Шууд Chart

Нөгөө 1072 хувьцаа яалаа...

2018-07-30 16:32:07

 - Өнөө Эрдэнэс-Тавантолгой чинь ашигтай ажиллажээ -

Сайхан л байдаг юм байна. Төрийн өмчийн компани тэр тусмаа надад 1072 хувьцаа үнэгүй өгсөн компани тайлангаа тавихыг үзлээ үзлээ. Тиймээ... Эрдэнэс-Тавантолгой компани 2018 оны эхний хагасын тайлангаа тавилаа. Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн илтгэл “Бид энэ оны эхний хагаст 373,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж энэ жил улсад төвлөрүүлэх төсвийн орлогынхоо 78%-ийг бүрдүүлж чадлаа” гэсэн сайхан мэдээгээр эхэллээ.

Яг үнэндээ төрийн өмчийн компаниудын улигт бүтэлгүйтэл, шалтаг, шалтгаан, учир нь үл олдох нууцлаг баахан зовлонгуудыг сонсож залхсан сэтгүүлчдийн хувьд энэ бол нэг төрлийн “шинэ үзэгдэл” байлаа.

Хагас жилийн хугацаанд 5,1 сая.тн нүүрс, 25,5 сая.м3 уулын цул хөдөлгөж, 6,8 сая.тнн нүүрс экспортолсноос гадна нөөцийн болон ашиглалтын хайгуулын 63,000 тууш метр ажил гүйцэтгэжээ. Энэ ашиглалтын хайгуулын ажил батлагдсанаар миний 1072 хувьцааны үнэ улам өснө гэж байна шүү.

Бас нэг бахархалтай зүйл дурдагдсан нь эдний хамт олон энэ оны 07 сарын 02-ны өдөр “Дөчин сая дахь тонн” нүүрсээ олборложээ. Энэхүү амжилттай зэрэгцэн энэ онд уурхайчдынхаа цалинг 21 хувиар нэмэгдүүлж, шөнийн цагийн нэмэгдлийг тав дахин өсгөж, ХАБ-ын урамшууллыг таван хувиар нэмж, ажилчиддаа зориулсан дэмжлэгийн сангаа хоёр дахин өсгөж эх орны өндөр чадамжтай, өндөр орлоготой уурхайчдад тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлсэн байна.

Үнийн уналт, зах зээлийн эрсдэлээс сэргийлэн гол худалдан авагч компанитайгаа үнийн зохицуулалтыг тохирч 59,33 ам.доллар байсан үнийн доод хязгаарыг 61,0 ам. доллар болгон өсгөж чадсан тэд дэлхийн зах зээлд IPO гаргахаар олон улсын аудитын итгэмжлэгдсэн байгууллагаар аудит хийлгэх, санхүүгийн болон хуулийн зөвлөхүүд, хөрөнгийн биржүүдтэй хамтрах ажлаа эхлүүлээд байгаа гэнэ.

Одоо тэд гаднын орнуудаас хараат бусаар өөрийн төслүүдийг хөдөлгөх боломжтой болсноо дурдаад өнөөдрийн байдлаар уурхайчдын спорт цогцолбороо шинээр ашиглалтад оруулж, 8,2 км хатуу хучилттай авто замын ажлыг эрчимжүүлж, шинээр баригдах кэмп, оффис, лабораторийн зураг, төслөө батлуулжээ. Ухаандаа миний Тавантолгойг түшиж хот босох эхний суурь ажлууд хийгдээд эхэлсэн байна.

Түүнээс гадна 2018 оны 5-р сард Өмнөговь аймагтай байгуулсан гэрээнд шинээр сургууль, цэцэрлэг барих, гудамж талбайгаа тохижуулах, авто зам барих, Цогтцэций сумын Цагаан-Овоо багийг нүүлгэх зэрэг ажлуудад зориулж 40 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Мөн “Эрдэнэс-Эко уурхай” хөтөлбөрийн хүрээнд 2,3 га газрыг зүлэгжүүлж, 33,400 орчим мод тарьжээ. Энэ ажлын үр дүн энэ жилээс харагдаж эхэлсэн хэмээн ам бардам өгүүллээ.

Үүний дараа 1072 хувьцаа мэдээллийн төвийн мэргэжилтэн Д.Батбаяраас Монголчууд хувьцаагаа хэр баталгаажуулж байгаа талаар тодруулахад “Манай улсын 2,511,000 иргэн нэг удаа 1072 хувьцаа эзэмших эрх нь нээгдсэн. Үүнтэй холбоотойгоор брокер, диллерийн 486 аж ахуйн нэгжид хувьцаа баталгаажуулах эрх олгож, “Хувьцаа, мэдээллийн төв” байгуулсан. Гэвч өнгөрсөн хугацаанд манай иргэд хувьцаагаа баталгаажуулах тал дээр тун хойрго хандаж байна. Та бүхэн 1800-1072 утсаар зөвлөгөө авч, өөрийн амьдарч байгаа аймаг дүүрэгт хамааралтай компаниудаар дамжуулан хувьцаагаа баталгаажуулаарай. Баталгаажуулалт хийхэд таны иргэний үнэмлэх болон 5 орчим минут л шаардлагатай” гэлээ.

Би тус мэдээллийн төвд байсан нэг компаниар хувьцаагаа баталгаажуулахад үнэхээр л тавхан минут болсон бөгөөд “Эрдэнэс-Тавантолгойн 1072 хувьцаа”-тай шүү дээ гэсэн нээх сайхан мэдрэмж төрж байсан шүү.

Ээдээ та нар минь ч гэсэн энэ тал дээр анхаарлаа хандуулаарай. Эрдэнэс Тавантолгойнхон энэ байдлаараа ажиллаад байвал энэ онд биш юмаа гэхэд ирэх жилээс хувьцаа тань чангараад, хувь хишгээ хүртээд эхлэх нь байна шүү.

Анх удаа төрийн өмчийн компанийн ашигтай ажилласан, амжилттай яваа тухай хуралд сууснаа та бүхэнд шууд дамжуулав. Болохгүй, бүтэхгүйгээр дүүрсэн энэ нийгэмд болж бүтэж байгаа тухай гэрэлтэй мэдээлэл хүргэсэн Эрдэнэс-Тавантолгой ХК-ны шинэ удирдлагуудад баярлалаа.

Бусад төрийн өмчит компаниуд ч энэ мэтээр шилэн данстай байж тайлангаа ард түмэндээ үнэн зөвөөр тавьдаг болоосой гэж хүсч байна.

Г.Ариунчулуун

Нийтэлсэн: Анжигай

Нөгөө 1072 хувьцаа яалаа...  
Үзсэн: 2769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй