Шууд Chart

“Мөрөн”-чүүдийг шуугиулсан авто спортын төмөр хатагтай

2018-08-13 14:54:29

Фэйсбүүк  гэж хязгааргүй орон зайн орчлонд хурууны өндгөөр зорчин аялахуйд элдэв дэмий хэд хэд хуулбарласан бичээснүүд уйтгартай, утгагүй. Тоотой хэдэн хүний чансаатай нийтлэлийг эс тооцвол .... явсаар уралдааны ягаан өмсгөлтэй нэгэн 20 гаруй насны болов уу гэмээр охины нүүр номтой туллаа. Нөгөө л эрчүүдийн уралддаг өнгө өнгийн УАЗ-469. Би бодлоо 69-нд суугаад явахад л хатуу оволздог доо. Уралдана гэхээр л элэг бөөр доргиж, зүрх уушгины байрыг сольчихмоор санагдана. За эрчүүд ч яахав байгалиасаа цусанд нь тос масло урсаж байдаг гэсэн бодлоос үүдэн цааш сонирхон улам лавшрууллаа. Анхны мэдээлэл авто спортод анхны эмэгтэй тамирчин юм байна. Тамирчин аавыгаа дагаж багаасаа л уралдаан үзэж явсаар энэ спортод зүрх сэтгэлээ өгсөн гэнэ. Олон сайхан дурсамжаа нүүр номондоо цөөн үгээр өгүүлсэн аж.

Тэгж байтал заавал өөртэй уулзаж анхныхаа мэдрэмжийг баталмаар санагдаж хувийн цахимд нь захидал илгээв ээ. Бөөрөнхий дүрс доор нь унаад л байх юм. Хариу байхгүй. За тэгээд л эрэл сураг болж утасны дугаарыг нь олоод залгалаа. Авч байна аа. Учир явдлаа хэлэхэд орон нутагт болох томоохон уралдаанд бэлдээд завгүй өдрүүд, машинаа ачуулж байна гэдгээ учирлан хэллээ. Хэзээ ямар уралдаанд оролцох гэж байгааг нь асууж амжаад утас тасарлаа. Үүнээс хойш “Мастер кросс” гэх уралдааныг сонирхон ахиад л баахан нүүр ном ухав. Хорхой ч хүрч байна. Яадгийн... Бодитоор нь үзье гээд Мөрөнг зорив оо. 29-нд гэж хэлсэн юм уралдаан болсонгүй ээ. Мөрөнгийн зар гээд л ахиад  нүүр номыг нь ухав, 30-нд болсныг нь мэдлээ. Хаана болох нь тодорхойгүй. Учир нь олдоно доо. Өглөө болоход Чингүүнжавын талбайд очихоо ойлгоод гүйгээд л очлоо.

Энэ бол “Монголын Авто Мастеруудын Холбоон”-ы “Мөрөн мастер кросс” уралдаан байлаа. Цэл залуухан бүсгүй өөрийгөө эмэгтэй хүн гэж тодотгох шиг ягаан өнгийн уралдааны УАЗ-469 машинтайгаа хосолсон ягаан комбинзон нүдэнд тусна. Түүнийг залуу нас, гоо үзэсгэлэн давхар чимнэ.

Хэр баргийн аавын хүү хүч үздэггүй эр зоригийн спортод тамирчин бүсгүй олон эрчүүдтэй хүч, хурд сорихдоо харин хэрхэн давхих бол? гэсэн нууцхан таамгийг минь тайлах гэсэн шиг тамирчин охин эхний гараанд хаазлан зогсоно, өмнөөс нь сүрдмээр. Хэсгээс шигшээ гараанд шалгарах тамирчин охиныг урдуур давхихад нь баярлах, 2 дугуйн дээрээ  харайлган тогтон буухад нь дээлийн захыг нь мушгин уулга алдах, техникийн саатлаар хойшлоход нь тоосонд нүдээ чилээн хүлээх Хөвсгөл нутгийн үзэгчид түүнийг олон эрчүүдийг ардаа орхин барианд орж ирэхэд хурдан морины хөлс авах шиг овоорно. Найман настай балчраас наян настай буурай бүх насныхан байна шүү. Магтах, урам хайрлах, баяр хүргэх, амжилт хүсэх, техникийн саатлаар машин нь хүчгүй болсонд харамсах, аргадах гээд л янз бүрийн яриа сонсогдоно, бахархмаар.

Ээмэг бөгж элдэв янзын гоёл байтугай гартаа бугуйн цаг зүүгээгүй, уруулаа ч будаагүй хөлс тоосонд дарагдсан шороотой царай. Аргагүй уралдааны зам дээр уралдах гэж л гарсан тамирчин бүсгүйн эршүүд байдал энгийн эгэлхэн. Нүдэнд нь нулимс цийлгэнэхийг харахад бас ч үгүй тэр шартай нэгэн юм билээ. Техникийн сааталтай машинаараа тэсвэр тэвчээр гэгчийн туйлыг шавхан олон эрчүүдийг ардаа орхин бариандаа орж үзэгчдийн таашаалыг яахын аргагүй хүртсэн Тамирчин бүсгүй хэн байв?

“Мастер кросс” уралдааны 84 хувийн дугаартай тамирчин Ганбатын Ариунтуяа. Авто спортод удам дамжсан  мэргэжлийн ангиллын анхны эмэгтэй тамирчин. Япон улсад боловсрол эзэмшсэн, босго өндөр МУИС-ийг хоёронтоо дүүргэсэн тэр өндөр боловсролтой чамбай нэгэн аж.

Авто спортод хөл тавиад 3 жил болохдоо ёстой л нэг цахиур хагалж орж ирсэн түүний амжилтууд Монголд төдийгүй БНХАУ-ын авто уралдаанд ралли болон кросс төрөлд удаа дараа амжилттай оролцож алт, мөнгөн медалийн эзэн болсон нь авто спортод ОУ-н уралдаанд эрчүүдтэй хүч үзэж түрүүлсэн анхны Монгол эмэгтэй тамирчин болсноороо онцлог.Тодруулбал: 2016 онд “North Asia rally” Орос, Монгол, Хятад улсын холын зайн уралдаанд мөнгөн медаль. 2017 онд БНХАУ-ын “China Dakar rally-FB festival” уралдааны кросс төрөлд алтан медаль хүртжээ.

Монголдоо улсын аварга шалгаруулах 1500 км-ын холын зайн уралдаанд 2016, 2017 онд УАЗ-469 ангилалд 2 удаа финиш хийсэн амжилт нь эмэгтэй хүнд чамгүй хүнд даваа байсан нь дамжиггүй. 2016 онд Мөсөн замын авто уралдаан алтан медаль, Баха-2017 улсын аварга шалгаруулах уралдааны залуучууд ангиллын 4-р байр, эмэгтэй топ цаг шилдэг тамирчин болжээ.  Авто спортод түүний үзүүлсэн амжилт яах аргагүй түүхэн хуудас юм билээ.

Техникийн саатлаас уралдаанаа орхисон удаа  түүнд бишгүй ч уралдаан болгоны ард тамирчны нүр их хүч хөдөлмөр, зүтгэл туршлага болж үлдсэн гэдэг. Амжилт өөдөө улам өндөрт дүүлэн нис.., алтан шар зам нь өлзийтэй байг.

Авто спортод олон охид бүсгүйчүүдэд урам зориг хайрлан, үлгэр дуурайлал болж яваа хатан зоригт бүсгүй таны нүүр ном, “Мөрөн мастер кросс” уралдааныг даган аялсан сэтгүүлчийн тэмдэглэл...

 

Нийтэлсэн: Web admin

“Мөрөн”-чүүдийг шуугиулсан авто спортын төмөр хатагтай  
Үзсэн: 10876 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
ZOCHIN [106.68.55.xxx] 2018-08-23 22:34
AMJILT.
Зочин [66.181.189.xxx] 2018-08-18 18:54
Мундаг юмаа. Амжилт хүсье.
Зочин [79.137.62.xxx] 2018-08-14 13:47
Гүүд
Зочин [43.228.129.xxx] 2018-08-14 08:10
Mundag ohind amjilt az jargal eruul enh sain saihan buhniig husey
Амжилт [112.72.11.xxx] 2018-08-14 00:29
Өшөө их амжилт үзүүлэх цаг хугацаа байна. Амжилт найз минь. Яг харагдаж байгаа шигээ эрч хүчтэй, зөв бодолтой хүн дээ. Бахдах сэтгэл төрж байна найз чамдаа.
zochin [66.181.178.xxx] 2018-08-13 23:44
yamar mundag yum be amjilt amjilt
Зочин [66.181.161.xxx] 2018-08-13 22:05
Amjilt.mundag.bn.ulam.ix.amjilt
Зочин [66.181.161.xxx] 2018-08-13 21:25
Mundag

Бидэнтэй нэгдээрэй