Шууд Chart

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2019-03-22 09:31:20

УИХ-ын ээлжит бус чуулганы энэ сарын 22-ны үдээс хойших нэгдсэн хуралдааны төгсгөлд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. 

Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29-нд өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2019 оны 03 дугаар сарын 21-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед гишүүдийн олонх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин хийх горимын саналыг дэмжсэн. Иймд Төсвийн байнгын хороо Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.6-д заасныг үндэслэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Хуулийн төслийн талаар санал гараагүй болно гэдгийг дурдсан.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, А.Сүхбат, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, М.Билэгт нар асуулт асууж, санал хэллээ.  Гишүүдийн зүгээс хуулийн төсөлд татварын хувь хэмжээг нэмсэн эсэх, банкин дахь хүүхдийн хадгаламжийн хуримтлалаас татвар авахгүй байх, эсвэл шатлал тогтоох арга хэмжээ авсныг илүүтэй тодруулж байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, “Хувь хүний орлогын албан татварын шинэчилсэн найруулгын төсөлд хүүхдийн хадгаламжийн татварыг тэглэх боломжгүй” гэдгийг онцлоод “Цаашид иргэдийнхээ орлогын мэдээллийн системийн бүртгэлтэй болж, улмаар хүн бүрт дугаар олгох бодлогыг барина. Ингэснээр иргэдийн орлогын түвшинг харгалзан тодорхойлж, бага орлоготой иргэдийн төлсөн татварыг буцаан олгодог олон улсын жишгийг нэвтрүүлнэ” гэж байлаа. Хувь хүний орлогын албан татварын шинэчилсэн найруулгын төслөөр одоо мөрдөгдөж байгаа татварын хувь хэмжээг нэмэгдүүлсэн зүйл, заалт байхгүй гэдгийг Ажлын хэсгийнхэн онцолж байсан. 

Үргэлжлүүлэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Байнгын хорооноос дэмжсэн, дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1.8 дахь хэсгийг “Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого” гэж оршин суугч бус хувь хүний Монгол Улсад байрладаг этгээдэд ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж олсон энэ хуулийн 6.3-т заасан орлого болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.7-д заасан хувь хүнд хамаарах орлогыг” гэж өөрчлөн найруулах ажлын хэсгийн саналыг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Х.Болорчулуун нараас төслийн 23 дугаар зүйлд “нийслэл (Улаанбаатар) хотоос 550 км-ээс хол байршилтай аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн энэ хуульд заасан эцсийн хугацаанд тайлагнаж төлсөн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 550 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 25 хувиар 1000 км- ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар хөнгөлнө” гэсэн хэсэг нэмэх санал гаргасныг  дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн төслийн 26 дугаар зүйлд 26.6 дахь буюу “Албан татвар төлөгч нь Монгол Улсад байрладаг аж ахуйн нэгжид ажиллаж, Монгол Улсад байрладаггүй этгээдээс авсан энэ хуулийн 14, 18 дугаар зүйлд заасан орлогод ногдох албан татварыг дараа сарын 10-ны дотор холбогдох төсөвт төлж, тухайн татварын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ” гэсэн хэсэг нэмэх Ажлын хэсгийн саналыг дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт хуулийн төслийн "8 дугаар зүйлийн 8.3-т малчин өрх, мал бүхий этгээдийн малын ашиг шимээс олдог орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулах” гэснийг хасах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80.4 хувь нь дэмжив.  

Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, төслийн 1, 2, 3, 4, 5 дугаар зүйлийн “2018” гэснийг “2019”  гэж, 3, 5, 6, 7 дугаар зүйлийн “2019” гэснийг “2020” гэж тус тус өөрчлөх,  мөн төсөлд  “Энэ хуулийн 1, 2, 3, 5 дугаар зүйлд заасан татварын харилцааг зохицуулж дуусах хүртлэх хугацаанд 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэсэн 9 дүгээр зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн.

Иймд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.


Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 720 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй