
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.04.12) нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нарын 11 гишүүний санаачилж, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулсан юм.
Хуулийн төсөл санаачилсан УИХ-ын гишүүд өөрийн тойргийн зарим сонгогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор 1990 оны Тэтгэврийн хуулиар хүүхдийн тоогоор хөдөлмөрийн насандаа эрт тэтгэвэрт гарсан эхчүүдийн судалгааг Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулж үзэхэд тэр үед энэ нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс үлдсэн, одоо үргэлжлүүлэн тэтгэврээ авч байгаа хүмүүс 2018 оны тэтгэврийн дундаж хэмжээнд хүрэхгүй хэмжээтэй тэтгэвэр авч байгаа аж.
1990 оны Тэтгэврийн хуульд заасан эхчүүдийн насны тэтгэвэр эрт тогтоолгох эрх нь тэднийг нас ахих үед ажилгүйдэлд өртөж, ажилгүй болохоос хамгаалах сайн талтай ч 35-45 насандаа тэтгэвэрт гарсан тул хөдөлмөр хийж олох байсан илүү орлогоо алдсанаас ар гэрийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, хүүхэд төрүүлсэн нөхцөлд хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдох, нийгмийн баталгаа нь алдагдах, хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөр нь үнэлэгдэхгүй үлдэх сөрөг тал их байжээ. Судалгаанаас үзэхэд 1991 онд 288.5 мянган хүн тэтгэвэр авч байсан бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 45,9 хувь нь буюу 132.4 мянган хүн наснаасаа эрт тэтгэвэр тогтоолгосны дотор 83,3 мянган хүн буюу 62,9 хувь нь эмэгтэйчүүд байжээ.
Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-ын 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн “Хүн амын нийгмийн хамгааллын талаар авах арга хэмжээний тухай” 5 дугаар тогтоолоор 1995 оноос өмнө Тэтгэврийн хуулиар насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэврийн насны болзол, нөхцөлийг хангаагүй 44,4 мянган иргэдийн тэтгэврийг түдгэлзүүлж, авч байгаа тэтгэвэр, нөхвөрийн нийлбэрийн хэмжээтэй тэнцэх “нөхөн олговор"-ыг тэдний өндөр насны тэтгэврийн эрх үүсэх хүртэлх хугацаанд хөдөлмөр зохицуулалтын албадаар дамжуулан сар бүр олгох шийдвэрийг гаргасан. Үүнээс хойш 2017 он гэхэд дээр дурдсан 44,4 мянган иргэн өндөр насны тэтгэврийн насанд хүрснээр нийгмийн даатгалын тэтгэвэрт бүрэн шилжиж дуусчээ.
Эдгээр иргэдээс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 21,3 мянган иргэн Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд эдгээрийн 15,4 мянга буюу 72,3 хувь нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 4 мянга буюу 18,9 хувь нь 27 жил ажиллан нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд, 1,8 мянга буюу 8,7 хувь нь 32 жил ажиллан 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд юм. 1997 оны 2 дугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 18,6 мянга буюу 87,5 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэвэр 342,8 мянган төгрөгөөс бага тэтгэвэр авч байгаа юм байна.
Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, өнөөгийн нөхцөлд буюу тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэж олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэний үндсэн дээр нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
Мөн уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ц.Мөнх-Оргил, Л.Мөнхбаатар нар үдээс өмнөх нэгдсэн хуралдаан дээр хууль санаачлагч болон Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нараас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.
Нийгмийн даатгалын газраас 2018 оны эхний хагаст гаргасан танилцуулгаас үзэхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эхчүүдээс 3.6 мянга нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ /280,0 мянган төгрөг/-ний, 7,6 мянга нь 280,0-300 мянган төгрөгийн хооронд тэтгэвэр авч байгаа нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд хамгийн бага тэтгэвэр авч байгааг харуулж байгаа. Иймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн асуудлыг тухайлан авч үзэж, тэтгэврийн дундаж хэмжээнд ядахдаа хүргэх үүднээс хуулийн төслийг санаачилсан. Холбогдох судалгаа, тооцооноос үзэхэд хуулийн төслийн зохицуулалтад хамаарах нэг хүнд дунджаар 50 мянгаас 70 мянган төгрөг нэмж олгохоор байгаа гэдгийг төсөл санаачлагч хариултдаа дурдлаа.
Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үдээс хойш үргэлжлүүлнэ | ||
Үзсэн: 1117 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.