Шууд Chart

МҮОНРТ-ийн 11 уран бүтээлч салбарын тэргүүн боллоо

2018-12-28 14:41:14

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз энэ жилийн үйл ажиллагааны тайлан, баярын хурлаа өнөөдөр зохион байгуулж, улиран өнгөрч буй 2018 оны шилдэг ажилтнууддаа салбар яамны болон байгууллагын шагнал гардууллаа.

Энэ арга хэмжээний эхэнд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц байгууллагынхаа 2018 оны үйл ажиллагааны тайланг танилцуулсан. Үүнээс хураангуйлан хүргэвэл энэ онд МҮОНРТ байгууллагынхаа дэргэдэх “Улаан бүч” чуулгын уран бүтээлийг дэмжиж ажилласан. Энэ хүрээнд тоглолтын иж бүрэн хувцас, уран бүтээлийн анхны цомгоо гаргахад дэмжлэг үзүүлсэн. Мөн МҮОНРТ-ийн Уран бүтээлийн оюуны өмчийн эрхийг баталгаажуулах ажил хийгдэж байна. Үүнд, “Хавар”, “Эрт нахиалсан сарнай” олон ангит уран сайхны кино, Сэтгэл мэднэ, Эргэх дөрвөн цаг, Нээлттэй хором, Цаг үе үеэл бодол, Төл таван эрдэнэ, Ургацын далай, Олон нийтийн цаг, Соёл эрдэнэ, Гэгээн үдэш, Зүрхэнд мөнхөрсөн аялгуу, Оюундалай, Жив жив, 12:15, Монгол өв соёл, Эх өв, Өвлөхүйн ухаан, Одонгоо зүүцгээе, Монгол инженер, Шинжлэх ухааны цаг зэрэг нэвтрүүлэг багтсан юм.

Түүнчлэн МҮОНРТ энэ онд 10 гаруй гадны болон төрийн байгууллагатай хамтарсан бүтээл хийх, контент солилцох чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулж ажилласнаас гадна радио, телевизийнхээ техник, тоног төхөөрөмжийн түүхэн үзмэр байгуулсан.

Цаашлаад “Монголын телевизүүдийн чуулган-2018” арга хэмжээг хамтран зохион байгуулж шууд дамжуулалт хийсэн, “Монголын эдийн засгийн форум-2018” арга хэмжээг Төрийн ордноос радио, телевизийн сувгуудаараа болон цахим орчинд үзэгч түмэндээ шууд хүргэсэн юм. Мөн 150 гаруй байгууллагын төлөөллийг оролцуулсан Харилцагчийн өдөрлөг хоёр удаа зохион байгуулж, Дани улсын “The why” байгууллагатай хамтран “Дэлхийн түүхүүд” төслийг эхлүүлж, “Залуучуудын олимпийн наадам-2018” арга хэмжээг албан ёсны эрхтэй шууд дамжуулсан.

Үүнээс гадна энэ оны гуравдугаар сарын 5-нд “MNB спорт”, энэ сарын 20-нд “MNB World” суваг албан ёсоор нээлтээ хийж, “өрх тусгаарласан” билээ.

Тэгвэл МҮОНРТ-ийн ирэх оны зорилтоос танилцуулвал, МҮОНР үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, Монголын дуу хоолой радиогийн 55 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах, “Tokyo 2020” зуны 32 дахь Олимпын наадмын албан ёсны эрхийг авах, “Монголын нинжа дайчид” телевизийн реалити шоуг бэлтгэж үзэгчдийн хүртээл болгох, “Робокон-2019” олон улсын роботын тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулж үзэгчдэд хүргэхээр ажиллаж байна.

МҮОНРТ-ийн удирдлагууд тайлангийн хурлынхаа төгсгөлд шилдэг уран бүтээлч, ажилтнууддаа шагнал гардуулсан. Энэ үеэр  БСШУСЯ-ны соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр ОНР-ийн найруулагч, нэвтрүүлэгчдийн албаны продюсер Д.Батбаяр, Кино, орчуулгын нэвтрүүлгийн редакцын дуу оруулагч Ш.Батболд, Тайз чимэглэлийн албаны зураач Г.Ариунаа, Хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлгийн редакцын редактор Д.Эрдэнэцэцэг, эфирийн найруулагч Б.Эрдэнэсүрэн, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан тэмдгээр “MNB спорт” сувгийн найруулагч Ж.Батбаяр, МСНЭ-ийн Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан тэмдгээр Соёл урлагийн нэвтрүүлгийн редакцын редактор Ё.Мөнхтуяа, Маркетингийн хэлтсийн ерөнхий менежер Б.Ариунболд, Шинжлэх ухаан, танин мэдэхүйн редакцын сурвалжлагч Н.Байгалмаа, Хятад хэлний редакцын ахлах редактор Б.Нямхүү нар шагнууллаа. Мөн МСНЭ-ийн Ган үзэгтэн тэмдгээр Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцын сурвалжлагч Т.Хишигбаярыг шагнав. Үүнээс гадна МҮОНРТ-ээс МЗХ-ны Тэргүүний залуу алтан медалийн эзэн тав, Хөдөлмөрийн алдар цол тэмдэгтэн нэг, Үйлвэрчний эвлэлийн тэргүүний ажилтан тав төрсөн.

Харин Байгууллагын хүндэт өргөмжлөлийн эздээр “MNB спорт” суваг, Радио, Телевизийн "Тэргүүний ажилтан" цол тэмдгийн эзэн зургаа, Радио, Телевизийн "Хүндэт дэвтэр"-т нэг, Радио, Телевизийн "Хүндэт жуух"-аар 30, өвлийн өвгөн аавын бэлгээр 39 уран бүтээлч, ажилтан шагнууллаа.





















Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ-ийн 11 уран бүтээлч салбарын тэргүүн боллоо  
Үзсэн: 3129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй