Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Азийн соёлын төв хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэлэлцээр байгуулан хамтран ажиллаж байна.
“Монгол Улсын соёлын үнэт зүйлсийн дижитал удирдлагын системийг бүтээх болон соёлын контент бүтээх чадавхыг бэхжүүлэх” хөгжлийн буцалтгүй тусламж нь Монгол Улсын соёлын тогтвортой хөгжлийг дэмжих, соёлын үнэт зүйлсийг мэдээллийн технологитой уялдуулан хөгжүүлэх, соёлын өв болон соёлын нөөцийг дижитал хэлбэрээр хадгалан хамгаалах, олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилготой.
Дижитал хэлбэрт шилжүүлсэн соёлын өв, музейн үзмэр, эд өлгийн зүйлсэд тулгуурлан дижитал үзэсгэлэн болон төрөл бүрийн соёлын контент хамтран хөгжүүлэх замаар соёлын өвийг сурталчлан таниулах соёлын боловсрол олгох юм.
Уг төслийн хэрэгжүүлэгчээр БНСУ-ын Чоннамын Үндэсний их сургуулийн эрдэмтэн, судлаачдын баг ажиллаж байгаа ба төслийн хүрээнд соёлын үнэт зүйлсийн дижитал удирдлагын системийг хөгжүүлж, цахим архив болон дижитал сан бүрдүүлэхийн зэрэгцээ музей, номын сан, архив, галерейн буюу GLAM нэгдсэн системээр удирдах боломжийг бүрдүүлэхээр Цахим архивын төв өнөөдөр Соёлын өвийн Үндэсний төвийн дэргэд нээлтээ хийлээ.
Уг төслийн баг техник, технологийн шинэлэг шийдлээр ажиллахаас гадна соёлын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор үе шаттай сургалтуудыг зохион байгуулж байна. Соёлын өвийн үндэсний төв, Монголын Үндэсний номын сан, Монголын Үндэсний музейн албан хаагчид соёлын контент бэлтгэх 2 дахь шатны сургалтдаа хамрагдаж байна.
Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын соёлын өв, үнэт зүйлсийг орчин үеийн технологийн боломжид тулгуурлан бүртгэн баримтжуулах, хадгалан хамгаалах, судалгааны эргэлтэд оруулахын зэрэгцээ олон нийтэд шинэ хэлбэрээр хүргэх боломжийг нэмэгдүүлэх юм.




| Цахим архивын төв нээлтээ хийлээ | ||
| Үзсэн: 63 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.