Шууд Chart

“Унжаад байхаар Унаад ирээсэй”-гийн үлгэр

2018-08-08 14:21:56

Урьд нэг цагт нээх залхуу, арчаагүй хүүхдүүдтэй айл байжээ. Аав, ээж хоёр нь тэднийгээ өсгөхөөр үүрийн гэгээнээс, үдшийн бүрий хүртэл ажилладаг. Ажилласны хэрээр аж ахуй нь цэцэглэж, амьдрал ахуй нь дээшилж гэнэ.

Харин хүүхдүүд нь гэртээ гэдсээ илээд унтаж байдаг. Сэрээд уйдвал ээж, аавыгаа муулж, идэх юм тийм ч их биш байна хэмээн цэцэрхэцгээнэ. Нэг жилийн намрын сүүлээр ээж, аав хоёр нь хол газар явахдаа хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрсэн хүүхдүүддээ арчаатайхан байхыг захиад, аргал түлээг нь бэлдээд, дулаан хөнжлийг нь зэхээд бүүр хонины гургалдайнууд чанаж орных нь толгойн харалдаа зүүж өгөөд явжээ.

Аав, ээжийг явсны дараа өвөл болж хүйтэрсэн тул хүүхдүүд нь хөнжилдөө шургаж аваад өндийгөөд үмхэж болох гургалдайгаа зулгаан нам хэвтсэн гэдэг. Сүүлдээ өндийгөөд хүрэх гургалдай ч үгүй болж, өөвгөр гэрт нь жавар хургаад босошгүй болжээ. Энэ үед арчаагүй хүүхдүүдийн хэн нь ч босч гал түлээгүй бөгөөд аав, ээж хоёрынхоо арчаагүй, ажилгүйг дуудалцан унинаас өлгөөтэй гургалдайг “Унжаад байхаар унаад ирдэг болоосой” хэмээн загнасаар өлсөж, хөлдөж үхсэн гэдэг.

Саяхан “Эрдэнэс-Тавантолгой” ХК тайлангаа тавьж гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нь 373,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан тухай ярьсан суовалжилга хүргэсэн дээ. Тэр үед зарим нөхөд “худлаа худлаа, шоудаж байгаан, манайхан ашигтай ажиллуулж чадахгүй ээ” гэх мэтээр чарлалдацгааж байсан.

Гэтэл сая засаг баригч намын хурал дээр ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улс орны маань амьдрал эргэж дэвжиж байна. 2014-2016 онуудад ихээхэн буурч байсан Уул уурхайн салбарын олборлолт, экспорт сүүлийн 2 жил дараалан тогтвортой нэмэгдэн өсч байна. 2017 оны эхний хагаст 18,9 сая тонн нүүрс экспортод гаргаж байсан бол 2018 оны эхний байдлаар 18 сая тонн нүүрсийг экспортод гаргаж нийтдээ 1,4 тэрбум ам долларын ашиг олсон байна” хэмээн илтгэлдээ дурдлаа. Манайхан яахав өнөөх зангаараа “хаана байгаан тэр сайхан өсөлт чинь, би өлсөөд байна, ажилгүй гэртээ хэвтэж байгаа бидэнд мэдэгдэх юм алга, та нар дээгүүрээ идэж уугаад сайхан байгаа биз, газар нутгаа ухаж Хужаад зарахаа боль” гэх мэтээр шаагилдлаа.

Миний эхэнд бичсэн үлгэр хийгээд энэ цагийн Монгол иргэдийн сэтгэхүй хоёрын ахуй дүр нь ангид боловч ааш, авир нь агаар нэгэн бус уу. Бид өмнөх он жилүүдэд бүдчиж, буцаж өнхөрч ч үзсэн. Харин өнөөдөр алдаагаа ардаа хийж, урагшлах аргуудыг бага багаар олсоор байна бусуу? Нэг бол байнга л алдаад, ашиггүй мөлхөөд байж байх ёстой улс юм уу? гэж асуумаар санагддаг.

Миний хувьд бэлэн мөнгө тараахыг ерөөсөө ч дэмждэггүй хүн. Харин арилжаанд оруулах, ашиг орлого болгох боломжтой 1072 хувьцаагаар дамжуулан иргэдийг санхүүгийн зах зээл рүү оруулах санаачлагыг 100% дэмжиж байгаа.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ны хувьцааны мэргэжилтний хэлснээр иргэд бид үнэхээр арчаагүй байгаа юм билээ. Тусдаа мэдээллийн төв байгуулаад, 1800-1072 гэдэг тусгай дугаараар зөвлөгөө өгөөд, 21 аймагт салбар бүхий аж ахуйн нэгжүүд таны хувьцааг баталгаажуулахаар ажиллуулж байхад нийт иргэдийн тун чамлалттай хувь нь буюу 40 хүрэхгүй хувь нь хувьцаагаа баталгаажуулсан байна.

Уул уурхайнхан улс орноо зарж байна, улс төрчид унхиагүй байна, ууж идэх зүйлсийн үнэ хадлаа, Улаанбаатарт амьдрах арга алга хэмээн орилж байгаа тэмцэгч сэтгэхүйтэй иргэн та ядаж хувьцаагаа баталгаажуулаад ав.

Ингэснээр танд санхүүгийн зах зээл дээр тоглогч болох, Эрдэнэс-Тавантолгой ХК-ны ашгаас хүртэх, өвлүүлэх, зарах, арилжих боломжууд үүсэх юм шүү.
“Унжаад байхаар Унаад ирэхгүй” хэмээн дээш харж хэвтдэг биш улс оронд үүсч байгаа эерэг өөрчлөлт бүрийг амьдралдаа ашиглаж, аж ахуйгаа өргөтгөж, баялаг бүтээгч болох талаар боддог ард түмэнтэй болмоор байна.

Ингэхэд ерөнхий сайд маань хувьцаагаа баталгаажуулсан юм болов уу?

Хүндэтгэсэн Г.Ариунчулуун

Нийтэлсэн: Анжигай

“Унжаад байхаар Унаад ирээсэй”-гийн үлгэр  
Үзсэн: 2429 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй