсний дээр Засгийн газрынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа, БНАСАУ-ын бүх ард иргэдийн өмнөөс Сингапурын Засгийн газар  ард иргэдэд чин сэтгэлээсээ талархаж, сайн сайхныг хүсч байгаагаа мэдэгдсэн байна. Умард Солонгосын удирдагч мөн АНУ-ын Төрийн тэргүүнтэй  хийх уулзалтад нь зориулж бүх нөхцөлийг хангаж өгсөнд талархаж буйгаа Сингапурын Засгийн газрын тэргүүнд илэрхийлсэн байна. Умард  Солонгосын удирдагчийг  тус улсын  Хөдөлмөрийн намйн  Төв  хорооны орлогч дарга  Ким Ён Чхоль болон Ли Сун Ён, гадаад хэргийн сайд Ли Ён Хо болон бусад албаны хүмүүс дагалдан Сингапурт хүрэлцэн ирсэн байна. Мөн Ким Жон Уны дүү охин Ким Ё Чжон Сингапурт ирээд байгаа юм байна.   Умард  Солонгосын удирдагч болон өндөр албаны төлөөлөгчид Сингапурын "Режис" зочид буудалд буусан байна.

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТРАМП СИНГАПУРЫН ЕРӨНХИЙ САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАНА

Дээд уулзалтад оролцох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр орон нутгийн цагаар 20:30 орчимд Сингапурт хүрэлцэн ирээд байна. Ерөнхийлөгч Трамп Канадад болсон "Их 7"-гийн дээд хэмжээний уулзалтаас шууд Сингапурт хүрэлцэн ирээд байгаа юм. Өнөөдөр АНУ-ын  Ерөнхийлөгч Трампад Сингапурын  Ерөнхий сайд Ли Сянь Лун бараалхана.  

Ерөнхийлөгч Трамп маргааш Умард Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх уулзалтаа энх тайван тогтоох хосгүй оролдлого хэмээн тодорхойлж  байгаагаа илэрхийлсэн. АНУ-ын эрх баригчид дээд хэмжээний энэ уулзалт Умард Солонгосыг цөмийн зэвсгээс нь ангижруулах үйл явцыг  эхлүүлнэ гэдэгт ихээхэн найдаж байна. Ер нь АНУ, Умард Солонгосын удирдагчдын дээд уулзалт  энэ сарын 12-нд болох тухай албан ёсоор өнгөрсөн тавдугаар сарын 10-нд Ерөнхийлөгч Трамп зарласан. АНУ, Умард Солонгосын удирдагчдын харилцаа  бол маш их тогтворгүй байсан. Бие  бие рүү дайрсан, доромжилсон мэдэгдлүүд хийж байсан. Дараа нь тактикаа өөрчилж түүхэн энэ уулзалтыг хийхээр төлөвлөж байгаагаа зарласан. Гэсэн ч  энэ уулзалтаа цуцлах шийдвэрийг Ерөнхийлөгч Трамп бас гаргаж байсан ч удалгүй энэ яриа хэлэлцээгээ сэргээсэн. Умард Солонгосын  удирдагчийн тухайд шинэ оны босгон дээр л тус улсын цөмийн болон пуужингийн хөтөлбөр зорилгодоо хүрснийг анх мэдэгдсэн. Он гарснаас хойш цөөнгүй буулт хийсэн. Өнгөрсөн тавдугаар сарын 12-нд л гэхэд олон улсад амласныхаа дагуу цөмийн туршилт хийдэг талбайгаа устгасан. 

Маргааш болох дээд уулзалтыг олон улсаараа түүхэн хэмээн тодорхойлж байгаа. Энэ нь АНУ, БНАСАУ-ыг тэргүүлж  байгаа удирдагчид  түүхэндээ анх удаагаа  ийнхүү нүүр тулж уулзах гэж байгаатай холбоотой. Өмнө нь бол АНУ-ын экс Ерөнхийлөгчид л Умардын удирдагчидтай уулзаж  байсан түүх бий. Олон улсын шинжээчид тэдний уулзалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Никсоны Хятадын удирдагч Мао Зедунтай хийж байсан уулзалттай тодорхой хэмжээнд харьцуулж болохыг сануулж байна.

ДЭЭД УУЛЗАЛТЫГ СУРВАЛЖЛАХ ХЭВЛЭЛИЙНХЭНД ЗОРИУЛСАН ТӨВИЙГ НЭЭЖЭЭ

Сингапур бүх зүйл АНУ, Умард Солонгос, Трамп, Кимийг санагдуулахуйц болоод байгааг дээд уулзалтыг сурвалжлахаар тус улсад очоод байгаа хэвлэлийнхэн мэдээлж байна. Дэлгүүр худалдааны төв, гудамж, талбайд АНУ, Умард Солонгосын төрийн далбаа, Трамп, Ким нарын зураг хаа сайгүй байна.

АНУ, Умард Солонгосын анхны энэ түүхэн уулзалтыг сурвалжлахаар дэлхийн хэвлэл мэдээллийн бараг бүх байгууллагынхан Сингапурт  цуглаад  байна. Тэдэнд зориулж Сингапурын талаас хэвлэлийн төв байгуулсныг өчигдөр нээгээд байна. Хэвлэлийн төвийг дээд уулзалт болох Сентоза  арал дээрх газраас холгүйхэн Ф1 Пит байгууламжид нээсэн байна. Энд 2000 сэтгүүлч мэдээ мэдээллээ бичиж бэлтгэх сандал, ширээг бэлтгэсэн  байгаа юм байна. Мөн шууд нэвтрүүлгээ цацах талбайнуудыг ч бэлтгэжээ. АНУ, Умард Солонгосын дээд уулзалтыг сурвалжлахаар хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийт 3000 ажилтан Сингапурт ирэхээр бүртгүүлсэн байгаа юм байна. Хэвлэлийн төвд сэтгүүлч сурвалжлагч, зураглаач нарт дээд уулзалтыг сурвалжлах  тусгай  эрх  бүхий үнэмлэх олгох юм байна.  АНУ, БНАСАУ-ын дээд уулзалт Сингапурын Сентоза арал дээрх "Капелла"  зочид  буудалд болно.

Өндөр зэрэглэлийн энэ зочид буудлыг арал дээр байрладаг байсан Британийн офицерүүдэд зориулж, 1880-аад оны үед  барьж байсан юм байна.  Дээд уулзалтын үеэр аюулгүй байдлыг өндөр түвшинд чангатгахаа Сингапурын цагдаагийнхан мэдээлж байна. Сентоза арлыг зорьж байгаа  бүх хүмүүсийн хувийн эд зүйлийг хүртэл шалгахаа мэдээлж байна. Мэдээж буу зэвсэг, дэлбэрч тэсрэх зүйлсийг хориглохын дээр савтай будаг, чанга яригч, туг далбаа, уриа лоозон бичихээр нэг метрээс урт өргөн материалуудыг нэвтрүүлэхийг хориглож буй юм байна. Трамп, Ким нарын дээд уулзалт  орон нутгийн цагаар  09:00-д эхэлнэ гэж мэдээлж байна.

АНУ, БНАСАУ-ЫН 3 ДАХЬ ШАТНЫ ДЭЭД УУЛЗАЛТЫГ ВАШИНГТОНД ХИЙЖ МАГАДГҮЙ БАЙНА

АНУ, Умард Солонгосын анхны түүхэн дээд хэмжээний уулзалт маргааш Сингапурт өглөөний 9 цагт эхэлнэ гэсэн мэдээллийг хэвлэлүүд өгч  байна.  Анхны  энэ  уулзалт эхлээгүй байгаа энэ цагт хоёр болон гурав дахь шатны уулзалт хэлэлцээ хийх газар,  цаг хугацааг  бас  хэвлэлүүд нэрлэж  эхэллээ. 

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун хоёр дахь уулзалтаа Пхеньянд хийх саналыг АНУ-ын Ерөнхийлөгчид тавьсан тухай Өмнөд Солонгосын "Чунан Ильбо" эх сурвалжуудынхаа мэдээлэлд үндэслэн мэдээлсэн  байна. Хоёр улс өндөр дээд түвшний энэ яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа харилцан илэрхийлснийг тус сонины эх сурвалж мэдэгдсэн байна. Умард Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны  орлогч дарга  Ким Ён Чхоль ийм хүсэлт  бүхий захидлыг зургаадугаар сарын 1-нд АНУ ын Ерөнхийлөгчид дамжуулан өгсөн тухай мэдээлж байна. Түүгээр ч зогсохгүй  Японы "Киодо" агентлаг хоёр удирдагчийн гурав дахь дээд уулзалтыг ирэх есдүгээр сард Вашингтонд хийж магадгүй тухай мэдээлж  байна. Ер нь бол АНУ-ын Ерөнхийлөгч маргааш болох уулзалт амжилт үр дүнд хүрвэл "Цагаан ордон"-д айлчлах урилгыг Ким Жон Унд өгнө гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан билээ.

ДЭЭД УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗАРДАЛ  20 САЯ ДОЛЛАРТ  ХҮРЧЭЭ

АНУ, Умард Солонгосын дээд уулзалтыг өөрийн улсын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулахын тулд бүхий л хүчин чармайлтаа дайчилж  байгаагаа Сингапурын тал мэдэгдэж байна. Түүнчлэн энэ дээд уулзалтыг  зохион байгуулахад  20 сая долларын зардал гарч байгааг Сингапурын  Ерөнхий сайд Ли Сянь Лун мэдэгдсэн  байна. Гэхдээ тэрбээр бүс нутаг цаашлаад олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөө оруулж байгаа  хувь нэмэр нь энэ гэдгийг онцолсон байна.

СИНГАПУРТ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ӨНДӨР ТҮВШИНД ЧАНГАТГАЖЭЭ

АНУ, Умард Солонгосын удирдагчдын дээд уулзалтыг зохион байгуулахад аюулгүй байдалд онцгой анхаарч ажиллах ёстой. Тэр ч утгаараа зохион байгуулахад шаардагдаж байгаа 20 сая долларын 15 саяыг нь зөвхөн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн ажлуудад зарцуулж буй юм байна.   Сингапурын Дотоод хэргийн сайд Шанмугамын мэдээлснээр бол дээд уулзалтын үеэр 5000 цагдаа харуул хамгаалалтад гарах юм байна. Энд Сентоза  арлын эргэн тойронд харуул хамгаалалтад гарах байлдааны хөлөг онгоцууд дээрх цэргийнхний тоо багтаагүй юм  байна.  Сингапурын  цагдаагийн нийт бие бүрэлдэхүүний тоо 13000 байдаг байна. Сингапурын Засгийн газраас АНУ, Умард Солонгосын төлөөлөгчдийн байрлаж байгаа "Шангрила", "Сент Режис" зочид буудал болон дээд уулзалт болох Сентазо арлуудыг өнгөрсөн долоо хоногоос эхлэн  тусгай бүс хэмээн зарласан. 

Энэ бүс дэх цагдаагийнханд сэжигтэй хүмүүс, автомашинуудыг шууд зогсоон шалгах, саатуулан баривчлах зэрэг бүрэн эрхийг олгосон байна.  Ирэх пүрэв гараг хүртэл Сингапурын агаарын орон зайд мөн хязгаарлалт тогтоогоод байна. Сингапур олон улсын томоохон арга хэмжээг зохион байгуулж  ирсэн туршлагатай ч түүхэн энэ уулзалтад ийнхүү бүр онцгойлон бэлтгэж байгаагаа мэдэгдэж байгаа юм.

АНУ, УМАРД СОЛОНГОСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДЭЭД УУЛЗАЛТЫН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ХЭЛЭЛЦЭХ СҮҮЛИЙН УУЛЗАЛТАА ХИЙЖ БАЙНА

Сингапурт өнөөдөр АНУ, Умард Солонгосын дээгүүр албаны төлөөлөгчид маргааш Сентоза арал дээр болох дээд уулзалтын сүүлчийн бэлтгэл ажлыг хангах уулзалт хэлэлцээ хийж буй юм байна. Хэвлэлүүд орон нутгийн цагаар энэ уулзалт 10 цагт эхэлнэ гэж мэдээлж байсан илүү тодорхой мэдээлэл одоохондоо ирээгүй байна. "Ионхап" агентлагийн дамжуулж байгаагаар уулзалтад Өмнөд Солонгост АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан, Төрийн департаментын Солонгосын асуудал хариуцсан ахлах шинжээч Сун Ким, Умард Солонгосын Гадаад хэргийн орлогч сайд Чоу Сон Хуэ нар  энэ уулзалтад  оролцож  байгаа  юм байна. Тэдний  уулзалт "Ритц Карлтон" зочид буудалд болно гэсэн мэдээллийг энд бичсэн байна.  Сун  Ким  Чоу Сон Хуэ нар дээд уулзалтын бэлтгэл ажилтай холбоотойгоор хэд хэдэн шатны хэлэлцээг хоёр Солонгосын цэрэггүй  бүс  Панмунжом сууринд хийсэн.

АНУ, СИНГАПУРЫН ТӨР ЗАСГИЙН ТЭРГҮҮН НАРЫН УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

Сингапурт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун нарын уулзалт хэлэлцээ дөнгөж түрүүхэн эхлээд байна.   Сингапурын Төрийн ордон Истанад энэ уулзалт хаалттай болж байгаа тухай хэвлэлүүд дамжуулж  байна.  

Өчигдөр Сингапурын Ерөнхий сайд тус улсад хүрэлцэн ирсэн Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт мөн болсон. Энэ үеэр  Умард Солонгосын удирдагч АНУ-тай  түүхэн дээд хэмжээний уулзалт хийхэд нь бүх талын дэмжлэг үзүүлж байгаад  талархаж  байгаагаа илэрхийлсэн  юм.  

АНУ, БНАСАУ-ЫН УДИРДАГЧДЫН УУЛЗАЛТААР СОЛОНГОСЫН ХОЙГИЙГ ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИЖРУУЛАХ АСУУДЛЫГ ХӨНДӨЖ ХЭЛЭЛЦЭНЭ

Маргааш Сингапурын Сентоза арлын "Капелла" зочид буудал эхлэх АНУ, Умард Солонгосын дээд уулзалтаар Солонгосын хойг энх тайван  тогтоож,  цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох асуудлыг тойрсон өргөн хүрээтэй сэдвийг хөндөж хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ тухай Умард Солонгосын цахилгаан мэдээний агентлаг албан ёсоор дамжууллаа.

Мөн тус агентлагийн дамжуулснаар хоёр орны удирдагч шинэ дипломат харилцаа тогтоох  асуудлыг ч хэлэлцэх юм байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгостой албан ёсны дипломат харилцаа тогтоох, Пхеньян АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрыг нээх асуудлыг ч энэ уулзалтаар хэлэлцэхээр төлөвлөж буй юм байна.

Энэ тухай Вашингтоны засаг захиргааны албан ёсны эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн хэвлэлүүд дамжуулж байна. Гэхдээ албаныхан яг энэ чиглэлээр эцэслэсэн шийдвэр гарна гэж хүлээх хэрэггүйг бас анхааруулсан байна. Харин энэ асуудлыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга  Майк Помпеогийн Умардын дээгүүр албаны төлөөлөгчидтэй Нью-Иорк болон Панмунжомд хийсэн уулзалтаараа хэлэлцсэнийг батлаад байна. Хоёр  орон өнөөг хүртэл дипломат харилцаа тогтоогоогүй. Пхеньян дахь Вашингтоны ашиг сонирхлыг Шведийн Элчин сайдын яам хамгаалж ирсэн юм.   Солонгосын дайн эвлэрлийн гэрээ байгуулснаар л дууссан учир хоёр улс өнөөг хүртэл энхийн гэрээ байгуулаагүй дайны байдал байгаа билээ.

АМЕРИКЧУУДЫН 58 ХУВЬ НЬ СИНГАПУРЫН ДЭЭД УУЛЗАЛТААС НААШТАЙ ҮР ДҮН ГАРНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

Сингапурын дээд уулзалтын үр дүнд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс  болгох тохиролцоонд хүрч чадна гэж үзэж байгаа санал асуулгад оролцсон АНУ-ын иргэдийн 22 хувь нь үзэж байна. Мөн санал асуулгад оролцогчдын 36 хувь нь тодорхой дэвшилтэд хүрнэ гэдэгт итгэлтэй  байгаагаа илэрхийлсэн  байна.

Харин дээд уулзалт угаасаа амжилтад хүрэхгүй гэж 27 хувь нь үзсэн байна. АНУ, Умард Солонгосын дээд уулзалт болох гэж байгаатай холбоотойгоор АНУ-ын Мэрилэнд мужийн их сургуулийн захиалгаар "Ниелсен" судалгааны албаныхан энэ санал  асуулгыг хийсэн байна. Харин Пхеньян Вашингтонтой шууд яриа хэлэлцээ хийх болсон шалтгааны тухайд 38 хувь нь Умард Солонгост үзүүлж байсан АНУ-ын засаг захиргааны шахалт дарамттай холбоотой гэж хариулсан байна. Түүнчлэн 29 хувь нь Ким Жон Ун дахин цөмийн болон пуужингийн туршилт  хийх боломжтой болсонтой холбоотой гэж үзжээ. 

Харин 31 хувь нь  олон улсын хориг арга хэмжээ, Хятадын шахалт шаардлагаас болж ийм алхам хийсэн гэж үзсэн байна. Гэхдээ  санал  асуулгад оролцогчдын 61 хувь нь Умард Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө татгалзвал тус улстай дипломат харилцаа тогтоох хэрэгтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

ХӨТЛӨГЧ ЭББИ ХАНТСМАН АНУ, УМАРД СОЛОНГОСЫН УДИРДАГЧДЫГ ДАРАНГУЙЛАГЧ ХЭМЭЭН НЭРЛЭСНИЙХЭЭ ТӨЛӨӨ УУЧЛАЛ ГУЙЛАА

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөөдөр АНУ, Умард Солонгосын дээд уулзалтын тухай бичиж, дамжуулж байна. Үүнтэй холбоотойгоор  хэвлэлийнхэнтэй холбоотой  зарим нэг асуудлууд  бас гарч байгаа тухай ч мэдээлж байна.

Өмнөд Солонгосын сэтгүүлч, зураглаач хоёр Умард Солонгосын төлөөлөгчид байрлаж байгаа зочид буудалд нууцаар орох гэж байгаад саатуулагдсан байна. Тэд  Умардын  талаас ярилцлага мэдээлэл авахын тулд аюулгүй байдлын  дүрэм журам зөрчсөнд буруутгагдаж байна. Мөн  АНУ-ын "FOX NEWS"-ийн хөтлөгч Эбби Хантсман шуугианы бай болоод байна. Тэрбээр АНУ, Умард Солонгосын удирдагчдыг дарангуйлагч хэмээн нэрлэснийхээ төлөө уучлал гуйхад хүрсэн байна. Хөтлөгч дээд уулзалтынх нь талаар мэдээлэл хүргэхдээ хоёр дарангуйлагчийн уулзалт хэмээн нэрлэчихсэн байна. Эбби Хантман нь АНУ-аас ОХУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Хантманы охин юм байна. Үүнтэй холбоотойгоор нэртэй дипломатчийн охин ийм бүдүүлэг алдаа гаргаж болохгүй гэдэг шүүмжлэл дотоодод нь гарах болсон юм.

Нийтэлсэн: Б.Түвшинжаргал

Дональд Трамп, Ким Жон Ун нар маргааш уулзана   
Үзсэн: 3342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.24.xxx] 2018-06-12 06:12
uulzalt amjilttai bolno gedegt itgej ba

Бидэнтэй нэгдээрэй