
Орхон аймагт 50-аас дээш насны иргэд ходоодны хорт хавдраар өвчлөх нь ихэссэнтэй холбогдуулан аймгийн ЗДТГ-аас “Эрүүл Эрдэнэт хүн” аяныг нэг жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Аяны хүрээнд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 100 иргэнийг ходоод, улаан хоолойн дуранд үнэ төлбөргүй хамруулах зорилт тавьснаас өнөөдрийн байдлаар 60 гаруй хүнд үзлэг, шинжилгээ хийгээд байна. Орхон аймагт ходоодны хорт хавдраар өвчлөгчдийн тоо их байгаа ч сүүлийн гурван жилд нас баралт буурчээ. Энэ нь урьдчилан сэргийлэх үзлэгийг эрчимжүүлсэнтэй холбоотой юм. Мөн аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй "Эмч", "Багш", "Ач санах” дэд хөтөлбөрийн хүрээнд эмч, багш, ахмадуудыг үнэ төлбөргүй үзлэг, шинжилгээнд хамруулсан нь хорт хавдрыг хожуу үед нь илрүүлэх тохиолдол буурчээ.
“Эрүүл Эрдэнэт хүн” аяны хүрээнд мөн эрсдэлт бүлгийн 1000 хүнийг элэгний эхо үзлэг, оношилгоонд хамруулахаас өнөөдрийн байдлаар 600 гаруй хүн хамрагдаад байна. Үүний үр дүнд элэгний вирустэй иргэдийн мэдээллийн сан бүрдэж, элэгний хорт хавдартай 6 иргэнийг илрүүлж эмчилж байна.
Мөн уушгины сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх зорилгоор, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 200 гаруй иргэнийг цээжний рентген зургийн оношлогоонд хамруулжээ. Үүний үр дүнд сүрьеэ өвчний 4 тохиолдол бүртгэгдэж, сэжигтэй тохиолдлуудыг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулжээ. Элгийг өвчлүүлж буй гол шалтгаан нь В,С вирус байна. Уг вирус нь бэлгийн замаар дамжиж халдварлах нь нэмэгдэж байгаа тул өсвөр үе, залуучуудад бэлгийн замаар дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтуудыг зохион байгуулж байна. “Эрүүл Эрдэнэт хүн” аяны гол зорилго нь Орхон аймагт зонхилж буй элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдар, уушгины сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнүүдийг бууруулахад чиглэгдэж байгаа юм гэж Орхон аймгаас мэдээллээ.
Ходоодны хорт хавдраар нас барах тохиолдол сүүлийн 3 жилд буурчээ | ||
Үзсэн: 828 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.