
“АНУ Вьетнам загвараар өөрчлөлт шинэчлэл эхлүүлж, Вашингтонтой харилцаа холбоогоо хэвийн болгохын тулд энэ орноос үлгэр жишээ авахыг БНАСАУ-д ятгахыг нэлээдгүй сонирхож байна” гэж Хонконгийн “Стандарт” сонин бичжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео 2018 онд Пхеньянд очихдоо, Ерөнхийлөгч Трамп БНАСАУ хөгжин цэцэглэх, АНУ-тай түншлэлийн харилцаа тогтоох замд Вьетнамаас үлгэр жишээ авахыг хүсэж байна гэдгийг бага багаар ойлгуулж байжээ. БНАСАУ болон Вьетнам хооронд ижил төстэй зүйл их бий. Тухайлбал хоёр орон коммунист дэглэмтэй, хоёул 1950-1953 оны Солонгосын дайн, 1964-1975 оны Вьетнамын дайны үеэр Америкийн эсрэг тулалдаж байсан. Гэхдээ Ханой өөрийн дайсан байсан улстай дипломат харилцааг маш амжилттай хэвийн болгож, худалдаа-эдийн засгийн нягт харилцаа тогтоож, хөгжүүлж чадсан юм.
Трамп, Ким Жон Ун нарын анхны түүхэн уулзалт болсон өндөр хөгжилтэй, баян Сингапурыг бодвол Вьетнамын эдийн засгийн ийм амжилтад хүрсэн зам БНАСАУ-д илүү нийцэхээр харагддаг. Трамп, Ким Жон Ун нар энэ удаагийн уулзалтаараа энх тайванд хүрэх замын зураг төлөвлөгөөг боловсруулж болох талтай. Цаашид дээд хэмжээний уулзалтыг тогтмолжуулснаар хоёр удирдагчийн гадаад болон дотоод бодлого дахь статус бэхжинэ гэдгийг судлаачид хэлж байна. Солонгосын хойгийн байдал нааштай эргэх цагт БНАСАУ-д экспортод чиглэсэн хурдан өсөлттэй эдийн засгийг бүтээн байгуулах боломж бас бий.
Пхеньян АНУ, Хятад, Өмнөд Солонгосын зах зээлд нэвтэрч, хөрөнгө оруулалтыг татах боломж бас байна. Ким Жон Ун удирдагч ард олныхоо материаллаг сайн сайхан байдлыг дээшлүүлж чадсанаар түүний эрх мэдэл удаан хугацаагаар бэхжиж, Хөдөлмөрийн намын үүрэг роль улам бүр өсөж, БНАСАУ бие даасан төр улс гэдэг хувьд хүч чадал нь бэхжинэ.
АНУ Вьетнам загвараар өөрчлөлт шинэчлэл хийхийг БНАСАУ-д итгүүлэхийг оролдож байна | ||
Үзсэн: 1001 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.