Шууд Chart

Швед дэх Монголчууд шинэ оноо амжилт дүүрэн угтлаа

2019-01-03 11:06:18

Швед дэх Монголчууд айлчлан ирж буй 2019 оны шинэ жилийн баяраа амжилт бүтээл, шагнал урамшуулал, бахархал, инээд баяраар дүүрэн угтлаа. Энэ улсад ойролцоогоор 10 мянга орчим Монголчууд ажиллаж амьдарч байгаа гэх албан бус тоо байх бөгөөд улиран өнгөрч байгаа 2018 оны сүүлчийн өдрүүдэд тэдэнд зориулан нийслэл Стокхольм хотноо хэд хэдэн томоохон шинэ жилийн баяр боллоо. 

Стокхольм хотод хүүхдийн эх хэл, соёл, авьяасыг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн олон нийтийн байгууллага, төвүүд бий. Энэ жилийн хувьд тэдгээр хамт олон бүгд л өөр өөрийн амжилт бүтээлийг тодорхойлсон, ирээдүй хойчийнхоо төлөөх хийх үйлсээ ч танилцуулсан баярууд боллоо. Стокхольм хотод дөрөвдэхь жилдээ ажиллаж байгаа Швед -Монгол хэл, утга зохиолын ”Хос жигүүр" төвийн сурагчид ”Мөрөөдлийн шинэ жил"-ийн баяраа тэмдэглэсэн. Өвлийн өвгөн аав цаа бугаа хөлөглөн шинэ, хуучин он, цасан охид, долоон одойтой айлчлан ирж хүүхэд багачуудаа, ээж аавуудаа баярлуулсан бол эгдүүтэй алиалагч, ойн амьтад, бүжигчин гүнж, 12 жилийн билэгдлүүд энэ хамт олны баярыг чимж байлаа. МУСТА, яруу найрагч Банзрагчийн Энхтуяагийн санаачлагаар байгуулагдсан энэ төв өдгөө 40 гаруй хүүхэд хоёр ангиар хичээллэж монгол хэл, сэтгэн бодох чиглэлээр сургалтаа явуулж байгаа.

"Зүүдэнд ирсэн шинэ жил - 2019”.  Энэ бол Швед дэх Эх хэл,соёлыг хөгжүүлэх "Төгс билэгт" төвийн тав дахь жилдээ бие даан хийж байгаа хүүхдийн шинэ жил. Энэ баярт авьяаслаг сурагчид урлагийн тоглолтоо толилуулж ирсэн зочдын сонорыг мялааж, хамтдаа шинэ оноо угтлаа. Тус төвийн хувьд 2018-2019 оны хичээлийн жилд эх хэлээрээ уншиж бичих хоёр анги, "Төгөлдөр хуур", "Дүрслэх урлаг, “Цаасан сийлбэр"-ийн сонгоны анги, "Математик"-ийн ангийг шинээр нээсэн бөгөөд Монгол улсаас хэрэгжүүлж буй "Хос бичигтэн" болох хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр дахь дахь жилдээ Уйгаржин монгол бичгийн сургалтыг амжилттай явуулж байгаа зэрэг арвин их амжилтаар 2019 онтойгоо золгож байна.

Тэгвэл Стокхольм хотод ажиллаж, суралцаж байгаа залууст зориулсан "Он цагаар аялая” хэмээх эрч хүчтэй, содон сонин зүйл ихтэй шинэ жилийн үдэшлэгийн Швед дэх Монголын Залуучуудын Холбооноос дөрөв дэх жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн үдэшлэгийг Positive Mongolians онлайн төсөл болон "Славафото" студи дэмжин ажилласан. Он оны ялгааг харуулсан хувцаслалт, стайлаар гангарч ирсэн Залуусын эрч хүчтэй уур амьсгал, шинэ урлагийн тоглолт, хөгжөөнт тэмцээнүүд хөтөлбөрийг улам сонирхолтой болгож байсан.

Бас нэгэн талархлын шинэ жилийн талаар энд дурдахгүй өнгөрч болохгүй болов уу. Стокхольм болон түүний дагуул хотууд дахь салбараар дамжуулан үйл ажиллагаагаа өргөжүүлээд байгаа “Шинэ Амьдрал” цуглаанд өдгөө олон монгол гэр бүлүүд хамрагдан, хэлний сургалт, тусламж дэмжлэгийн арга хэмжээнд идэвхтэй оролцдог болоод байгаа. Харин өнгөрсөн оноос эхлэн Христийн мэндэлсэн өдрийг олон нийтийн дунд нээлттэй тэмдэглэдэг болсон. Тэгвэл эн сүмийн Монгол цуглаанаас Сайн мэдээний баярыг тохиолдуулан хүүхэд, гэр бүлийн баяраа хийсэн байна. Цуглааны зүгээс 400 гаруй ирсэн зочдоо өөрсдийн бэлтгэсэн төрөл бүрийн хоолоор үнэгүй дайлж 12-оос доош насны 250 хүүхдэд бэлэг гардуулсанд нутаг нэгт монголчууд нь ихээр талархаж байв.

Ингээд энэ улсад амьдарч байгаа Монголчууддаа зориулсан Төв шинэ жилийн тухай товч мэдээллийг хүргэе. Энэ арга хэмжээг Швед дэх Монголчуудын Холбооноос санаачлан зохион явуулдаг уламжлалтай. Ер нь бол Швед дэх Монголчуудын Холбооноос хариуцан жил бүр зохион байгуулдаг “Наадам-2018 Стокхольм” арга хэмжээ нь Хилийн чанад дахь Монгол наадмуудаас тэргүүн байрт шалгаран Гадаад харилцааны яам болон Улсын баяр наадмыг зохион байгуулах Төв комиссын өргөмжлөл, мөнгөн шагналыг хүртсэн амжилтаар энэ улсад амьдарч буй Монголчууд шинэ оноо угтаж байгаа билээ.

Энэ өргөмжлөлийг Шведийн Вант улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас "Стокхольм-2019" Төв шинэ жилийн баярын үеэр тус холбооны удирдлагад гардуулан өгсөн. Тэгвэл Монголчуудын хамгийн өргөн цар хүрээтэй болдог энэхүү төв шинэ жилийн баярт урилгаар оролцсон Герман улсын Берлин хотын оюутан н.Мөнхшатар, Дрезден хотын Бүжгийн их сургуулийн оюутан Б.Одбаяр, Хөгжмийн их сургуулийн оюутан Г.Мөнхцэцэгт болон залуу дуучин Ш.Ононбаяр, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Содонбаяр, “Гэгээн эгшиг” хамтлагийн төлөөлөл уран бүтээлийн дээжээрээ бэлэг барьсан юм.

Энэ жилийн хувьд Шведийн Монголчуудад шагналын хур буусан гэлтэй аз хийморьтой байсныг энд дурьдах хэрэгтэй байх. Дээрх шинэ жилүүдийн үеэр шагнагдсан эрхмүүдийг заримаас дурдвал: 

- “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”-аар “Төгс Билэгт” төвийг үүсгэн санаачлагч багш Л.Үзмээ, “Нямаа салон”-ы эзэн үсчин, гоо сайханч Т.Нямаа нар 

- “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр Швед дэх МҮОНРТ-ийн сурвалжлагч Р.Хишиг-Алдар, 

- Нийгмийн хамгааллын яамны “Хүндэт жуух” бичгээр Швед дэх Монголчуудын холбооны Баруун эргийн салбарын тэргүүн Д. Бат-Амгалан, 

- “Тэргүүний залуу алтан медаль”-аар Залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн Ж.Бямбасүрэн, Ч.Отгончимэг

- 2018 оны "Тэргүүн тамирчин "-аар аймгийн начин С.Оргилболд, 

- Шагайн харвааны оны шилдэг багаар Монгол Улсын мэргэн Б.Энхтүвшин ахлагчтай баг,

- Оны шилдэг залуу шагай харваачаар Б.Түвшинтөгс,

- Оны шилдэгийн шилдэг харваачаар Монгол улсын хошой мэргэн Г.Хишигбүрэн

- Сагсан бөмбөгийн оны шилдэг багаар "Жаалууд" баг тодорлоо. 

Р.Слава 
Стокхольм хот 
2019-01-01

Нийтэлсэн: Р.Слава

Швед дэх Монголчууд шинэ оноо амжилт дүүрэн угтлаа  
Үзсэн: 2769 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй