Шууд Chart

ААН-ийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

2019-03-22 09:20:14

УИХ-ын ээлжит бус чуулганы энэ сарын 22-ны үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийн нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан бөгөөд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, М.Билэгт, А.Сүхбат. Н.Оюундарь нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан. 

Дараа  нь уг хуулийн төслийн талаар Байнгын хорооноос дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураав. Тухайлбал, төслийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсгийг “Энэ хуулийн 14.5-д заасны дагуу тооцсон хүүгийн зардлыг хуульд заасан хугацаанд ирээдүйд шилжүүлж тооцохдоо ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч татвар төлөгчийн хувьд энэ хуулийн 26.9-26.13-т заасныг баримтална” гэж, 19.6 дахь хэсгийг “Энэ хуулийн 13.5-д заасны дагуу тооцоход гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохдоо ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч татвар төлөгчийн хувьд энэ хуулийн 26.9-26.13-т заасныг баримтална” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.3 хувь нь дэмжлээ.

Мөн төслийн 15 дугаар зүйлд “15.1.1.Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас санд төвлөрүүлсэн хөрөнгө” гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 80.4 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн хуулийн төслийн 20 дугаар зүйлд 20.2.7 дэх хэсэг “Энэ хуулийн 20.1-д заасныг үл харгалзан энэ хуулийн 18.2, 18.3, 18.4,18.5-д заасан жилийн 300 сая төгрөг хүртэл татвар ногдох орлого олсон, энэ хуулийн 22.1.1-22.1.3-т зааснаас бусад салбарт үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар” гэсэн заалт шинээр нэмэх, үүнтэй уялдуулан “22.1.Жилийн эцсийн татварын тайлангаар энэ хуулийн 18.2, 18.3, 18.4,18.5-д заасан татвар ногдох орлогыг 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй байхаар тайлагнасан, доор дурдсанаас бусад салбарт үйл ажиллагаа явуулдаг энэ хуулийн 20.2.7-д зааснаас бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн энэ хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварыг 90 хувиар хөнгөлнө” гэж, “22.2.Энэ хуулийн 22.1-д заасан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчийн жилийн эцсийн татварын тайлангаар тодорхойлон, энэ хуульд заасан хугацаанд төлсөн албан татвараас буцаан олгох замаар эдлүүлж, мөн хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу буцаан олгоно. Буцаан олголтыг энэ хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3-т заасан хугацааг үл харгалзан жилийн эцсийн тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 хоногийн дотор олгоно” гэж тус тус өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэ

Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, Х.Болорчулуун, Г.Тэмүүлэн нараас хуулийн төслийн 22 дугаар зүйлд 22.5.1, 22.9 дэх хэсэг шинээр нэмэх санал гаргасныг гишүүдийн олонх дэмжив.  Энэхүү 22.5.1 дэх хэсэгт “аймаг, сумын төв нь нийслэл (Улаанбаатар) хотоос 550 км-ээс хол байршилтай тухайн аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, тухайн орон нутагт хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгож (нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан) байгаа энэ хуулийн 5.3.1-д заасан албан татвар төлөгчийн тухайн аймаг, сумын нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас олсон энэ хуулийн 7.4.1-д заасан татвар ноогдох орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл (Улаанбаатар) хотоос 500 км-ээс хол байршилтай аймаг, суманд 90 хувиар” гэж тусгасан байв. Харин дээрх хэсэгтэй уялдуулан 22.9 дэх хэсэгт “ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул хийх, ашиглах, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа, согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, үйлдвэрлэх, худалдах, импортлох, газрын тосны  бүтээгдэхүүн импортлох, эсхүл дамжуулан худалдах, ярианы чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх,  эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч борлуулах, үйлдвэрлэх, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, авто замын байгууламжийг барих, засварлах салбар нь  хамаарахгүй” гэж тусгасан байлаа. 

Үргэлжлүүлэн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслөөс 7 дугаар зүйлийг хасах, төсөлд 9 дүгээр зүйл  буюу “Энэ хуулийн 1, 2, 3, 4, 6 дугаар зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртлэх хугацаанд 2006 оны 06 дугаар сарын 19-ний  өдөр баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Ингээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.


ААН-ийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв  
Үзсэн: 752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй