
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам шатахууны чанар стандарт, борлуулж буй бүтээгдэхүүний жижиглэнгийн хэмжээ бодит эсэх, үнэ тарифтай холбоотой хийгдсэн хяналт шалгалтын дүнг танилцуулсан.
Тэрбээр “Хяналт шалгалтын ажилд нийтдээ “Петростар”, “Магнай трейд”, “Шунхлай трейдинг”, “Содмонгол групп”, “М-Ойл групп” “Жаст-Ойл”, “Синчи-Ойл”, “Монсуль”, “Ойн бирж” зэрэг есөн аж ахуй нэгж байгууллага хамрагдсан. Эдгээр байгууллагын шатахуунаас дээж авч сорилт шинжилгээний лабораторид шинжлүүлсэн. Шинжилгээний үр дүнгээр дээрх есөн аж ахуйн нэгжүүдийн борлуулж буй АИ-92 автобензин дэх марганецын агууламж 0.6-0.9 мг/дмЗ байгаа нь тодорхойлогдсон. Марганец нь автомашины хөдөлгүүрээс шаталтын процессын үед ялгарч байгаа хортой болон хоргүй хийнүүдийг шүүх үүрэг бүхий эд анги буюу катализаторт муугаар нөлөөлдөг. Энэ хий агаар мандалд шууд цацагдсанаар хүн, амьтны эрүүл мэнд байгаль орчинд сөрөг нөлөөтэй байдаг.
Тиймээс ШӨХТГ-аас дээрх есөн аж ахуйн нэгжид холбогдох зөрчлийн хэрэг нээж шалгахад жижиглэнгээр борлуулж буй АИ-92 автобензин нь "Хөдөлгүүрийн түлш, этилжүүлээгүй бензин болох нь, хэмээх Монгол Улсын техникийн MNS 0217:2017" стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдсон. Тус есөн аж ахуйн нэгжид тус бүр есөн сая төгрөгийн шийтгэл ногдуулсан.
ШӨХТГ-аас цаашид шатахуунтай холбоотой гэнэтийн шалгалт хийнэ. Зөрчил гаргасан тохиолдолд тухайн байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах санал гаргана.
Манайхаас мөн найман аж ахуй нэгж байгууллагын 10 шатахуун түгээх станцад иргэдээс ирдэг гомдлын дагуу жижиглэнгээр борлуулж буй шатахууныхаа хэмжээг бодитоор шахдаг эсэхийг шалгасан. Шалгалтын явцад “Монсуль” компанийн ШТС бензинээ дутуу шахаж байсан зөрчлийг илрүүлж, арилгуулан таван сая төгрөгийн торгууль тавьсан.
Үүнээс гадна зохиомлоор шатахууны хомсдол үүсгэж, шатахууны үнээ ойр ойрхон нэмдэг асуудалтай холбоотойгоор долоон компанийн 73 ШТС-ыг хамруулан хоёр удаа хяналт шалгалт хийсэн. Үүнээс шатахууны хязгаарлалт хийсэн, үйл ажиллагаагаа зогсоосон үндэслэлээр давхардсан тоогоор 10 байгууллагад 55 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Зарим компанийн зөвшөөрлийг цуцлах санал гаргасан” гэв.
ШӨХТГ зарим шатахууны компанийн "булхайг дэлгэв" | ||
Үзсэн: 1513 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.