
-"Яг одоо шинжилгээнд" хамрагдаарай-
Дэлхий нийтээрээ жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг ХДХВ/ДОХ-той тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. ХДХВ-ээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг дэлхий дахинд "Эрүүл амьдрах эрх" сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлсэн. Харин Монгол Улсад “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг "Би сэргийлж чадна, харин та" уриан дор тэмдэглэсэн. Тэгвэл энэ жил ХДХВ/ДОХ тэмцэх дэлхийн өдрийг "Яг одоо шинжилгээнд" уриатайгаар тэмдэглэсэн юм.
Манай улсад 1992 онд ХДХВ-ийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар Монголд ХДХВ, ДОХ-ын нийт 267 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 42 хүн нас барсан байна. Мөн бүртгэгдсэн нийт тохиолдлын 61 хувийг 25-39 насны иргэн эзэлдэг. Халдвар байгаа бөгөөд 99 хувь нь бэлгийн замаар дамжсан.
Дэлхий дахинд 2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг зогсоох зорилго тавьж ажиллаж байгаа билээ. Гэвч эл чимээгүй тахал цар хүрээгээ тэлсээр, халдварын шинэ тохиолдол байна.
ХДХВ-ийн халдвар дамжих зам
-Бэлгийн замаар буюу ХДХВ/ДОХ-той хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох
-Цусаар буюу халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх
-ХДХВ-ийн халдвартай эхээс урагт, хөхний сүүгээр ... халдварладаг байна
Илрэх шинж тэмдэг, явц
ХДХВ нь хүний дархлалын тогтолцоог гэмтээж, дархлааг аажмаар сулруулдаг. Тухайн хүний биеийн эсэргүүцлээс хамааран дархлалын тогтолцоог гэмтээх явц нь зургаан сараас 10 гаруй жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд мэдэгдэхүйц зовиур илрэхгүй, эрүүл хүн шиг байх боловч бусдад халдвар тараах эрсдэлтэй байдаг. Энэ үед вирус зөвхөн дархлалын тогтолцоонд чухал үүрэгтэй Т4 эсийг гэмтээдэг байна.
Дархлалын тогтолцоо сулрах тусам тухайн хүн турж эцэж, амархан ядарч сульдаж, янз бүрийн арьсны өвчинд өртөмтгий болдог. Улмаар уушигний үрэвсэл, хомхой, сүрьеэ, хорт хавдар зэрэг илүү ноцтой хүнд өвчин тусдаг.
ДОХ өвчний үед илрэх шинж тэмдгүүд
- Биеийн жин буурах
- Байнга ядрах
- Шөнө хөлрөх
- Хүзүү, суга, цавины булчирхай томрох
- Амьсгаадах, хий ханиах ... г.м.
Нэгэнт ХДХВ хүний дархлааг устгаж, ДОХ өвчний шатанд хүрсэн нөхцөлд өвчтөн 1-2 жилийн дотор нас бардаг.
Илрүүлэх арга
ХДХВ-ийн халдварыг цус, шээс, шүлснээс дээж авч шинжилгээгээр илрүүлдэг. Хүний цусанд эсрэг бие гол төлөв 4-8 долоо хоногийн дараа илэрдэг ч зургаан сар хүртэлх хугацаанд илрэхгүй байж болно. Халдвар авсан цусанд эсрэг бие илрэх хүртэлх хугацааг “цонх үе ” гэнэ.
Эмчилгээ
ДОХ/ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг төгс эмчлэх аргыг дэлхий дахин өнөө хэр нь олж чадаагүй байна. Эмчилгээний арга гэвэл энэ вирусийн хөгжлийн хурдыг саармагжуулах, халдвартай хүмүүсийн дархлааг дэмжих төдий л арга байна. Гэхдээ ДОХ-ын үүсгэгч уг вирусээс урьдчилан сэргийлэх арга замуудыг тогтоогоод байгаа юм.
ХДХВ-ийн халдвараас сэргийлэх арга зам
-Хосууд бие биедээ үнэнч байх
-Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах,тэвчих
-Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх
-Зүү тариурыг дамжуулан хэрэглэхгүй байх ... г.м.
ДОХ одоогоор бүрэн эмчлэгдэх аргагүй, үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ ДОХ-оос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. ДОХ-той нэг хүний ард 500 халдвар тээгч байдаг гэсэн судалгаа байдаг. Гэхдээ энэ бол хэт олон хүн амтай орны хэмжээнд гаргасан дүн. Харин Монгол Улсад ХДХВ-ийн халдвартай байж болзошгүй таван хүн тутмын гурав нь халдвар авснаа мэдээгүй гэсэн тоо баримт бий. Тиймээс зөвхөн Монголд гэлтгүй олон улсад хувь хүн сайн дурын шинжилгээнд хамрагдсанаар эл “чимээгүй тахал”-тай тэмцэх үйлсэд өөрсдийн хувь нэмэрээ оруулж байна гэсэн үг юм.

Эдгэх боломжгүй ч урьдчилан сэргийлж болдог “чимээгүй тахал” | ||
Үзсэн: 1586 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.