
Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ээс зохион байгуулж буй “Их дуулга” тэмцээн Германы Дюсселдорф хотод боллоо.
Энэхүү тэмцээнд 93 орны 606 жүдоч өрсөлдөж байгаагаас манай улсаас 19 жүдоч багтсан юм.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаанууд болж, медальтнууд тодорлоо.
Манай жүдочдоос нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр Япон, Косово, БНСУ-ын араас дөрөвт бичигдлээ.
Эрчүүдээс Ё.Басхүү /66 кг/ хүрэл медаль хүртэж медалийн тавцанд зогссон бол эмэгтэйчүүдээс Л.Сосорбарам мөнгө, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд нийт 39 жүдоч барилдсанаас Л.Сосорбарам ХонКонг, Турк, Францын жүдочдыг ялж, хагас шигшээд Японы Маэда Чишимаг цэвэр ялан аваргын төлөө барилдахаар болсон. Манай бөх Косовогийн Келмендид ялагдан “Их дуулга”-ын мөнгөн медалийг хүртлээ.
57 кг-ын жинд барилдсан Д.Сумъяа Австри, БНХАУ, Францын бөхчүүдийг ялсан ч хагас шигшээд Бразилын Рафаэль Силвад ялагдлаа. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Польшийн бөх Анна Боровшкаг ялж, медалийн тавцанд зогсов.
Д.Сумъяа “Рио-2016” олимпийн наадмын финалд Рафаэль Силвад ялагдаж байсан билээ.
Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа, Ё.Басхүү нар хүрэл, Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ | ||
Үзсэн: 718 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.