Шууд Chart

Хайр, хүндлэл, тэвчээрээрээ өрсөлддөг Тусгай олимпийн наадам эхэллээ

2019-03-15 09:54:14

Тусгай олимпийн зуны наадмын нээлт өчигдөр Улаанбаатарын цагаар 23:00 цагт Арабын Нэгдсэн Эмират улсын Абу даби хотын 43000 хүний суудалтай “Zayed Sports City” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Эл спортын наадамд дэлхийн 190 гаруй орны тамирчид спортын 24 төрлөөр өрсөлдөнө.

 Тусгай олимпийн нээлтийн үеэр албан ёсны гурван хэвлэлийн хурал болсон. Уржигдар нээлтийн арга хэмжээг угтаж, зохион байгуулсан хэвлэлийн хуралд АНЭУ-ын Тусламжийн сайд Хасса Бос, Орон нутгийн хөгжлийн сайд Эсса Батумайд, Олон улсын тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Мэри Дэвис зэрэг албаны хүн оролцлоо.

Хурлын үеэр Олон улсын тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Мэри Дэвис “Тусгай олимп бол зөвхөн спорт биш юм. Энэ бол түүнээс том агуулгыг багтаасан дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн хөдөлгөөн. Энэ бол хайр, хүндлэл, нэгнээ гэсэн сэтгэл, тэвчээр, бие биенээ хүлээн зөвшөөрөх хүн төрөлхтний ариун дэвжээ юм. Дэлхийн бүх иргэнийг энэ дэвжээн дээр гарч ирээд хоорондоо хайраараа "зодолдож", хүндлэлээрээ "барилдаж", тэвчээрээрээ өрсөлдөхийг уриалж байна” хэмээв.

Тамирчин бүрт бэлэгтэй “Эрүүл тамирчин” хөтөлбөр

Тусгай олимпийн наадамд спортын төрлүүдээр өрсөлдөж, медаль хүртэх нь хамгийн чухал зүйл биш аж. Энэ бол дэлхийн хамгийн том спортын хүмүүнлэгийн хөдөлгөөн учраас тэмцээн уралдаанаас гадуур олон арга хэмжээ зохион байгуулагддаг юм байна. Үүний нэг нь “Эрүүл тамирчин” хөтөлбөр. Тусгай олимпийн наадмыг зорин ирсэн бүх тамирчин эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой.

Ингэхдээ нүд, булчингийн хөгжил, чих гэхчлэн долоон өртөө дамжин үзлэгт хамрагдах бөгөөд өртөө бүрт үзлэгийн дараа тамирчдад өгөх бэлэг бэлджээ. Тухайлбал, нүдний үзлэгт хамрагдсан тамирчдад нарны шил болон харааны шилнээс өөрийнх нь сонголтоор бэлэглэнэ. Тулгуур эрхтний үзлэгт хамрагдсан тамирчинд дэлхийн алдартай брэндийн пүүз бэлэглэх зэргээр урамшуулдаг тул тамирчид үзлэгт хамрагдах гэж дараалал үүсгэн дугаарлана.

Монголын багийнхан олимп болох Абу Даби хотод ирсэн цагаасаа эхлэн ээлжээр “Эрүүл тамирчин” хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд бөгөөд хөлбөмбөгийн баг үзлэгтээ хамрагджээ. Үзлэгийн талаар багийн эмч М.Шамсия “Эрүүл тамирчин хөтөлбөр нь тамирчдад урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг. Мөн өртөө бүрт бэлэг өгдөг. Манай хөлбөмбөгийн багийн тамирчин хараа муутай, маш зузаан линз зүүдэг. Гэхдээ түүнийгээ талбай дээр тоглох үедээ зүүгээд гарах боломжгүй байсан. Манай тамирчид нүдний үзлэгт хамрагдсанаар тэр тамирчиндаа зориулалтын хагардаггүй материалаар хийсэн нүдний шил захиалж, авахаар боллоо” гэв.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Хайр, хүндлэл, тэвчээрээрээ өрсөлддөг Тусгай олимпийн наадам эхэллээ  
Үзсэн: 1124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй