
Роботын технологийн зах зээлд шинэ роботын төхөөрөмж мэндэллээ. Үүнийг Массачусетсийн технологийн хүрээлэнгийн инженерүүд зохион бүтээсэн байна. Робот нохойн ээлжит шинэ загварын төхөөрөмж сальто эргэж сурчээ. Үүнийг зохион бүтээгчид нь туршилтын дүрс бичлэгийн хамтаар олон нийтэд цахим хуудсаар дамжуулан үзүүлсэн байна.
Олон улсад ийм төрлийн роботын төхөөрөмжийг ихэвчлэн 4 хөлт робот нохой гэж онцолдог. Гэхдээ үүнийг хөгжүүлэгчид робот ирвэс гэж тодотгосон байна. Тийм ч учраас хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, үсэрч харайж чаддаг, сальто эргэлтийг урагш болон хойш хийж сурсан байна. Одоогоос хэдхэн жилийн өмнө 4 хөлтэй роботын төхөөрөмжийг гүйж, харайлгаж сургах, хөгжүүлэх биелэшгүй даалгавар мэтээр санаж байсан бол одоо цагт энэ бүхэн үнэхээр болж бүтэж байна. Өмнө тус роботыг зохион бүтээгчид роботынхоо гүйлтийн хурдыг олонд харуулж, сонирхуулж байсан юм. Тухайн үед тус робот 45,5 км цагийн хурдтай давхиж дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан байна. Сальто эргэхдээ ямар ч төвөггүй хөдөлж чадаж байгааг үзэгч та харж байна. тэгвэл ямар нэгэн шалтгаанаар унаж, хэвтсэн үед магадгүй дээш харж унасан үед хүний гарын тусламж оролцоогүйгээр өөрөө өндийж босож чаддаг гэдгийг туршилтаараа харуулж өгсөн юм. Энэ төвшинд хүргэхийн тулд зохион бүтээгчид нь лазерийн технологийн “LIDAR” системийн ажиллагааг хөгжүүлж өгсөн байна. ингэснээр робот өөрөө бие даан үйл хөдлөл хийж чаддаг болжээ. Ерөнхий хэлбэр загвар, хийж гүйцэтгэх үйлдэл бүр нь Boston Dynamics компанийн бүтээсэн Spot Mini робот нохойтой төстэй болсон гэж харж болно.
Энэ төрлийн роботын технологийн хөгжил жил өнгөрөх тусам улам төгс хэлбэр лүүгээ орсоор байгааг салбарын мэргэжилтнүүд сайшаан магтаж байна. Цаашид энэ технологийн роботын төхөөрөмж хүмүүс бидэнтэй хөл нийлүүлэн алхах байх гэсэн мөрөөдөл, мөрөөдөл биш харин байж болох үйл явц, хөгжил болон хувирна гэдэгт эргэлзэх хүн одоо үгүй болжээ.
“Cheetah” робот сальто эргэж сурчээ | ||
Үзсэн: 1061 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.