Шууд Chart

Эквадор улс руу чиглэсэн кибер халдлагын 40 гаруй сая тохиолдол бүртгэгджээ

2019-04-16 13:00:43

Эквадор улс “Викиликс”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийн орогнолыг цуцалснаас хойш тус улсад кибер халдлагын 40 гаруй сая тохиолдол бүртгэгджээ. Энэ талаар Өмнөд Америкийн энэ улсын Харилцаа холбоо, олон нийтийн мэдээллийн асуудал эрхэлсэн яамнаас даваа гарагт мэдээлсэн байна.

“Дөрөвдүгээр сарын 11-ний үдээс хойш гэхэд Эквадор улс кибер халдлагын тоогоороо 51 дүгээр байраас шууд 31 дүгээр байр руу урагшилсан” гэж Харилцаа холбооны дэд сайд Патрисио Реаля мэдэгджээ.

Хакеруудын халдлагад Гадаад хэргийн яам, Төв банк, Ерөнхийлөгчийн засаг захиргаа, Дотоод хэргийн яам, түүнчлэн хэд хэдэн том байгууллага, их сургууль өртсөн байна. Эквадор улсад олон орноос энэ халдлагад туслах санал ирсэн гэнэ. “Гэхдээ одоогийн байдлаар тусламжийн саналаас нэгийг нь ч хүлээн аваагүй. Яагаад гэвэл компьютерын хамгаалалт хангалттай түвшинд байгаа” гэж яамны мэдэгдэлд онцолжээ.

Жулиан Ассанж нь АНУ болон бусад улс орнуудын Засгийн газрын үйл ажиллагааны тухай нууц мэдээлэл нийтэлдэг “Викиликс” порталыг 2006 онд байгуулсан. Харин Шведэд хүчирхийллийн хэргээр шалгагдаж байсан тул Лондон дахь Эквадор улсын Элчин сайдын яаманд нуугдаж, долоон жилийн турш тэндээ бүгсэн юм. Харин Эквадор улс энэ сарын 11-нд түүнийг орогнолыг цуцалснаар Лондоны шүүхээс түүнийг 2012 оны хүсэлтээрээ саатуулжээ.

“Викиликс”-ийг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж өөрийг нь АНУ-д шилжүүлбэл 35 жил хүртэл хорих буюу цаазалж болзошгүй гэж эмээж байна. Гэхдээ АНУ-ын Хууль зүйн яамнаас түүнийг хакерын үйл ажиллагаа явуулсан хэргээр таван жилээр хорино гэж мэдэгдээд байна.


Эквадор улс руу чиглэсэн кибер халдлагын 40 гаруй сая тохиолдол бүртгэгджээ  
Үзсэн: 1182 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй