
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын нэг нь Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудал байлаа. Энэ талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж хийсэн юм.
МУ-ын ерөнхийлөгчийн санаачилгаар 2003 онд анх Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж, монгол үндэсний бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгодог болсон бөгөөд ингэхдээ анх удаа далай аварга цолыг шинээр бий болгосон. Уг нь монгол үндэсний бөхөд ийм цол байгаагүй, харин цолны чимэг байсан түүхтэй аж. Өнөөдөр монгол үндэсний бөхийн хөгжил өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн ширүүсч байгаа нь үндэсний бөхийн дархан аварга төрөх боломжийг хомсдуулж байна. Далай аварга цолыг хасах нь зүйтэй гэсэн санал ч олон түмний дунд ихээр яригддаг. Иймээс шинээр олгогдох болсон улсын далай аварга цолны чимгийг олгодоггүй болгохоор хуульчлах нь зүйтэй гэж үзэж байгаагаа төсөл санаачлагч хэллээ. Мөн хуулийн төслийн үзэл санааг МУ-ын ерөнхийлөгч болон Үндэсний бөхийн холбоо дэмжиж байгаа гэдгийг тэрээр дурдлаа. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар монгол үндэсний бөхийн цол чимгийн агуулга сайжирч, олон түмний дунд нэр хүнд нь улам өсөхийн зэрэгцээ бөхчүүдийн шударга өрсөлдөөн, барилдааны чанарт өөрчлөлт гарна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулахаар боллоо | ||
Үзсэн: 942 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.