Шууд Chart

Хуулийн төсөл өргөн барилаа

2019-04-11 16:42:08

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өөрийн санаачлан боловсруулсан “Орон сууц,  гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

1996 онд Орон сууц хувьчлах тухай батлагдаж, нийтийн зориулалттай орон сууцны байр, байшин, түүнд ногдох дундын өмчлөлийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй хувьчилж, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний үйл ажиллагааг эрхлэн хариуцах үүрэг бүхий Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдан, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлж, улмаар 2003 онд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль батлагдан хэрэгжиж байна.

Сууц өмчлөгчдийн холбоо 1997  оноос  байгуулагдаж  эхэлсэн  ба  2015  оны IV улирлын байдлаар 1022 СӨХ үйл ажиллагаа явуулж байгаагаас нийслэлд 881, орон нутагт  141  байна.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-дод  нийт 153 312 орон сууц бүхий 2368 байр хамрагддаг бол орон нутагт 42267 орон сууц бүхий 1009 байр хамрагддаг байна.

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи  16 жилийн хугацаанд  үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсээр ирсэн боловч хуулийн зохицуулалтыг бүхэлд нь шинэчлэх шаардлага байсаар байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үндсэн эрх болох эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь баталгаажих, холбооны зохион байгуулалт, бүтэц, бүрэлдэхүүний тогтолцоо, эрх хэмжээг хуулийн хүрээнд зохицуулах, зорилт, үйл ажиллагааны үндсэн чиглэл нь тодорхой болох, төрийн ба төрийн бус байгууллага, сууц өмчлөгч, нийтийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага хоорондын харилцааг зохицуулах, орон сууц дахь нийтийн өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалт, бүртгэл, засвартай холбоотой харилцааг шинэчлэн зохицуулах ач холбогдолтой” гэж хууль санаачлагч үзэж байна.


Хуулийн төсөл өргөн барилаа  
Үзсэн: 1398 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй