Шууд Chart

Урсгал зардлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулах төсөв баталлаа

2018-12-06 16:22:06

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид ээлжит XX хуралдаанаа өчигдөр үргэлжлүүлэн 2019 оны төсвийг төслийг хэлэлцэн, нийслэл, дүүргийн ирэх оны төсвийн орлого 990.3 тэрбум төгрөг бөгөөд үүнээс 289.1 тэрбумыг улсын төсөвт төвлөрүүлж, урсгал зардал 667.8 тэрбум төгрөг байхаар баталлаа. Нийт зарлагын 403.1 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 227.7 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд зарцуулна. Төсвийн хөрөнгийг үр дүнтэй зарцуулж, амьдрах орчныг сайжруулах төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх нь зүйтэй гэж хурал дахь намын бүлэг, хороод дүгнэсэн. Тиймээс төлөөлөгчид нийслэлийн Засаг даргын өргөн барьсан төсвийн төслийн зарим арга хэмжээний зардлыг бууруулж, шинээр хэд хэдэн төсөл, арга хэмжээг нэмэлтээр оруулсан юм.

Тухайлбал, нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс зарим төсөл, арга хэмжээний зардлыг бууруулах санал гаргасан нь олонхын дэмжлэг авсан юм. Ингэснээр Нийслэлийн орон сууцны хөтөлбөрийн зардалд 10 тэрбум төгрөг төсөвлөснийг зургаан тэрбумаар бууруулав. Мөн Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээний зардлаас 500 сая төгрөг хасаж, нийслэлийн 380 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахад зарцуулах хөрөнгийг нэг тэрбум төгрөгөөр багасгалаа. Гэр хорооллын орчин, нөхцөлийг сайжруулахаар нийслэлийн Засаг дарга дэд бүтцийн төв байгуулахаар төсвийн төсөлд 20 тэрбум төгрөг суулгасан байв. Хурал дахь МАН-ын бүлгээс тус зардлыг таван тэрбум төгрөгөөр багасгах санал гаргасан нь мөн дэмжигдсэн. Үүнээс гадна хотын захиргааны шинэ байранд тавилга, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авахаар гурван тэрбум төгрөг тусгасныг 500 саяар бууруулж, нийслэлийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар төсвийн төсөлд суулгасан дөрвөн тэрбум 825.3 сая төгрөгийг хаслаа.

Улмаар МАН-ын бүлгээс ирэх онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх ажлуудын төсөлд зарим арга хэмжээг нэмэх санал гаргасан. Үр дүнд нь Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн паркын төслийн магадлалын шинжилгээ, байгаль орчны үнэлгээг хийхэд шаардлагатай 400 сая төгрөгийг төсөвт суулгав. Мөн Чингэлтэй дүүргийн I хорооны 12, 13 дугаар байрны гадна инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлэх боломж бүрдэв. Тус ажилд 1.4 тэрбум төгрөг зарцуулна. Хөрсний ус зайлуулах ажилд нэг тэрбум, айл, өрхүүдэд ус түгээх машины тоог таваар нэмэхэд шаардлагатай 700, "Монгол наадам цогцолбор"-ын дэд бүтцийг сайжруулж, засахад зарцуулах 300 сая төгрөгийг хурал дахь МАН-ын бүлгийн саналаар төсөвт суулгасан юм. Газар хөдлөлтөд тэсвэргүй хуучны барилга Улаанбаатарт 1000 гаруй бий. Нийслэлийн Засаг дарга ийм барилга, байгууламжийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийж, бүртгэлжүүлэх ажилд 50 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байв. Тэгвэл МАН-ын бүлгээс зарцуулах хөрөнгийг 200 саяар нэмэх санал гаргаж, төлөөлөгчид дэмжсэн юм. Мөн тус бүлгээс нийтийн эзэмшлийн талбайд явган хүний зам шинээр тавьж, хуучныг засах зардлыг нэг бумаар нэмж, дөрвөн тэрбум төгрөг болгох санал гаргасан. Төлөөлөгчид орчны тохижилтыг сайжруулах нь зүйтэй гээд уг саналыг дэмжсэн.

Дашрамд дурдахад, МАН-ын бүлгээс ирэх онд хувьчлах өмчийн жагсаалтад “Нарны титэм” худалдааны төвийн “Ж” корпус, “Өргөө” зочид буудал, Багануур дүүргийн II хорооны хуучин барилгыг нэмэх, концессын зүйлийн жагсаалтад “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гээс Богдхан уулын арын авто замтай нийлэх явган хүний болон дугуйн замтай гүүр, агаарын дүүжин замын бүтээн байгуулалтыг нэмэх санал гаргасан нь олонхын саналаар дэмжигдсэн юм.

Харин нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс "Хүүхдэд ээлтэй Улаанбаатар" хөтөлбөр хэрэгжүүлэх санал гаргаж, үйл ажиллагааных нь зардалд шаардлагатай 250 сая төгрөгийг төсөвт суулгуулав. Мөн орон сууцны хуучин барилгуудын дээврийн засварт 1.6 тэрбум төгрөг төсөвлүүлсэн. Улаанбаатар хотын хөрсний 40 метрийн гүнээс бохирдол илэрсэн гэх судалгаа бий. Тиймээс АН-ын бүлгээс хөрсний бохирдлыг багасахын тулд шаардлагатай 150 сая төгрөгийг шийдвэрлүүлэх санал гаргасан нь дэмжигдэж, төсөвт суулгав.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Урсгал зардлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулах төсөв баталлаа   
Үзсэн: 1277 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2018-12-06 20:39
БАГАНУУР ҮЙЛДВЭРЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ДЭД БҮТЭЦ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАНД ЗОРИУЛЖ ТӨСӨВ БАТЛАХГҮЙ ЯАСАН ДҮҮРЧИХСЭН НОХДУУД ВЭ
Зочин [127.0.0.xxx] 2018-12-06 17:58
Зардлуудын задаргаа үнэлгээг маш сайн шалгаарай.

Бидэнтэй нэгдээрэй