Шууд Chart

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ

2014-01-29 13:01:13

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс өмнө болж  “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр ”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ тухай танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хийсэн юм.

Анх Улаанбаатар хотноо 2007 оны 3 дугаар сард болсон Монгол, Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын зөвлөлийн III хуралдааны үеэр монголын тал чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг АНУ-ын талд тавьсан аж. Харин АНУ-ын тал МУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хэлэлцээ эхлүүлэхийн өмнө чөлөөт худалдааны хэлэлцээрийн салшгүй хэсэг болох “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг эхлээд байгуулах саналыг ирүүлсний дагууу хоёр тал 2010 онд хэлэлцээрийн төслийг анх солилцож, 2011 онд зарчмын хувьд тохиролцсон байна.
 Энэхүү хэлэлцээрийн гол зорилго нь худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр мөрдөж байгаа болон батлан гаргах гэж буй хууль тогтоомжийн талаар хоёр тал урьдчилан мэдээлэл солилцож байх, бизнесийн орчны ил тод байдлыг хангахад чиглэж байгаа аж.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүн Н.Энхболд, Л.Цог нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд үг хэлэх гишүүн гараагүй тул “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжлээ   
Үзсэн: 1129 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй