
Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс өмнө хуралдаж Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийн төсөв, зардалтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хийсэн ба Соёлын өвийг бүрэн хамгаалах, сэргээн засварлах, хяналт тавих шаардлага бий болсон учраас уг асуудлыг яаравчлах хэрэгтэйг санууллаа. Тэрээр цааш нь дэлхийн улсуудын чулуун дээрх зургийн 80 хувь Монгол улсад байдаг бөгөөд сүүлийн үед эдгээр зураг ил задгай байдгаас бүдгэрч алга болсоор байгааг дурьдаад сэргээн засварлах төв 20 жилийн өмнө хувьчлагдсан учир сэргээх ажил сайн хийгдэхгүй байгааг хэллээ. Мөн музей, сүм хийдийн үзмэр, эд зүйлсийг хулгайлах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөрчил нэмэгдэж, соёлын өвийг үрэгдүүлж устгасан этгээдэд тооцох хариуцлага, хяналтын тогтолцоо сул, бүрэн төлөвшөөгүй, биет бус өвийг өвлөн уламжлагчийн үнэлэмж доогуур, төрийн дэмжлэг дутмаг байгаа тул түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгож, зохион байгуулалтын эрс шинэчлэл хийх хэрэгтэй байгааг танилцууллаа.
Уг хуулийн төсөл батлагдсаар шинээр 2 бие даасан байгууллага байгуулагдаж, соёлын өвийн гэрээт ажилтан 200, соёлын үндэсний төвд 45, сэргээн засварлах төрийн өмчит үйлдвэрийн газар газар 115 хүн ажиллах тооцоо гаргажээ.
Соёлын өвийг бүрэн хамгаалахад төрөөс зардал гаргахыг байнгын хорооны гишүүд санал нэгтэй дэмжиж, зардалтай холбоотой асуудлыг тусад нь 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс шийдээд санал, дүгнэлтээ гаргаж Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төслийн төсөв шийдэгдлээ | ||
Үзсэн: 1054 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.