
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл -ийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.
Дэлхийн шуудан холбоо (ДШХ) нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай нөхцөл бий болгох үүднээс шуудангийн салбарын үйл ажиллагааг зохион байгуулах, боловсронгуй болгон хөгжүүлэх, шуудангийн салбарт техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий НҮБ-ын төрөлжсөн агентлаг юм. Өнөөгийн байдлаар тус холбоонд 192 орон гишүүнээр нэгдээд байгаа бөгөөд манай улс 1963 онд бүрэн эрхт гишүүнээр элссэн аж.
ДШХ-ны Бүрэн эрхт төлөөлөгчдийн их хурал 4 жил тутамд хуралдаж холбооны дүрэмд оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн баталдаг агаад уг өөрчлөлтүүдийг гишүүн орнууд дотооддоо хууль болгож батламжилдаг байна.
Монгол Улс анх 1964 онд Австрийн Вена хотноо болсон их хурлаас хэлэлцэн баталсан ДШХ-ны дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсныг 1968 онд БНМАУ- ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар соёрхон баталжээ. Улмаар 2003 онд уг дүрмийн 3, 4, 5, 6 дугаар нэмэлт протоколыг, 2006 онд 7 дугаар нэмэлт протоколыг, 2011 онд 8 дугаар нэмэлт протоколыг Улсын Их Хурлаас тус тус соёрхон баталсан байна.
ДШХ-ны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит 26 дугаар их хурал 2016 оны 9 дүгээр сард Туркийн Истанбул хотноо хуралдаж, холбогдох баримт бичгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь дүрмийн 9 дүгээр нэмэлт протокол юм. Иймээс Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу ДШХ-ны дүрмийн 9 дүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.
Манай улс тус холбоонд элссэнээс хойшхи хугацаанд хүлээсэн үүргээ тасралтгүй биелүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, бүс нутгийн болон олон улсын түвшинд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Тухайлбал, тус холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2003 оноос “Олон талт" төслийг хэрэгжүүлсний зэрэгцээ Шуудангийн тухай хуулийн төслийг боловсруулах, салбарын боловсон хүчнийг сургах, чадавхижуулах зорилгоор Дэлхийн шуудан холбооны зөвлөх мэргэжилтнүүдийг урьж ажиллуулсан. Мөн тус холбооны зардлаар олон улсын хурал, зөвлөгөөн, богино хугацааны сургалт, семинарт дотоодын мэргэжилтнүүдээ хамруулдаг болсныг төсөл санаачлагч дурдав.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, А.Ундраа нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд хуулийн төслийг соёрхон батлахтай холбогдуулж гишүүдээс санал гарсангүй. Иймээс Дэлхийн шуудан холбооны дүрмийн 9 дүгээр нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжих санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжлээ.
Нэмэлт протоколыг соёрхон батлах хуулийн төслийг дэмжив | ||
Үзсэн: 1456 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.