Хормузын хоолойг ойрын хугацаанд нээх найдвар буурснаар наймдугаар сарын 10-нд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ дахин өсжээ. Брент төрлийн газрын тосны үнэ өдрийн арилжаагаар 3.3 хувиар өсөж, нэг торх нь 84.64 ам.долларт хүрсэн бол АНУ-ын Баруун Техасын газрын тос 3.1 хувиар өсөж, 80.63 ам.доллар болжээ.
Иран Хормузын хоолойг нээхийн тулд АНУ-аас цэргийн заналхийллээ зогсоох, хориг арга хэмжээг цуцлах, нөхөн төлбөр олгох зэрэг хэд хэдэн шаардлага тавьсан юм. Талууд тохиролцоонд хүрч магадгүй гэсэн хүлээлт өнгөрсөн долоо хоногт нэмэгдсэнээр Брент болон Баруун Техасын газрын тосны үнэ долоон орчим хувиар буурч байв. Харин хэлэлцээний төлөв тодорхойгүй болсноор үнэ эргэн өссөн байна.
Хормузын хоолой үндсэндээ хаалттай хэвээр байгаа ч зах зээл ойрын хугацаанд шийдэлд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа учраас газрын тосны үнэ одоогоор нэг торх нь 80-85 ам.долларын орчимд хэлбэлзэж байгааг шинжээчид онцолжээ.
Газрын тосны үнэ өсөхтэй зэрэгцэн АНУ-ын эрчим хүчний томоохон компаниудын хувьцаа мөн өсөв. Наймдугаар сарын 10-ны өдрийн арилжааны үеэр ЭксонМобилын хувьцаа 2.9 хувь, Шевроных 3.1 хувь, БиПи 2.1 хувь, Шелл 1.2 хувь, КонокоФиллипсийнх 2.7 хувиар тус тус нэмэгджээ.
Харин АНУ-д шатахууны жижиглэнгийн үнэ өнгөрсөн долоо хоногт бага зэрэг буурч, нэг галлон бензиний дундаж үнэ 4.09 ам.доллараас 4 ам.доллар болжээ. Гэвч Хормузын хоолой хаалттай хэвээр үргэлжилбэл газрын тос болон шатахууны үнэд өсөх дарамт богино хугацаанд дахин нэмэгдэх эрсдэлтэйг шинжээчид анхааруулсан байна.
| Брент төрлийн газрын тосны үнэ 3.3 хувиар өсжээ | ||
| Үзсэн: 64 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.