Шууд Chart

Долоон хүн осгож, 13 хүн архинд хордож нас баржээ

2018-12-25 15:51:06

Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын байгууллагаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат "Энэ сар гарснаас хойш 23 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад 31900 дуудлага, мэдээлэл, 1175 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 637 гэмт хэргийг илрүүлсэн. Мөн энэ сард хүний амь хохирсон 165 хэрэг бүртгэгдсэний 13 нь архины хордлогын улмаас, долоо нь осгож нас барсан. Мөн зургаан иргэн амиа хорлосон тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс гадна 4598 хүн эрүүлжүүлэгдсэн.

Цагдаагийн байгууллагын зүгээс шинэ жилийн баярын арга хэмжээг өргөн дэлгэр тэмдэглэдэг энэ өдрүүдээр "Шинэ жил-2018" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж, нийт алба хаагч болон сонсогчдыг дайчлан ажиллаж байгаа" гэлээ.

Мөн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Шинэ жилийн баярын үеэр амар хялбар аргаар мөнгө олох зорилготой этгээдүүд дээрэм хийх тохиолдол нэмэгдэж, архидан согтуурсан үедээ  ялихгүй зүйл дээр маргалдан, нэг нэгнээ гэмтээх, улмаар амь насанд нь хүрэх тохиолдол гарсан.

Тухайлбал, Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 19-ний шөнө 05:00 цагийн орчимд Фарм трейд төвийн манаачийг үл таних этгээд хүлж, хутга тулган айлган сүрдүүлж, биед нь гэмтэл учруулсан. Мөн иргэн Б-ийн чингэлэгт нэвтрэн 20 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэг үйлдэгдсэн. Энэ хэргийг цагдаагийн ажилтнууд шуурхай шалгаж 1995 онд төрсөн Т, Г нар бусадтай бүлэглэн үйлдсэнийг урьдчилан байдлаар тогтоож, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Үүнээс гадна энэ сарын 20-21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед үйлчлүүлж байсан 1997 онд төрсөн А бусдад зодуулсны улмаас ГССҮТ-д эмчлүүлж байхдаа нас барсан. Цагдаагийн алба хаагчид энэ хэргийн буруутныг шуурхай эрэн сурвалжлахад хамгаалалтын албанд ажилладаг 25 настай Ө гэгч хамт олонтойгоо тус газар үйлчлүүлж байхдаа дуу дуулуулсангүй гэх үл ялих шалтгаанаар хохирогчийн биед халдаж, амийг нь хохироосон байх шалтгаан урьдчилсан байдлаар тогтоогдож, үргэлжлүүлэн шалгагдаж байна.

Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын  20-ны өдөр орон сууцны орцонд А, Э нарыг үл таних хүн хутга тулган дээрэмдсэн хэрэг гарсан. Энэ хэргийг цагдаагийн алба хаагчид шуурхай шалгахад 1999 онд төрсөн Ц гэгч үйлдсэн болох тогтоогдсон. Тухайн этгээдийг  шалгаж байна” гэв.

Мөн тэрбээр шинэ жилийн баярын амралтын өдрүүдээр цагдаа дотоодын цэргийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллана гэсэн юм.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Долоон хүн осгож, 13 хүн архинд хордож нас баржээ  
Үзсэн: 902 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй