Шууд Chart

Дональд Трамп, Ким Жон Ун нар дээд уулзалтын үр дүнгийн хамтарсан мэдэгдэлд гарын үсгээ зураад байна

2018-06-12 15:55:16

АНУ,  БНАСАУ ын  түүхэн  хэмээн тодорхойлж  байгаа дээд уулзалт  Сингапурын  Сентоза  арлын  Капелла  зочид  буудалд   яг одоо үргэлжилж  байна. Энэхүү  дээд  уулзалтын  талаарх мэдээллийг  цаг хугацааных нь болон үйл  явдлын  дарааллаар нь  хүргэе.  Сингапурын  цагаар  өглөөний  9  цагт  эхлэх  товтой  байсан.  Хоёр орны  төрийн тэргүүн нар  Капелла  зочид  буудалд  тусгайлан зассан  2 улсын төрийн далбаануудыг байрлуулсан хэсэгт   яг  9 цаг  04 минутад  уулзаж  гар  барьснаар  энэ  түүхэн  арга хэмжээ  эхэлсэн гэж  хэлж  болно.

Ингээд  Трамп Ким нар  зөвхөн 2 орчуулагчтайгаар ганцаарчилсан уулзалт хийсэн. Энэ уулзалт 45  минутын хугацаагаар  үргэлжилсэн. Юуны түрүүнд  2 удирдагчийн гар  барьсан  үйл явцаас эхлээд  л  шинжээчид  уулзалт ямар  уур  амьсгалд  болохыг   урьдчилан  таацгааж байсан  гэхэд болно. Ким Жон  Уны  хувьд   бага  зэрэг  биеэ барьсан шинжтэй харагдаж  байсан.  Харин  дээд уулзалтаа  хийхийн өмнө  хэвлэлийнхэнд  товчхон мэдэгдэл  хийж  дахин 2 удирдагч  гар барьсан.  Энэ үед  мэдээж  Ким Жон Ун  харьцангуй  чөлөөтэй  байсан гэхэд болно.  Ерөнхийлөгч  Трамп   энэ үеэр Умардын удирдагчтай хийж  байгаа  энэ уулзалт нь амжилттай  болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.  

Харин Умард  Солонгосын удирдагчийн  хувьд  2  улс  энэ  дээд  уулзалтыг  хийхийн тулд  олон   бэрхшээлийг даван туулсан тухай мэдэгдсэн.    Умард  Солонгосын удирдагч Ким Жон Уны  хувьд   Швейцарт  сурч  байсан гэдэг  мэдээлэл  байдаг. хэдийгээр  албан  ёсоор  одоог хүртэл  батлагдаагүй байгаа  ч   эцэг  өвөг Кимүүдтэйгээ харьцуулахад  хэлний  асуудал   бол   түүнд байхгүй.  Гэхдээ  мэдээж  төрийн энэ  арга хэмжээн  дээр  орчуулагтайгаар Солонгос  хэлээрээ  ярьж байсан юм.

 Олон улсын  удирдагчид Сингапур дахь дээд уулзалт  амжилттай болно  гэдэгт найдаж байгаагаа илэрхийлцгээж байна.  НҮБ ын ЕНБД  Антониу  Гутерреш дээд уулзалт Солонгосын хойгийг  цөмийн зэвсэггүй  бүс  болгоход хүргэнэ  гэж найдаж байгаагаа илэрхийлсэн.  Үүний зэрэгцээ НҮБ  энэ үйл  явцад  дэмжлэг үзүүлэхэд  бэлэн байгааг  илэрхийлээд  байна. Солонгосын хойг дахь  энх тайван,   цөмийн  зэвсэггүй  бүс  болгох үйл  явц  тодорхой  нэгдсэн  зорилт  байх  ёстой гэж үзэж байгаагаа ч тэрээр илэрхийлжээ.

Анх   АНУ, Умард  Солонгосын удирдагчдийн  дээд уулзалт  энэ сарын  12 нд  болох тухай албан  ёсоор  өнгөрсөн  5 р сарын  10 нд  Ерөнхийлөгч  Трамп зарласан.  Америк  Умард Солонгосын удирдагчдын харилцаа  бол  маш  их тогтворгүй байсан.  Харин  бие  биен  рүү дайрсан,  доромжилсон мэдэгдлүүд хийж  байсан ч дараа нь  тактикаа өөрчилж  түүхэн энэ  уулзалтыг хийхээр төлөвлөж байгаагаа зарласан.   Гэсэн ч  энэ  уулзалтаа  цуцлах шийдвэрийг  Ерөнхийлөгч Трамп  бас гаргаж  байсан  ч удалгүй  энэ  яриа хэлэлцээгээ сэргээсэн.  Умард  Солонгосын  удирдагчийн тухайд  шинэ  оны  босгон дээр л   тус улсын  цөмийн болон пуужингийн хөтөлбөр зорилгодоо хүрснийг  анх мэдэгдсэн.  Он гарснаас хойш цөөнгүй  буулт хийсэн.  Өнгөрсөн  5р сарын  12 нд л гэхэд  олон улсад амласныхаа дагуу  цөмийн туршилт хийдэг талбайгаа  устгасан.

Маргааш  болох дээд уулзалтыг  олон улсаараа түүхэн хэмээн тодорхойлж  байгаа. Энэ нь  АНУ, БНАСАУ-ыг  тэргүүлж  байгаа  удирдагчид  түүхэндээ анх удаагаа  ийнхүү нүүр  тулж уулзах гэж байгаатай холбоотой. Өмнө нь  бол АНУ  ын  экс  Ерөнхийлөгчид л  Умардын удирдагчидтай  уулзаж  байсан түүх бол  бий.  Олон улсын шинжээчид тэдний уулзалтыг  Америкийн Ерөнхийлөгч Никсоны Хятадын удирдагч Мао Зедунтай хийж  байсан уулзалттай тодорхой хэмжээнд харьцуулж  болохыг сануулж байна.

АНУ, БНАСАУ-ЫН  3 ДАХЬ  ШАТНЫ ДЭЭД УУЛЗАЛТЫГ ВАШИНГТОНД ХИЙЖ МАГАДГҮЙ БАЙНА

Америк  Умард  Солонгосын анхны  түүхэн дээд хэмжээний уулзалт маргааш  Сингапурт   өглөөний  9 цагт эхлэн гэсэн мэдээллийг хэвлэлүүд мэдээлж  байна.  Анхны  энэ  уулзалт эхлээгүй  байгаа энэ цагт 2 дахь болон 3 дахь  шатны  уулзалт хэлэлцээ хийх газар,  цаг хугацааг  бас  хэвлэлүүд нэрлэж  эхэллээ.  Умард Солонгосын удирдагч Ким Жон  Ун  2 дахь уулзалтаа  Пхеньянд хийх саналыг  Америкийн Ерөнхийлөгчид тавьсан тухай Өмнөд Солонгосын Чунан Ильбо  эх сурвалжуудынхаа мэдээлэлд үндэслэн мэдээлсэн  байна. 2 улс  өндөр  дээд түвшний  энэ яриа хэлэлцээ үргэлжлүүлэх хүсэлтээ байгаагаа  харилцан илэрхийлснийг  тус сонины  эх сурвалж  мэдэгдсэн  байна.  Умард  Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны  орлогч дарга  Ким Ён Чхоль  ийм хүсэлт  бүхий   захидлыг  өнгөрсөн  6 р сарын  1 нд  АНУ ын Ерөнхийлөгчид дамжуулан өгсөн тухай мэдээлж байна. Түүгээр ч зогсохгүй  Японы  Киото агентлаг 2 удирдагчийн 3 дахь дээд уулзалтыг   ирэх 9 р сард  Вашингтонд хийж магадгүй  тухай мэдээлж  байна. Ер нь бол Америкийн Ерөнхийлөгч  маргааш  болох уулзалт амжилт үр дүнд хүрвэл Цагаан ордонд айлчлах урилгыг  Ким Жон  Унд  өгнө гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан билээ.

АНУ, БНАСАУ-ЫН ДЭЭД УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗАРДАЛ  20 САЯ ДОЛЛАРТ  ХҮРЧЭЭ

Америк  Умард Солонгосын   дээд уулзалтыг  өөрийн улсын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулахын тулд  бүхий л хүчин чармайлтаа  дайчилж  байгаагаа Сингапурын тал мэдэгдэж байгаа юм.  Түүнчлэн энэ дээд уулзалтыг  зохион байгуулахад  20 сая долларын зардал гарч байгааг  Сингапурын  Ерөнхий сайд Ли Сянь Лун  мэдэгдсэн  байна.  Гэхдээ  тэрээр  бүс нутаг цаашлаад олон улсын энх тайван,  аюулгүй байдлын  төлөө оруулж  байгаа  хувь нэмэр  нь энэ  гэдгийг  онцолсон  байна.

Америк  Умард  Солонгосын удирдагчдын дээд уулзалтыг зохион байгуулахад  аюулгүй байдалд  онцгой  анхаарч  ажиллах  ёстой.  Тэр ч утгаараа зохион байгуулахад шаардагдаж  байгаа 20 сая  долларын  15  саяыг нь  зөвхөн аюулгүй  байдлыг  хангахад  чиглэгдсэн ажлуудад зарцуулж  байгаа юм байна.   Сингапурын  дотоод хэргийн сайд Шанмугамын  мэдээлснээр дээд уулзалтын  үеэр 5 мянган  цагдаа  харуул  хамгаалалтад  гарч байгаа юм  байна.  Энд  Сентоза  арлын эргэн  тойронд  харуул хамгаалалтад гарах  байлдааны  хөлөг онгоцнууд дээрх цэргийнхний тоо  багтаагүй юм  байна.  Сингапурын  цагдаагийн нийт бие  бүрэлдэхүүний тоо  13  мянга байдаг байна. Сингапурын засгийн газраас  Америк,  Умард  Солонгосын   төлөөлөгчдийн байрлаж байгаа Шангрила,  Сент Режис  зочид  буудал болон дээд уулзалт болох Сентазо арлуудыг  өнгөрсөн  7 хоногоос эхлэн  тусгай  бүс хэмээн зарласан.  Энэ бүс дэх  цагдаагийнханд   сэжигтэй хүмүүс, автомашинуудыг шууд   зогсоон шалгах,   саатуулан баривчлах зэрэг бүрэн эрхийг олгосон  байна.  Ирэх  пүрэв  гариг хүртэл  Сингапурын  агаарын  орон зайд  мөн хязгаарлалт тогтоогоод  байна.  Сингапур   олон улсын томоохон арга хэмжээг  зохион байгуулж  ирсэн туршлагатай  ч   түүхэн энэ  уулзалтад  ийнхүү  бүр онцгойлон  бэлтгэж байгаагаа мэдэгдэж байгаа юм.

 Америк  Умард Солонгосын удирдагчид  дээд уулзалтын үр дүнгийн  хамтарсан мэдэгдэл  дөнгөж  түрүүхэн гарын үсгээ  зураад  байна. 

 Албаны  дээд төлөөлөгчдийн үдийн зоог 12,30 минутын орчимд  дууссан.  Үүний дараагаар  2  удирдагч  Капелла  зочид  буудлын  гадна  багахан  хугацаагаар хамтдаа салхилсан юм. Энэ үеэрээ Ерөнхийлөгч  Трамп  дээд уулзалт  төсөөлж  байснаас нь илүүтэйгээр сайхан болсныг  мэдэгджээ.  Мөн хэвлэлийнхэнд хандаж Ким удирдагч бид  2-ын  зураг бичлэгийн сайхан аваарай.  Бид  сайхан туранхай  харагдах ёстой  шүү гэж наргиад авсан тухай газар дээрээс нь сурвалжилж  байгаа хэвлэлүүд мэдээлж  байна. 

 Дээд уулзалтаар ямар нэгэн хамтын  ажиллагааны  бичиг баримт  батлахгүй гэдгийг  өмнө нь  Америкийн  албаныхан мэдээлж байсан.  Харин   ганц  гарын үсэг зурж  батлах бичиг баримт нь харилцан ойлголцлын санамж  бичиг байж  магадгүй гэж таамаглаж  байна. 

 Америк  Умард  Солонгосын анхны  түүхэн дээд хэмжээний уулзалт эхлэхээс л  өмнө 2 дахь болон 3 дахь  шатны  уулзалт хэлэлцээ хийх газар,  цаг хугацааг  бас  хэвлэлүүд нэрлэж  байсан. Өнөөдрийн 2 удирдагчийн уулзалтын  уур амьсгал  таатай  нааштай  байгаатай холбоотойгоор  Ерөнхийлөгч Трамп  Умард Солонгосын удирдагч Ким Жон  Ун  2 дахь уулзалтаа  Пхеньянд хийх саналыг  хүлээн  авах нь бараг тодорхой  боллоо гэсэн таамаглалыг дэвшүүлж  байна.  2 улсын хувьд өндөр  дээд түвшний  энэ яриа хэлэлцээ үргэлжлүүлэх хүсэлтээ байгаагаа  өмнө нь харилцан илэрхийлж байсан.  Умард  Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны  орлогч дарга  Ким Ён Чхоль  ийм хүсэлт  бүхий   захидлыг  өнгөрсөн  6 р сарын  1 нд  АНУ ын Ерөнхийлөгчид дамжуулан өгсөн тухай мэдээлж байна. Түүгээр ч зогсохгүй  Японы  Киото агентлаг   2 удирдагчийн  3 дахь дээд уулзалтыг   ирэх 9 р сард  Вашингтонд хийж магадгүй  тухай мэдээлж  байна.   Америкийн Ерөнхийлөгч  маргааш  болох уулзалт амжилт үр дүнд хүрвэл Цагаан ордонд айлчлах урилгыг  Ким Жон  Унд  өгнө гэдгээ өмнө нь мэдэгдэж байсан билээ. Магадгүй  2 дахь уулзалтаа   Вашингтонд  хийхийг үгүйсгэхгүй  байна. 

Хоёр  улсын удирдагчдын ганцаарчилсан болон өргөтгөсөн уулзалтын үр дүнгийн талаарх мэдээллийг   өнөөдөр  16  цагт  товлосон хэвлэлийн бага хурал дээр өгнө  гэж хэвлэлүүд хүлээж байна.  олон улсын хэвлэлүүд  Ерөнхийлөгч  Доналд Трампыг  дагалдан  яваа  Цагаан ордны  хэвлэлийнхнээс л  зарим нэг мэдээллийг  дамжуулж  байна. 

Хоёр улсын удирдагчдын  уулзалтаар  Солонгосын  хойгийг цөмийн зэвсэггүй  бүс болгож,  энх тайван  тогтоох  гол  сэдвийг  хэлэлцсэн.  Үүнийг дагаад  Умард Солонгосын  эрх баригч  дэглэм аюулгүй байдлын баталгаа өгөх,  2 орон дипломат харилцаа  тогтоох  асуудлаар ч санал солилцсон. 

Энэ  дээд  уулзалтыг анхны  түүхэн гэж тодорхойлж байгаа.   Үнэхээр АНУ-ын  түүхэнд   яг  төр  барьж  байх  хугацаандаа  Умард  Солонгосын удирдагчтай  уулзалт хэлэлцээ хийсэн  анхны  тохиолдол  нь энэ  учир  ийнхүү онцгойлж  тодорхойлж  байна.

Сингапур дахь  энэ дээд  уулзалтаар  санал  зөрөлдөөнтэй бүх асуудлаа шийдээд Солонгосын  хойгийг цөмийн болон пуужингийн зэвсгээс нь салгачихна  гэсэн хүлээлт мэдээж байгаагүй.  Гол нь  2 орны удирдагч цаашдын яриа хэлэлцээний  эхлэлийг  зөв  эерэгээр  тавихад  л  гол ач холбогдол нь байсан юм.

Хоёр  удирдагч үндсэн асуудлаараа улс төрийн тохиролцоонд хүрлээ ч гэсэн хэрэгжилт  амаргүй  байх нь  одооноос  тодорхой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.  Умардын  цөмийн болон пуужингийн зэвсгийн талаарх   бүрэн  тодорхой мэдээлэл  хэнд  ч байхгүй.  Энэ мэдээллийг эхлээд  ил  болгосны  дараагаар   хэрхэн яаж хэний оролцоотойгоор устгах вэ  гээд бүүр амаргүй  асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх  ёстой  болно.  Мөн  Умард  Солонгосын эсрэг хориг арга хэмжээг  ямар нөхцөлтэйгээр  сулруулж эсвэл  цуцлах,   эдийн засгийн тусламж  дэмжлэгийг  ямар байдлаар  үзүүлэх зэрэг асуудлууд  ч бий.

Одоогоор Улс  төрийн тохиролцоонд хүрсний дараа  олон улсын атомын энергийн агентлаг  Умард  Солонгос дахь  үзлэг шалгалтаа сэргээх боломжтой  тухай  Сингапур дахь  дээд уулзалттай  холбоотойгоор хөндөгдөж  байна.  Умард  Солонгосын цөмийн болон  пуужингийн хөтөлбөрийг  устгахад   хяналт тавих  асуудал дараачийн удаад  тохиролцоонд хүрэх гол асуудлын нэг нь. Тиймээс энэ  салбарт нэр хүнд  өндөртэй,  техникийн  боломж  чадамжтай   олон улсын атомын энергийн агентлагийн  үүнд татан  оролцуулах  нь зүйтэй гэж  мэргэжилтнүүд үзэж  байгаа юм.

 Америк  умард Солонгосын удирдагчдын Ганцаарчилсан уулзалтын  дараагаар  2  улсын  өндөр дээд  албаны  төлөөлөгчид   Трамп  Ким нарын уулзалтад нэгдэж  өргөтгөсөн  уулзалт хийж  байгаа тухай түрүүн  мэдээлсэн. Энэ  уулзалт дөнгөж  түрүүхэн  өндөрлөөд  байна. Одоо  2  улсын төрийн тэргүүн  нар дээгүүр албаны төлөөлөгчдийнхөө хамтаар  үдийн зоог  барьж  байна. Энд  АНУ аас Филиппинд суугаа  Умард  Солонгосын талтай  өнөөдрийн энэ уулзалт хэлэлцээг хийх  бэлтгэл уулзалтуудыг хийсэн Сун КимФагаан  ордны хэвлэлийн төлөөлөгч  Сара сандерс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэхь  Азийн  асуудал  эрхэлсэн ахлах  захирал  Мэтт Поттингер нар нэгдсэн. 

 Өргөтгөсөн уулзалтын тухайд   Америкийн  талаас  Төрийн нарийн бичгийн дарга  Майк Помпео, Цагаан ордны  аппаратын дарга Жон Келли, Ерөнхийлөгч Трампын үндэсний аюулгүй байдлын  асуудал эрхэлсэн туслах  Жон Болтон  нар  оролцсон.  Харин  Умард  Солонгосын талаас  бол  тус улсын  Хөдөлмөрийн намын  Төв  хорооны орлогч дарга  Ким Ён Чхоль болон Ли Сун Ён, гадаад хэргийн сайд Ли Ён Хо нар  оролцсон.

 Хэвлэлүүд  бас  Умард  Солонгосын удирдагч Ам Ер Трамптай  ганцаарчилсан  уулзалт хийснийхээ дараа  сэтгүүлчдийн цөмийн зэвсгээсээ  ангижрах  боломжтой  эсэх талаарх  асуултад  нь хариулт  өгөөгүй  тухай  мэдээлж  байна. 

Хоёр улсын  удирдагч ганцаарчилсан уулзалтынхаа дараа  Капелла  зочид  буудлын   терраст  гарч  ирж  гадаа хүлээж байгаа хэвлэл мэдээллийнхэнтэй мэндчилсэн  байна.  Энэ  үеэр  сэтгүүлч  сурвалжлагчид   цөмийн   пуужин зэвсгээсээ  татгалзах  эсэхийг нь   3 ч  удаа асуусан боловч  ямар нэгэн хариулт өгөөгүй байна. 

Мөн ганцаарчилсан уулзалтан дээр хэлсэн үгнийх нь   талаар  зарим нэг  мэдээлэл ирж байна. 

Тухайлбал, Умард  Солонгосын удирдагч  Ким Жон Ун  энэ  үеэр  Сингапур дахь энэ дээд уулзалтыг шинжлэх ухааны  уран  зөгнөлт   кино  мэтээр  хүлээн авч  ойлгож  байгаа  байх гэж  үзэж  байгаагаа мэдэгдсэн  байна.  Умардын  удирдагчийн хэлсэн үгийг Ерөнхийлөгч  Трампын хэвлэлийн албаныхан  сонсч мэдээлсэн  тухай дамжуулж байна.

 Энэ  хооронд  Япон  улс Пхеньяныг   цөмийн  болон пуужингийн хөтөлбөрөөсөө  бүрэн  татгалзаж  тэдгээрийгээ устгах  тодорхой  арга хэмжээ авах хүртэл  сонор сэрэмжтэй  байх  болно гэдгээ  мэдэгдсэн  байна. Энэ тухай өнөө өглөө  Японы батлан хамгаалахын  сайд  Ицунори  Онодэра   Сингапур  дахь  дээд  уулзалттай  холбоотой хийсэн мэдэгдэлдээ  онцолсон  байна.  Тэрээр өмнөх түүх сургамж  Умард Солонгосын  амлалтад  тайвширч  болохгүйг  баталж ирсэн. Тиймээс  тодорхой  алхам хийх хүртэл  анхаарал  сэрэмжээ алдахгүй гэдгээ илэрхийлсэн байна. Гэхдээ  Японы   тал   Умард  Солонгостой  дээд хэмжээний  уулзалт хийхэд бэлэн гэдгээ хэдийн  илэрхийлсэн.  Ерөнхий сайд Шинзо АБэ  өнгөрсөн  7-ны  өдөр Вашингтонд Ерөнхийлөгч Трамптай уулзсаныхаа дараа ийнхүү мэдэгдсэн. Түүгээр ч зогсохгүй  Япон Умард Солонгосын дипломат төлөөлөгчид энэ сарын  14-15 ний  өдрүүдэд болох  Улаанбаатарын  хэлэлцээ санаачлагын  5 жилийн  ойд зориулсан олон улсын бага хуралд  оролцохоор ирэхдээ  эхний  шатны  уулзалт  хэлэлцээ хийж магадгүй гэсэн хүлээлт байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дональд Трамп, Ким Жон Ун нар дээд уулзалтын үр дүнгийн хамтарсан мэдэгдэлд гарын үсгээ зураад байна  
Үзсэн: 2582 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй