Шууд Chart

Хуулийн төслийг хэлэлцэхийг хэлэлцэхийг дэмжлээ

2019-04-09 16:43:34

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.09) хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  

Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд 2011 онд Улсын Их Хурлаас баталсан Нотариатын тухай хуулийн талаар санал боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төсөлд хэд хэдэн чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Тухайлбал, нотариатын үйл ажиллагааг цахимжуулах, нотариатын шинэ төрлийг хуульчлах, нотариатчдыг  сургах, давтан сургах, тэдний ажиллах хугацаа, насыг тодорхой болгох зэрэг нэмэлт зохицуулалтыг шинээр тусгасан гэж байлаа. 

Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүдийн зүгээс нотариатчдын гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгохтой холбоотой нэхэмжлэлийн дагуу хүлээлгэх хариуцлагыг хуульд тодорхой тусгасан эсэхийг лавлалаа. Мөн нотариатын үйлчилгээний үнэ, тарифыг хэн хаанаас тогтоодог, өмгөөлөгчид нотариатын үйл ажиллагаа давхар эрхэлж байгаа  эсэх, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд нотариатын үйлчилгээг хаанаас авахыг илүүтэй тодруулсан. 

Хуулийн төслийн хүрээнд нотариатчдын хариуцлагын асуудлыг шинэ түвшинд гаргасан. Тухайлбал, нотариатын үйлдэл хийсний дараах үр дагавар, зөрчлийг илрүүлээд хариуцлага тооцох хугацаа нэг жил байдаг нь нотариатчдад сахилгын хариуцлага хүлээлгэх боломжгүй болгодог байсан. Хуулийн төсөлд энэ хугацааг хоёр жил болгосон. Түүнчлэн зөрчил гаргасан нотариатчинд сануулах, үйл ажиллагааг нь тодорхой хугацаанд зогсоох, эрхийг нь хүчингүй болгох заалтууд оруулж ирсэн. Мөн одоо мөрдөгдөж байгаа хуульд ч, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ч өмгөөлөгч нотариатын үйлчилгээ эрхлэхийг хориглосон. Нотариатын үйлчилгээний үнэ тарифыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталдаг. Энэ дагуу нотариатын үйлчилгээний үнийн дээд хэмжээ нь 300 мянган төгрөг хүртэл байгаа. Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар бүрд аль нэг дипломат ажилтанд нь нотариатын үүрэг эрхлэх давхар эрхийг ХЗДХЯ-аас олгодог. Өөрөөр хэлбэл, дипломат төлөөлөгчийн газар бүрд нотариатын үүрэг гүйцэтгэгч байгаа гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн хариулж байлаа.

 Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.


Хуулийн төслийг хэлэлцэхийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 710 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй