Шууд Chart

П.Сүхбаатар: 28 мянган боодол нэгтийн дэвсгэрт хил дээрээс хураагдсан

2014-01-09 10:10:55

Нэгтийн дэвсгэрт гүйлгээнээс гарсан гэх мэдээлэл цацагдсан ч супер маркетууд тус дэвсгэртийг мөнгөний хариултад өгч байна. Энэ талаар Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатартай ярилцлаа.

- Нэгтийн дэвсгэрт гүйлгээнээс гарсан гэж хэсэг шуугилаа. Үүнд төвбанк ямар тайлбар хийх үү?
 
- Ашиг олох зорилгоор жижиг дэвсгэртүүд урд хөрш рүү гаргаж худалдахыг завдсан тохиолдол гарсан. Өнгөрсөн онд л гэхэд ийм тохиолдол 2-3 удаа гарсан. Үүнийг хил гаалийнхан илрүүлэн саатуулж, одоо холбогдох хууль хяналтынхан шалгаж байна.Үүнтэй холбоотойгоор жижиг дэвсгэрт гүйлгээнээс гарчихаж гэсэн хардлага нийгэмд төрсөн юм шиг байгаа юм. Тиймээс ч, нэгт болон тавтын дэвсгэртүүд гүйлгээнээс хасагдлаа гэж хэсэг шуугилаа. Үнэндээ жижиг дэвсгэртүүд гүйлгээнээс гараагүй, албан ёсоор хэрэглэгдэж байгаа гэдгийг албан ёсоор хэлье.
 
- Бутархай мөнгөн дэвсгэрт хятад руу гаргаж худалдахыг завдсан хэд хэдэн тохиолдол илэрсэн гэж байна. Хуурамч мөнгө үйлдэх зорилгоор уу. Эсвэл өөр шалтгаан байна уу?
 
- Монгол улсын эрүүгийн тухай хуульд “Үндэсний валют болон алтаар баталгаажсан мөнгөн дэвсгэртийг хил, гаалиар их хэмжээгээр гаргаж болохгүй” гэж заасан байдаг. Тэгэхээр энэ үйлдэл нь өөрөө хууль бус гэсэн үг. Энэ тохиолдолд эзэн холбогдогчдод нь эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Ер нь жижиг дэвсгэртийг зөвхөн урд хилээр гаргахыг завдсан тохиолдлууд бүртгэгдсэн байгаа юм. Өөр хаашаа ч биш. Бид хувьдаа, хятадууд манай жижиг дэвсгэртээр үнэт цаас хийгээд байна уу, эсвэл дахин боловсруулж мөнгөний цаас болгоход ашиглаад байна уу гэж таамаглаж байгаа. Яг юунд хэрэглээд байгааг нь эцэслэн тогтоогоогүй байна. Ямар шалтгааны улмаас урагш нь гаргаж худалдахыг завдав гэдгийг холбогдох албаныхан тогтоох байх.
 
- Өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний мөнгөн дэвсгэрт хил дээр хураагдсан юм бол?
 
- Мөнгөн дүнгээрээ бол бага. 28 мянган боодол нэгтийн дэвсгэрт буюу 700 орчим мянган төгрөг хураагдсан байдаг. Мөнгөн дүн нь бага мэт боловч, үүнийг хэвлүүлэх болон нууцлал хийлгэхэд манай улсын гаргаж байгаа зардал харьцангуй өндөр. Өндөр зардлаар үйлдвэрлүүлсэн мөнгөн тэмдэгтээ, урд хөрш рүү хямдхан гаргаад алдчихмааргүй байна. Үүнд хязгаарлалт хийх бодлого хэрэгтэй л байна.
 
- Жижиг дэвсгэртүүд хууль бусаар хятад руу ачигдаад байгаа болохоор төвбанк энэ төрлийн мөнгийг гүйлгээнд гаргадаггүй юм уу. Том, жижиг гэлтгүй бүх худалдааны төвүүд жижиг дэвсгэрт хариулж өгөхгүй юм. Тэр тусмаа 1-тын болон 5-тын дэвсгэрт?
 
- Манайд нөөц бол хангалттай бий. Төвбанкнаас арилжааны банкуудад жижиг буюу бутархай дэвсгэрт байнга нийлүүлж байгаа. Арилжааны банкуудаас томоохон худалдааны төвүүд тогтмол жижиг дэвсгэрт авдаг гэх судалгаа гарсан. Тухайлбал, “Номин”, “Скай” зэрэг их дэлгүүрүүд тогтмол авдаг юм билээ. Мөн өөр бусад худалдааны байгууллагууд ч бас авч байгаа. Өөрөөр хэлбэл бид арилжааны банкуудаар дамжуулан бутархай буюу жижиг дэвсгэртийг байнга гүйлгээнд гаргадаг.
 
- Худалдаа, үйлчилгээний газрууд жижиг дэвсгэрт хариултад өгөхгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг бэ?
 
- Худалдаа, үйлчилгээний байгууллагууд бутархай мөнгө аваад үүнийгээ хэрэглэчдийн хариултад өгдөг эсэхийг бид хянах боломжгүй л дээ. Энэ асуудал өөрөө хэрэглэгчийн эрх ашигт хамаарна. Тэгэхээр Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газар хяналт тавих ёстой. Нэг дэлгүүрээр өдөрт олон мянган хүн үйлчлүүлдэг. Жишээлбэл, нэг хүний хариултад 1, 5, төгрөг өгөхгүй байлаа гэхэд, нийлбэр тоо нь нилээд их гарах байх. Энэ нь тухайн байгууллагын орлого болоод байна уу. Эсвэл кассирийн халаасанд ороод байна уу гэдгийг хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага шалгаж тогтоож ёстой гэж бодож байна. Ер нь ч тэгээд иргэд жижиг дэвсгэртийн хариултаа нэхэж авдаггүй болохоор өгдөггүй юм болов уу. Тийм болохоор иргэд жижиг дэвсгэртийн хариултаа нэхэж авч байх хэрэгтэй. Тэгээд ирэхээр худалдаа, үйлчилгээний төвүүд жижиг дэвсгэртийг харьцдаг арилжааны банкаараа дамжуулан авч хэвших байх. Төвбанкны тухайд, жижиг дэвсгэртийг арилжааны банкуудад байнга нийлүүлж байгаа. Нийлүүлэх ч ёстой.
 
Мөнгөн дэвсгэрт хийлгэхэд өндөр зардал гардаг гэж хэллээ. Ганцхан ширхэг дэвсгэрт үйлдвэрлүүлэхэд ямар зардал гарах уу?
 
- Манай улс мөнгөн тэмдэгт үйлдвэрлүүлэх төлбөрөө еврогоор хийдэг. Дэвсгэрт бүр хэмжээ, нууцлал зэргээсээ хамаарч төлбөр нь өөр өөр байдаг. Тухайлбал, нэгтийн дэвсгэртийг үйлдвэрлүүлэхэд 12 еврогийн зардал гарна. Бусад дэвсгэртийг үйлдвэрлүүлэхэд зардал нь дээшээ өсөөд явах жишээтэй. Ер нь 12-60 еврогийн ханшаар нэг ширхэг дэвсгэртийг манай улс гадаадад захиалгаар хийлгэж байна. Сүүлийн үед валютын ханш өсч байгаа болохоор цаасан мөнгө хэвлүүлэх зардал ч мөн нэмэгдээд байгаа.
 
- Тухайлбал нэг ширхэг 20 мянгатын дэсвгэрт хэвлүүлэхэд хэдэн еврогийн зардал гарах вэ?
 
- Үнэтэй шүү дээ. Хийлгүүлэх, ачих, гаалийн зардал гээд үйлдвэрлэлийн шатнаас манайд ирэх бүх зардлыг тооцвол 20 мянгатын дэвсгэрт үйлдвэрлүүлэхэд 60 еврогийн зардал гардаг. Зөвхөн нэг ширхэг 20 мянгатын дэвсгэрт үйлдвэрлүүлэхэд ийм зардал гардаг гэсэн үг л дээ.
 
-Өндөр үнээр хэвлүүлсэн төгрөгийн насжилт, эдэлгээ нь ямар байдаг юм бол. Хамгийн их хуучирч муудаж, шинээр гүйлгээнд гаргадаг дэвсгэртийн тухайд?
 
- Гүйлгээн дэх төгрөгийн эдэлгээний хувьд 1-2 жил байдаг. Заримдаа 2.5 жил байх тохиолдол ч бий. Бүх төрлийн дэвсгэрт энэ хугацаанд хуучирч муудаж байна. Хуучирч муудсаныг нь гүйлгээнээс татаж, оронд шинэ дэвсгэрт гүйлгээнд гаргадаг. Сүүлийн үед манай томоохон мөнгөн дэвсгэртүүдийн цаасны чанар харьцангүй сайжирч байгаа. Үүнийгээ дагаад томоохон дэвсгэртүүдийн эдэлгээ ч сайжирч байна гэж ойлгож болно. Цаашид бид илүү чанартай цаасан дээр хийлгэх боломжийн талаар судалж байна.
 
- Төгрөгийн насжилт 1-2 жил байдаг гэлээ. Үүнийг солиход өндөр үнээр мөнгө хэвлүүлдэг байх нь. Ер нь шинээр мөнгө хийлгэхэд гардаг жилийн зардал хэд вэ?
 
- Энэ төрлийн нарийвчилсан судалгаа манайд тогтмол гардаг. Гэхдээ энэ асуудал бол улсын нууц зэрэглэлтэй учраас тодорхой мэдээлэл өгч, ярих боломжгүй. Ер нь хэрэглэгчид төгрөгийг хэрхэн цэвэр нямбай хэрэглэхээс цаасан мөнгөний насжилт шалтгаалдаг. Тиймээс хэрэглэгчид үндэсний мөнгөн тэмдэгттэй зөв соёлтой харьцаж, халаасандаа хэд нугалж хийх бус, хэтэвч хэрэглээд хэвшчих хэрэгтэй байгаа юм. Тэгвэл төгрөгийн насжилт уртсах давуу талтай. Үүнийгээ дагаад цаасан мөнгө хэвлүүлэхэд гарах зардал ч багасна.
 
- Иргэд хуучирч муудсан мөнгийг аль ч банкинд очоод солиулах эрхтэй байдаг шүү дээ. Энэ талаар?
 
- Иргэд хуучирч муудсан, үнгэгдсэн, шатсан, гуравны хоёр нь үлдсэн зэрэг үндэсний мөнгөн тэмдэгтийг арилжааны аль ч банкинд аваачаад солиулж болно. Арилжааны банкууд хуучирч муудсан мөнгийг дараа нь манайд өгч, оронд нь шинэ дэвсгэрт сольж авдаг юм. Ийм замаар хуучирсан дэвсгэртийг татаж, оронд нь шинэ дэвсгэрт гүйлгээнд гаргадаг. Гэвч арилжааны банкууд хуучин дэвсгэрт сольж өгөхгүй байна гэсэн гомдол хаяа ирдэг л дээ. Магадгүй тэд ачаалал ихтэй байдаг учраас хаяа сольж өгдөггүй байх. Хэрэв тэд сольж өгөхгүй бол төвбанкин дээр ирээд солиулж болно. Ер нь манайх өдөрт 20 -30 хүнд хуучирсан мөнгөн тэмдэгт сольж өгдөг.
 
- Тэгвэл валютын тухайд ямар байдаг вэ. Хуучирч муудсан валют танайхаар солиулж болох уу?
 
- Манайх валют солихгүй ээ. Иргэд шатсан, үнгэгдсэн валют соиулах хүсэлт илэрхийлсэн тохиолдолд, манайх зөвхөн зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, солиулах шаардлагатай валютыг АНУ руу явуулахад л тусалдаг. Гэхдээ гарах бүх зардлыг тухайн хүсэлт гаргасан иргэн өөрөө хариуцах ёстой.
 
- “Нарантуул” худалдааны төв шатах үед, тэнд их хэмжээний гадаад валют шатсан гэж хууль хяналтынхан хэлж байсан. Энэ асуудал юу болсон юм бол?
 
- “Худалдаа хөгжлийн банк”-аар дамжуулан Сингапур руу шатсан долларыг явуулсан байгаа. Сольж өгөх үү, үгүй юу гэдгийг тэд нар тэндээ шийднэ. Хэрэв тэд сольж өгнө гэж шийдвэл, тухайн хүсэлт гаргасан иргэн үүнийг шийдвэрлэхэд гарсан бүх зардлыг өөрөө хариуцах ёстой.
 
- Ярилцсанд баярлалаа
 
Нийтэлсэн: А.Энхтуул

П.Сүхбаатар: 28 мянган боодол нэгтийн дэвсгэрт хил дээрээс хураагдсан  
Үзсэн: 3991 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
158.64.77.xxx [158.64.77.xxx] 2014-01-10 17:24
xaxa, 1 shirheg 20 myngatin devstertig 60 eurogor hevlehgui shde, ajila medehgui l bn daa
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2014-01-10 11:39
Манайд нөөц бол хангалттай бий. Төвбанкнаас арилжааны банкуудад жижиг буюу бутархай дэвсгэрт байнга нийлүүлж байгаа. Арилжааны банкуудаас томоохон худалдааны төвүүд тогтмол жижиг дэвсгэрт авдаг гэх судалгаа гарсан. Тухайлбал, “Номин”, “Скай” зэрэг их дэлгүүрүүд тогтмол авдаг юм билээ. Мөн өөр бусад худалдааны байгууллагууд ч бас авч байгаа. Өөрөөр хэлбэл бид арилжааны банкуудаар дамжуулан бутархай буюу жижиг дэвсгэртийг байнга гүйлгээнд гаргадаг./энэ юу гэсэн үг вэ гэвэл том худалдааны төвүүд бутархай мөнгөний хариулт өгдөггүй. Тэгэхээр худалдааны төвүүд банкнаас жижиг дэвсгэрт сул авч залилан хийж байна гэсэн үг дээ
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-01-09 14:39
Ямар аймаар үнээр хийлгэдэг юм бээ одоо аль болох цахим гүйлгээг дэмжээ үйлчилгээ эрхэлдэг албан байгуулга хувь хүнд албан хүчээр картын машинтай болгоо энэ нь эргээд татвар эдийн засагт асар олон үр дагавар авчрах болно доо

Бидэнтэй нэгдээрэй