
Цагдаагийн ерөнхий газрын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид өнгөрсөн нэгдүгээр сард нийслэлийн хэмжээнд хяналт, шалгалт хийж хууль бус агнууртай холбоотой цөөнгүй хэрэг илрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр гэмт хэрэгтнүүд баавгайн долоон ширхэг савар, эд эрхтэн, хөлдөөсөн алтайн хойлог шувуу тээвэрлэж яваад баригдсан байдаг. Мөн нэн ховор амьтан болох цоохор ирвэсийн гурван ширхэг арьс, гавлын яс, хөлдөөсөн махыг худалдах зорилгоор тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байгаа юм.
Хууль бус агнуур, зэрлэг амьтны эд эрхтний худалдаатай холбоотой хэргийг илрүүлэх нь хялбар биш. Учир нь энэ төрлийн гэмт хэрэг нарийн зохион байгуулалтад орсон байдаг аж. Тиймээс хууль хүчний байгууллага, иргэд, олон нийтийн хамтын ажиллагааны үр дүнд энэ аюулыг багасгах боломжтой.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилга гаргаж, Хууль зүйн сайдын тушаалаар Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулсан. Тэгвэл уг дэд зөвлөл байгуулагдсанаар хууль хүчний байгууллагуудын уялдаа холбоо сайжирч, энэ төрлийн хэрэг илрүүлэлт нэмэгдэж байна. Ингэснээр хууль бус агнуурын эсрэг тэмцэлд ахиц гарч байгаа ч амьтны эд эрхтний эрэлтэд тулгуурласан хууль бус худалдаа буурахгүй байгаа юм. Тиймээс төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мэдээллийг түргэн шуурхай солилцох боломжийг бий болгох, боловсон хүчний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хамтарсан сургалт, сурталчилгаа, хяналт, шалгалт хийх зэрэг ажлыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатайг хүрээлэн буй орчны мэргэжилтэн, судлаачид онцлов.
Амьтны эд эрхтний хууль бус худалдаа буурахгүй байна | ||
Үзсэн: 1043 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.