Шууд Chart

Хезер Науэрт НҮБ-д суух байнгын төлөөлөгчийн албан тушаалаас татгалзлаа

2019-02-17 13:10:00

“Фокс ньюс” телевизийн нэвтрүүлэгч асан, АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн дарга Хезер Науэрт НҮБ-д суух АНУ-ын байнгын төлөөлөгчийн албан тушаалд өрсөлдөхгүй болж байна. Тэрбээр “Сүүлийн хоёр сар миний гэр бүлийн хувьд маш их дарамт шахалттай байлаа. Гэр бүлээ бодоод би өөрийнхөө нэрийг энэ өрсөлдөөнөөс хасч байна” гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ нэр дэвшигчийг тун удахгүй зарлах нь энэ бүгдээс тодорхой болж байна. Дональд Трамп Хезер Науэртийг НҮБ-д суух АНУ-ын байнгын төлөөлөгчид дэвшүүлж байгаа тухай мэдээ өнгөрсөн оны аравдугаар сард ил болсон юм. "Цагаан ордон"-ы зүгээс энэ эмэгтэйг Трампын засаг захиргааны гадаад бодлогыг хамгаалах чадамжтай хүн гэж тооцож байсан.

НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Никки Хейли өнгөрсөн аравдугаар сард огцорч байгаагаа мэдэгдсэнээс хойш энэ албан тушаал сул байгаа юм. Дональд Трамп өнгөрсөн оны 11 дүгээр сард хийсэн мэдэгдэлдээ "48 настай Хезер Науэрт нэр дэвшигчдэд багтаж байгаа. Энэ хүн ажил үүргээ маш сайн биелүүлдэг. Энэ хүнтэй удаан хугацаанд хамтран ажилласан" гэдгийг нотолж байсан.

Хезер Науэрт нэлээд удаан хугацаанд телевизийн “Фокс ньюс” болон “Эн-Би-Си” сувагт ажиллаж байсан бөгөөд хэрвээ тэрбээр нэрээ татаагүй бол АНУ-ын Сенат энэ эмэгтэйг дэмжихэд бэлэн байлаа. Хезер Науэрт 2017 оны дөрөвдүгээр сард Трампын засаг захиргаанд төрийн департаментын хэвлэлийн нарийн бичгийн даргаар орж ирж байсан бөгөөд тухайн үед төрийн департаментыг Рекс Тиллерсон даргалж байсан юм.

Шинэ төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ эмэгтэйг олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн өөрийн орлогч хүртэл дээш ахиулсан. Хезер Науэрт Төрийн нарийн бичгийн даргыг хилийн чанадад хийсэн айлчлалд нь дагалдаж, түүний ойрын хүрээний хүний нэг хэмээн тооцогдож байлаа. Үүнээс гадна Хезер Науэрт Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп болон түүний нөхөр Жаред Кушнертэй сайн харилцаатай байдаг. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хезер Науэрт НҮБ-д суух байнгын төлөөлөгчийн албан тушаалаас татгалзлаа  
Үзсэн: 1478 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй