Шууд Chart

20 Тэрбумын хөрөнгө оруулсан Саудын ханхүүд Пакистан улс хүндэтгэл үзүүлэв

2019-02-22 11:31:56

Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мухаммед Бин Салман Ази тивийн гурван орноор хийх айлчлалаа Ням гарагт эхэлсэн юм. Түүний эхний зогсоол нь Пакистан улс бол дараа нь Энэтхэг, Хятадад айлчилна. Ханхүү Ням, Даваа гарагуудыг Пакистанд өнгөрүүлэхдээ нийт $20 тэрбумын дүнтэй хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зуржээ. Хөрөнгө оруулалтын ихэнх нь эрчим хүчний салбарт оногдож байна. Эдийн засгийн хүндрэлтэй тулгараад байгаа Пакистан улсын хувьд энэ нь маш чухал дэмжлэг болжээ. Тиймээс Пакистаны ерөнхийлөгч Ариф Алви өчигдөр тус улсын хамгийн дээд шагнал болох “Нишан-э-Пакистан” одонг Саудын ханхүүд гардуулсан байна.

Ням гарагт Исламабад хотноо хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан Мухаммед Бин Салман $20 тэрбумыг “сар бүр, жил бүр өсөн нэмэгдэх тоо” гэж зарлажээ. Үүнээс гадна Саудын Арабт хоригдож байгаа Пакистаны 2,107 иргэнийг суллах амлалт өгсөн тухай Исламабадын засгийн газрын эх сурвалжууд мэдээлж байна. Ойрх Дорнодын баян чинээлэг орнуудад ажил хөдөлмөр эрхэлж байхдаа шоронд хоригдсон олон мянган иргэний асуудал Пакистаны хувьд эмзэг сэдэв болдог. Саудын Арабын ханхүүгийн нисэх онгоцыг агаарын хилээр орж ирэх, гарахад Пакистаны байлдааны нисэх онгоцнууд дагалдан хамгаалж, хүндэтгэл үзүүлжээ. Эдийн засаг нь доройтсон Пакистан улс ОУВС-тай бэйлаутын хэлэлцээр хийж байгаа энэ үед Саудын Араб гол ивээн тэтгэгч нь болоод байгаа.

Саяхан тус улс $6 тэрбумын зээл Пакистанд олгосон нь Исламабадын эрх баригчдад “амь тариа” болсон юм. Аравдугаар сард Саудын Арабт болсон олон улсын хөрөнгө оруулалтын чуулганд сэтгүүлч Жамал Хашоггийн аллагатай холбоотойгоор гадаадын удирдагчдаас цөөн хүн оролцсоны нэг нь Пакистаны ерөнхий сайд Имран Хан байв.

 

Нийтэлсэн: Yндэсний телевиз

20 Тэрбумын хөрөнгө оруулсан Саудын ханхүүд Пакистан улс хүндэтгэл үзүүлэв  
Үзсэн: 1142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй