Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад (БНАКУ) дэгдээд буй Эболагийн халдварын батлагдсан тохиолдол 3200-д хүрч, 1405 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Тавдугаар сард бүртгэгдсэн энэ удаагийн дэгдэлтийг Бундибугё омгийн Эбола вирус үүсгэсэн бөгөөд одоогоор уг омгийн эсрэг батлагдсан вакцин, өвөрмөц эмчилгээ байхгүй байна. Халдвар Итури, Умард Киву, Өмнөд Киву, Дээд Уэле, Чопо зэрэг таван мужид тархаад байгаа аж.
Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, зэвсэгт мөргөлдөөн, эмнэлгийн байгууллагуудад халдсан хэрэг, эм, эмнэлгийн хэрэгслийн хомсдол, иргэдийн үл итгэх хандлага зэрэг нь халдвартай тэмцэх ажлыг хүндрүүлж байна. Мөн халдвартай хүмүүсийн ойрын хавьтлыг бүрэн тогтоох ажил шаардлагатай түвшинд хүрэхгүй байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Үүний зэрэгцээ Их Британийн Оксфордын их сургууль Бундибугё омгийн эсрэг дэлхийн анхны вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлж, эхний сайн дурын оролцогчийг вакцинжуулсан талаар мэдээлсэн байна. Судлаачид туршилтын үр дүнг ойрын хэдэн сарын хугацаанд гаргахаар ажиллаж байгаа юм.
Эбола вирус нь халдвартай хүний цус, биеийн шингэнтэй шууд хавьтсанаар дамждаг бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бүс нутгийн эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулжээ.
| Конго улсад Эболагийн халдварын батлагдсан тохиолдол 3200 хүрчээ | ||
| Үзсэн: 54 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.